Хэнд нь хариуцлага тооцох ёстой вэ

Хэнд нь хариуцлага тооцох ёстой вэ

Хүний амьдрал баян, улс орны асуудал ч ундарч дуусдаггүй нь үнэн. Тэгвэл асуудал гарсан үед хүн бүхэн л тухайн асуудлыг хариуцсан хүмүүст “Хариуцлага тооцооч” гэж хэлдэг. Гэвч үнэндээ хэн нэгэн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцсон талаар мэдээлэл бараг л байдаггүй гэвэл хилсдүүлсэн болохгүй. Төрийн албан хаагч өөрийгөө шатааж, хүүхдүүд хоолны хордлогоос болж алтан амиа алдаж байхад хэн хариуцлага хүлээв. Сайн дураараа албан тушаалаасаа огцоръё гэж хэн ч хэлээгүй. Гэтэл дэлхийн бусад улс оронд хариуцсан салбарт нь ямар нэг асуудал гарсан л бол тухайн асуудлыг хариуцсан ямар ч өндөр албан тушаалтан асуудалгүй албан тушаалаа өгч, сайн дураараа огцордог. Тиймээс “Монголын мэдээ” сонин энэ удаагийнхаа дугаараас эхлэн “Хариуцлага хаана алдагдав” буланг нээж байна. Хамгийн эхний дугаартаа бид төрийн албан хаагч өөрийгөө шатаасан хэрэг болон нэг хүүхэд  хоолны хордлогоос болж, алтан амиа алдсан асуудлыг онцолж, энэ асуудлыг хариуцсан хүмүүсийн хэнд нь хариуцлага тооцох ёстойг асууж байна.

Төрийн албан хаагч өөрийгөө шатаав

Баримт 1: Төрийн албанд 28 жил ажилласан туршлагатай  эмэгтэй ажлаасаа халагдсан шалтгаанаар амиа хорложээ

Завхан аймгийн Идэр суманд 50 орчим насны эмэгтэй өөрийгөө галдан шатаасан хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан билээ. Талийгаач Тэгшжаргал сумын төрийн сангийн мэргэжилтэн байсан бөгөөд түүнийг гуравдугаар сарын 14-нд ажлаас нь халсан байдаг. Үүнээс үүдэн тэрээр амиа хорложээ. Тэрээр төрийн албанд 28 жил ажиллаад, 2015 оноос Төрийн сангийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдсон нэгэн аж.

Харин Завхан аймгийн Идэр сумын Төрийн сангийн мэргэжилтэн сонгох сонгон шалгаруулалтыг 2015 оны дөрөвдүгээр сард зохион байгуулсан бөгөөд тус шалгалтад гурван хүн өрсөлджээ. Тэднээс хамгийн өндөр оноо болох 73-ыг Н.Нямжав, Б.Одхүү 70, харин талийгаач С.Т 65.67 оноо авсан байна. Гэтэл Идэр сумын хуучин Засаг дарга Ч.Мөнххүрэл төрийн албаны шийдвэр, Төрийн албаны тухай хуулийг зөрчин 2015 онд талийгаач С.Т-г Төрийн албаны асуудал эрхэлсэн мэргэжилтнээр томилсон байна. Үнэн хэрэгтээ Төрийн албаны тухай хуулиар төрийн албаны мэргэшсэн шалгалтад хамгийн өндөр оноо авсан хүнийг томилох хуулийн заалттай байдаг. Тиймээс төрийн албаны шалгалтад өндөр оноо авсан Н.Нямжав сумынхаа удирдлагад удаа дараа гомдол гаргасан боловч авч хэлэлцээгүй учраас аймгийн удирдлагад хандан 2016 оны арванхоёрдугаар сард  гомдол гаргажээ. Уг гомдолд “Н.Нямжав нь 2015 оны дөрөвдүгээр сард зохион байгуулагдсан мэргэжлийн шалгалтад орж, Идэр сумын төрийн сангийн мэргэжилтний ажлын байранд өрсөлдөн хамгийн өндөр оноо авч, Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 90 дүгээр тогтоолын наймдугаар хавсралтаар тухайн албан тушаалд нэр дэвшсэн. Иймд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, Төрийн албаны зөвлөлийн 2015 оны  90 дүгээр тогтоолын дагуу тухайн ажлын байранд томилон ажиллуулах шийдвэр гаргаж, хариу ирүүлнэ үү” хэмээн Завхан аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлжээ. Тиймээс Завхан аймгийн Төрийн албаны салбар зөвлөл хамгийн өндөр оноо авсан Н.Нямжавыг Идэр сумын төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалд нэр дэвшүүлэх  шийдвэр гаргасан байна.  

Төрийн албаны тухай хуулийн 17.3-т “Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ” гэж заасан байна. Харин ар гэрийнхэн нь талийгаач С.Т-г ажлаасаа хууль бусаар халагдсанаас болж амиа хорлосон гэж үзэж байгаа гэнэ билээ. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, амиа хорлох болсон шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа юм байна.

Дотуур байрны хүүхдүүд хордлогод орж, нэг нь нас барав

Баримт 1: Нас барсан хүү гурван шатны эмнэлэг дамжжээ

Төв аймгийн Батсүмбэр сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд амьдарч байсан гурван хүүхэд  хоолны хордлогод орж, нэг нь нас барсан. Хүүхдүүд нэг гэр бүлийнх бөгөөд бага нь зургаа, дундах нь ес,  том нь дунд ангийн сурагч байжээ. Одоогоор Халдварт өвчин судлалын үндэсний төвд зургаа болон 11 настай хүү эмчилгээ хийлгэж байгаа бол есөн настай дунд хүү нь шат шатны эмнэлгийн байгууллагаар дамжсаар амьсгал хураажээ. Тэдэнд өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт гүйлгэж, бөөлжих шинж тэмдэг илэрсэн байна. Тухайн үед сургуулийн эмч нь үзлэг хийгээд хоолны хордлого байж магадгүй хэмээн оношилсон хэдий ч, шууд эмчилгээ хийлгүй харьяаллынхаа эмнэлэгт очиж үзүүлэхийг зөвлөжээ. Ингээд Төв аймгийн Батсүмбэр сумаас ээж нь хордлоготой гурван хүүхдээ дагуулан нийслэлд ирж,  Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн яаралтай тусламжийн эмч нарт хүүхдүүдээ үзүүлсэн ч, халдварт өвчин туссан байж болзошгүй гэж оношлон ХӨСҮТ-рүү явахыг зөвлөж. Гэвч ээж нь тэр даруй эмнэлэгрүү явалгүй гэртээ очин эмнэлэгт хэрэг болох зүйлсээ бэлтгээд аавыгаа дуудан машинаар нь ХӨСҮТ явах замд хүү нь татаж унажээ. Ингээд хамгийн ойрхон байсан Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт очсон хэдий ч, удалгүй нас барсан байна.

Баримт 2: Дүүргийн эмнэлэг хросол л уулгажээ

Болсон үйл явцын талаар талийгаач хүүгийн ээж ярилцлага өгсөн бөгөөд тэрбээр  “Эхний хүүхэд 20:35 цагт үзүүлсэн. Би 17:00 цаг өнгөрөөж эмнэлэг дээр очсон. Оочерлож байгаад үзүүлсэн. Миний талийгаач хүүхэд 20:41 цагт үзүүлсэн. Халуун нь өндөр байсан. Дараагийн хүүхэд Амарбаясгалан 20:37 цагт үзүүлсэн. Эмнэлэгт миний хүүхдүүдэд хоросол л уулгасан. Хросол уулгаад цаад өрөөндөө байлгасан. Халуун бууруулах эм тариа юу ч хэрэглээгүй. 23 цаг 40 минутын үед би эмнэлгээс гарсан. Арвин гэж эмч бичиг хийж “Энэ бичгийг аваад одоо Халдварт яв. Халдварт авахгүй, хөөсөн ч хүүхдийн эмнэлэгт бид нарыг авахгүй” гэсэн гэж хэлээд суугаад байгаарай гэж хэлсэн. Би энэ бичгийг аваад хүүхдээ гэрт нь аваачаад, эмнэлэгт хэвтэх юмнуудаа бэлдээд, аавыгаа дуудсан. Машинтай эмнэлэг рүү явах үед миний хүүхэд татаж унасан. Хамгийн ойрхноор нь дахиад Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт ирсэн. Эмнэлэгт ирээд хүчилтөрөгч залгасан. Хүчилтөрөгч залгаад тариа хийх нь хийсэн тэр үед. Миний хүү хүчилтөрөгчтэйгээ байх үедээ сайхан байсан. Царай зүс, хацарт нь хүртэл туяа буугаад сайхан байсан. Тэгсэн чинь нэг сувилагч хүчилтөрөгчийн аппаратыг салгаад хуруунд нь юм зүүсэн. Эхлээд баруун гарт нь зүүсэн. Гэвч тэгшхэн зураас гараад ирэнгүүт аваад нөгөө талд нь залгасан. Тэр хооронд миний хүү хоёр удаа хоолойгоо татсан. Тэр үед л өнгөрсөн юм байна лээ. Би мэдээгүй. Дараа нь сэхээн амьдрах өрөө рүү оруулаад, хоолой ам руу нь юм хийгээд. Хамар ам руу нь юм хийгээд. Миний хүү сэргээгүй ээ” хэмээн ярьжээ.  Одоогоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-ийн хамтарсан баг Батсүмбэр сумын сургуулийн дотуур байрны гал тогоо болон бусад газраас дээж авч, шинжилгээ хийж байгаа аж. Хүүхдүүд дотуур байрны хоолноос хордсон эсэхийг мэргэжлийн байгууллага нь тогтоох биз ээ. Харин биеийн байдал нь хүндэрч, 30 цагийн турш өвчиндөө шаналж байсан өвчтэй хүүхэд амь насаараа хохирсон явдалд хэн хариуцлага хүлээх вэ.  Нэгээс нэг рүү “хөөх” сумын эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг, эсвэл тогтолцоо нь тэр чигтээ буруу салбар яам  хариуцлага хүлээх үү.

  1. Төв аймгийн Батсүмбэр сумын эмнэлэг
  2. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг
  3. Эрүүл мэндийн яам

Баримт 2: Төрийн албаны шалгалтад өндөр оноо авсан хүн тухайн ондоо томилогдоогүй

Төрийн албаны сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан хүн нь ажилд томилогдож чадалгүй хоёр жил болж, эцэст нь ажилд ортол чөлөөлөгдсөн хүн нь амиа хорлосон. Гэтэл Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалт явуулдаг атлаа үр дүнд нь хяналт тавьдаг эсэх нь анхаарал татаж байгаа юм. Энэ асуултад Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо “Хуулиараа бол сонгон шалгаруулалт явуулаад хамгийн өндөр оноо авсан, хүнийг тухайн албан тушаалд томилохоор санал болгоно. Сонгон шалгаруулалтад орсон иргэн 60-аас дээш хувийн босго авсан нөхцөлд тухайн албан тушаалд томилогдож болох хүний нөөцөд ордог. Хууль нь тийм. Завхан аймгийн хувьд 2015 онд сонгон шалгаруулалт явсан. Засгийн газрын 351 дүгээр тогтоол гараад төрийн үйлчилгээний албаны ангилалд хамаарч байсан санхүүгийн ажилтныг төрийн захиргааны албан хаагчийн ангилал зэрэгт хамруулсан юм. Ийм ангилалд хамруулах болсон учраас санхүүгийн ажилтнууд төрийн албаны шалгалт өгөх шаардлагатай болсон. Завхан аймгийн хувьд бүх сумдад нь 2015 оны дөрөвдүгээр сард шалгалт зохион байгуулсан. Идэр сумаас гурван хүн шалгалтад ороод босго оноогоо давж нөөцөд бүртгэгдсэн. Хамгийн өндөр оноог Н.Нямжав гэж иргэн авсан байдаг. Гэсэн ч тухайн ондоо албан тушаалд томилогдоогүй. Томилогдоогүй тухай гомдлоо тухайн үед Завхан аймгийн Төрийн албаны салбар зөвлөл болоод Төрийн албаны  зөвлөлд огт мэдэгдээгүй. Зөвхөн сумынхаа удирдлагад гомдол мэдүүлсэн. Тухайн үеийн сумын Засаг дарга нь Н.Нямжавыг ажилд аваагүй шалтгаанаа “Чи ашиг сонирхлын зөрчилтэй учраас томилж чадахгүй” гэж хэлсэн байдаг. Н.Нямжавыг төрийн сангийн мэргэжилтнээр томилоход Ашиг сонирхлын зөрчилтэй байсан байж болно. Түүнийгээ мэргэжлийн байгууллагаар тогтоолгох ёстой. Авлигатай тэмцэх газар “Энэ хүнийг тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил байна уу, үгүй юу” гэдгийг тогтоодог. Гэтэл тухайн үеийн Идэр сумын Засаг дарга нь албан ёсоор тогтоолгоогүй хэрнээ Н.Нямжавыг ажилд нь томилоогүй. сум дотроо зөрчил гаргаад хоёр жил өнгөрсөн. Харин 2016 онд аймгийнхаа салбар зөвлөлд энэ талаар өргөдөл гаргаад салбар зөвлөл хянаж үзээд “Хамгийн өндөр оноо авсан хүнийг ажилд томилох ёстой , хууль хэрэгжүүл” гээд сумын Засаг даргын Тамгын газарт бичиг хийж өгсөн. Сум нь тэр хүнийг ажлаас чөлөөлөөд өндөр оноо авсан хүнийг томилсон юм байна. Зохих байгууллага нь хянаж байгаа, учир шалтгааныг нь нарийн тогтооно. Төрийн албаны зөвлөл холбогдох мэдээллийг авч байгаа” гэжээ.  Б.Цогоо даргын ярьснаар бол Ч.Мөнххүрэл гэдэг Засаг дарга зүгээр л үзэмжээр шийдвэр гаргачихсан нь харагдаад байгаа юм. Нөгөө талаар Н.Нямжав гэдэг хүн Завхан аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд яг гомдлоо гаргаагүй юу. Гаргасан ч гэсэн Д.Түвшинжаргал гэдэг нөхөр намчирхаад, гомдлыг нь Төрийн албаны зөвлөлд явуулаагүй нуусан юм биш биз гэсэн хардлага ч бас байна. Ямар ч байсан төрийн албаны энэ мэт ойлгомжгүй үйл явцын улмаас нэг хүн амиа алдаж, хоёр хүүхэд өнчирч үлдлээ. Энэ асуудалд хэн хариуцлага хүлээх вэ.

Хариуцлага тооцож болдог юм байна

Дотуур байрт гал гарч, 40 сурагч нас барлаа

Баримт 1: Хүүхэд хамгааллын байр “там” гэдгийг оршин суугчид мэддэг байжээ

2017.03.08: Энэ оны гуравдугаар сарын 8-нд буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр 40 орчим өсвөр насны охин нэг дор амьдаараа шатаж нас баржээ. Гватемала улсын нийслэл Гватемала хотоос зүүн урагш 25 км-т байрлах Сан Жосе Пинула дахь төрийн өмчийн Виржин де Асуншин гэх хүүхэд хамгааллын байранд гал гарсны улмаас 35 охин амиа алджээ.  Гал гарах үед тухайн төвд орон гэрээсээ дайжин зугатсан 60 гаруй хүүхдүүд байсан аж.

Тус төвийнхөн тэдэнд хатуу ширүүн хандаж, муу хооллож байгааг эсэргүүцэн хүүхдүүд бужигнаан үүсгэсэн бөгөөд эсэргүүцлийн хэлбэр болгож хөнжил гудсаа шатааснаас гал гарсан байж болзошгүй гэж урьдчилан таамаглаж байгаа гэнэ. Гэхдээ одоогоор галын шалтгааныг хараахан тогтоогоогүй байна.  Нас барсан хохирогчид 14-17 насныхан байжээ. Гал гарсны дараа гэмтэж бэртсэн хохирогчдыг хүргэсэн эмнэлгийн эмч нар ч урьд өмнө нь үүсч байгаагүй нөхцөл байдалд орсноо ярьж байжээ. Тодруулбал, Сан Жуан де Диос гэх эмнэлгийн дарга Хуан Антонио Вилледа “Би эрүүл мэндийн салбарт 29 жил ажиллаж байна. Гэвч, анх удаа л ийм өр өвтгөм нөхцөл байдалтай туллаа” гэж өгүүлсэн байна.

Мөн гал гарсан байрны ойролцоо амьдардаг нэг эмэгтэй үймээн самуун үүсгэж буй охидыг харснаа гэрчилжээ. Түүний ярьснаар охид багш нар болон цагдаа нар руу чулуу шидэн, бархиран хашгирч байсан гэнэ. Тэд “Биднийг энд, хүн бүрийн нүдэн дээр хүчиндээч. Алив ээ, та нар хүсч байгаа бол ахиад биднийг энд хүчиндээдэх” хэмээн хашгирч байжээ. Охид тэдэнтэй зүй бусаар харьцсан хүмүүсийн эсрэг бослого гаргасан нь энэ аж. Ерөнхийдөө хүүхэд хамгааллын байртай ойр амьдардаг бүх хүн л гал гарсан барилга тэр чигтээ там гэдгийг мэддэг байжээ.  2013 онд гэхэд л сургуулийн хэд хэдэн албан тушаалтан бэлгийн хүчирхийлэлд буруутгагдаж байсан гэнэ.
БНСУ-ын анхны эмэгтэй ерөнхийлөгч огцорлоо

Баримт 1: Пак Гын Хе хугацаанаасаа өмнө суудлаасаа буув

БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч хэмээн дэлхий дахинаа танигдсан Пак Гын Хе найзыгаа улс төрийн үйл хэрэгтээ хөндлөнгөөс оролцуулсан гэх дуулианд нэр холбогдож,  тус улсын анхны “Гэмт хэргийн сэжигтэн Ерөнхийлөгч” болоод буй билээ.

Эцэг, эхээ цаг бусаар алдсан хүнд хэцүү цаг үед нь түшиг тулгуур болж явсан гэх түүний дотны найз Чой Сун Шил Ерөнхийлөгчтэй дотно байдлаа ашиглан өөрийн байгуулсан соёл, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сандаа томоохон корпорациудаас их хэмжээний мөнгийг хандив нэрийдлээр төвлөрүүлсэн нь ил болж, саатуулагдаад буй. Авлигын хэргийн дуулиан дэгдэж эхэлмэгц  сэжигтний компьютерээс Пак Гын Хе Ерөнхийлөгчийн түүн рүү илгээсэн улс төрийн чанартай нууц материалууд  олдсон байдаг. Ингэснээр Ерөнхийлөгч Чой Сун Шил гэгчийн утсан хүүхэлдэй төдий байж ирсэн нь ийм хэмжээний хөрөнгийн авлига авах нөхцлийг бүрдүүллээ гэх шүүмжлэл ч нийгэмд хүчээ авч эхэлсэн билээ.  Ерөнхийлөгч өөрөө ч гурван удаа ард түмэндээ хандсан мэдэгдэл хийж, хэлэх үгээ найзаараа засварлуулж байснаа хүлээн толгой гудайлган өршөөл хүссэний зэрэгцээ шаардлагатай тохиолдолд байцаалт өгнө гэдгээ илэрхийлсэн. 

Өмнөд Солонгосын прокурорын байгууллагаас Ерөнхийлөгч Пак Гын Хегийн туслахаар ажиллаж байсан иргэнийг /2016.11.04/ баривчилжээ. Прокурорууд Ерөнхийлөгчийн нарийн бичиг байсан Жон Хо Соныг саатуулсан гэдгээ олон нийтэд мэдэгдсэн байна.

Түүнчлэн үүний өмнө прокурорууд Пак Гын Хегийн туслах байсан Ан Жон Бомыг саатуулж, түүнийг албан ёсоор баривчлах хүсэлтийг шүүхэд гаргаад буй юм. Ан Жон Бомыг Ерөнхийлөгчийн тамгын газрын шууд бус оролцоотойгоор байгуулагдсан хоёр санд мөнгө хандивлуулахын тулд Чой Сүн Шилтэй хуйвалдан компаниудыг дарамталдаг байсан гэх хэрэгт буруутгагджээ. Улмаар парламент түүнд итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураах ихэнх нь эсрэг хариулт өгсөн бол Үндсэн хуулийн цэц мөн парламентын шийдвэрийг дэмжсэнээр Пак суудлаасаа огцорч, Хөх ордныг орхисон. Харин эдүгээ авлига, төрийн нууц задруулсан зэрэг 13 төрлийн хэрэгт буруутгагдан саатуулах байранд хоригдож буй бөгөөд прокурорууд яллах дүгнэлт үйлдсэн гэх мэдээлэл бий.

Баримт 2: Амиа алдсан охидыг өрөөнд түгжсэн байж болзошгүй

2017.03.14: Өсвөр насны 35 охин нэг дор шатаж амиа алдсан хэргийн дараа Гватемалын хүний эрхийн байгууллага мэдэгдэл хийж,  хүүхэд хамгааллын байранд гал гарах үед охидыг өрөөнд  түгжсэн байсан байх магадлал өндөртэйг онцолжээ.

Тэдний үзэж буйгаар гуравдугаар сарын 7-нд багш нарынхаа зүй бус авирыг эсэргүүцэн бослого гаргаж, оргохыг завдсан охидуудын тэмцлийг хүчээр намжааж улмаар охидыг зугтахаас нь сэргийх зорилгоор жижиг өрөөнд оруулан түгжсэн байж болзошгүй аж. Хүний эрхийн хуульч Хилда Моралес “Нэг өрөөнд 52 охин байсан. Хэн нэгэн хаалгануудыг түгжсэнээс үр дагавар нь маш ноцтой гарсан” гэж хэлжээ.

Мөн 23 охин эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Зарим албаныхан үлдсэн хүүхдүүдийг өөр байгууллага руу шилжүүлсэн гэх мэдээлэл бий. Тус хамгааллын байранд өнчин, гэр бүл нь ядуу зүдүү, байнгын хүчирхийлэл дарамтад өртдөг хүүхдүүд ихэвчлэн амьдардаг аж. Түүнчлэн, зарим хэвлэлд тус байранд нийтдээ 500 гаруй хүүхэд амьдарч байсан тухай мэдээлсэн байна. Тэгвэл хэрэг гарснаас зургаа хоногийн дараа буюу гуравдугаар сарын 14-нд тус улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нас барсан охидын үхэлд хариуцлага хүлээн албан тушаалаасаа огцорч буйгаа зарласан юм. Карлос Родас гуравдугаар сарын 13-нд Ерөнхийлөгч Жимми Моралест огцрох хүсэлтээ гаргасан бөгөөд Ерөнхийлөгч нь ч хүлээн авчээ. Нийгмийн хамгааллын сайд мэдэгдэл хийхдээ “Уг нь би аль эрт огцрох байсан юм. Гэхдээ нэн тэргүүнд галаас амьд үлдсэн хүүхдүүдэд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж, өөр тусламжийн байрууд руу нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байлаа” гэж ярьжээ.

Түүнчлэн, Нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Анахи Келлер, төрийн өмчит хүүхэд хамгааллын байрны захирал Сантос Торрес ч мөн албан тушаалаасаа огцорч, салбарын сайдын хамт хүн амины хэрэг, албан үүрэгтээ хайнга хандсан, насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн зэрэг үндэслэлээр буруутгагдан саатуулагдсан байна.

Баримт 2: Пакийн шадар туслахууд сайн дураараа огцорлоо

БНСУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газраас /2016.10.30/ мэдээлснээр Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн Шадар туслах гурван хүн өөрсдийн сайн дураар огцорсон байна. Тэд  Пак Гын Хэгийн удирдлага дор удаан хугацааны турш ажилласан хүмүүс  бөгөөд төрийн нууцыг найздаа задруулсан Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн үйлдлийн өмнө өөрсдөө ч буруутай гэж үзсэн учраас сайн дураараа огцрох болсон гэнэ.

Чой Сүн Шил /2016.10.30/ ХБНГУ-аас Сөүлд байдлыг намжаах зорилготойгоор сайн дураараа хүрэлцэн очсон  боловч тэрбээр ерөнхийлөгчийн нэр нөлөө, эрх ямбыг зүй бусаар ашигласан хэмээн буруутгагдаж байна.  Харин энэ үеэр Пак Гын Хэгийн шадар туслахууд огцрох өргөдлөө хэдийнэ өгсөн байжээ. Чойгийн аав нь бөө мөргөлийн зан үйл хийдэг “Мөнхийн амьдралын сүм” хэмээх шашны байгууллагын тэргүүн байсан бөгөөд Пак Гын Хэг ерөнхийлөгч байх хугацаанд 70 сая ам.долларыг тус улсын хамгийн том компаниудаас авсан аж. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр  шуугиж буйгаар Чой нь Пак Гын Хэгийн шийдвэр гаргах үйл явцад оролцоод зогсохгүй хэлэх үг, өмсөх хувцсыг нь хүртэл сонгож өгдөг байсан гэв.Түүнчлэн, БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гын Хегийн найз Чой Сун Шилийг улс төрийн үйл хэрэгт хөндлөнгөөс оролцуулсан гэх үндэслэлээр Хөх ордны хоёр ч томоохон албан тушаалтан  суудлаасаа буужээ. Тодруулбал, тус улсын Хууль зүйн сайд Ким Хён Үн   болон Ерөнхийлөгчийн тамгын газрын олон нийтийн асуудал эрхэлсэн ерөнхий нарийн бичгийн дарга  Чой Жэ Гён нар Ерөнхийлөгчийн найзтай холбоотой хэргийн дуулианаас үүдэн ийнхүү албан тушаалаасаа огцорсон байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.