Б.Бат-Эрдэнэ бус хошууч генерал Д.Даваа огцрох ёстой

Б.Бат-Эрдэнэ бус  хошууч генерал Д.Даваа  огцрох ёстой

Өнгөрсөн долоо хоногт ЗХ-ний Таван толгой дахь  сургалтын баазад болсон дэлбэрэлтийн улмаас хоёр сайхан залуу алтан амиа алдаж, найман хүн хүнд шархдсан харамсалтай осол  гарсан билээ.   Монголчууд юмыг дэндүү амархан мартдаг гэмтэй  ард түмэн. Тайван цагт гарсан эл осол тэгсхийгээд л мартагдаж, албан тушаалаасаа буучих вий хэмээн нугдайж суугаа дарга  нарт  олз болно.  Ийн хэлэхийн учир  нийгэм тэр чигээрээ  амь үрэгдсэн хоёр залуугийн араас харамсч  БХЯ-ны сайдыг огцрох ёстой хэмээж буй.  Гэвч үнэн хэрэгтээ сайд нь бус ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа  болон түүний команд дор ажиллаж байгаа газар, хэлтсийн дарга нар бүрэн бүрэлдэхүүнээр огцрох ёстой   санагдана.  Энэ осол  албан тушаалтнуудын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болсон гэдэг нь өдөр хоног өнгөрөх тусам ил болж буй.

ЗХ-ний анги нэгтгэлүүдэд сүүлийн хоёр жилд гарсан осол эндэгдлүүд сургамж өгсөөр байхад  түүнийг нуун дарагдуулж байсны гор өнөөдөр гарч байгаа нь энэ байж мэднэ. Тухайлбал, өнгөрсөн хоёрдугаар сард Батлан хамгаалахын сайд Эрдэнэт  хотод ажиллахын  өмнөх өдөр  Зэвсэгт хүчний 186 дугаар ангид хугацаат цэрэг сургалтын гар бөмбөгийн тэслэгчтэй буруу харьцсаны улмаас  гар болон нүдээ гэмтээсэн хэргийг ЗХЖШ-ын зүгээс БХЯ-нд мэдэгдэлгүй хав дарсан байдаг.   Эл  ослоос хойш  сар гаруйн дараа  Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн нэг офицер нь цэргүүдээ дэглэснээс хөлөө хөлдөөж, хуруугаа тайруулсан  хэрэг гарсныг мөн л хав дараад өнгөрсөн.  Таван толгой дахь цэргийн сургалтын  баазад гарсан осол ч мөн л  албан тушаалтнуудын хариуцлагатай холбоотой осол. 

 “ Өнөөдөр” сонины эх сурвалжид тулгуурлаж бичсэнээс үзэхэд л “ ЗХ-ний 150 дугаар ангийн захирагч тэр өдөр согтуу байсан нь ЗХЖШ, Цагдаагийн байгууллагаас томилогдсон ажлын хэсгийн шалгалтын үеэр ил болсон”  тухай  байх юм.  Тэгэхээр энэ нь  ЗХЖШ болон тэндээс томилогдсон ангийн удирдлагын сахилга хариуцлагагүй байдал, хяналт сул байсныг гэрчилж буй хэрэг. Тэр байтугай осол гарсан өдөр тус ангийн сургуулилт хийх хуваарьт өдөр биш байсан тухай ч яриа гарч байгаа. Тодруулбал, байлдааны буудлага хийхийн өмнөх өдөр галт хэрэгслийг гаргасан нь ийм осол гарахын үндэс болсон байж ч мэдэх нь. Түүнийгээ “ Нэгэнт хэрэглэх юм чинь дахин дахин нааш цааш зөөхгүйн үүднээс нэг мөр гаргасан” хэмээн атйлбарлаж байгаа гэнэ.  Энэ бүхэн юу өгүүлээд байна вэ.  Сүүлийн жилүүдэд ЗХ арын хаалга, нутаг нугынхны  бие биеэ албан тушаалд татдаг газар болж хувирсан тухай арми даяараа ам өрсөн ярьцааж байгаа нь  нууц биш.

Чухамдаа Ховдынхон, Завханыхан л тэнд суудлаа засан тухалцгааж байгаа юм байх.  Бүгд л зэрэг дэв ахин ангийн захирагч, газар хэлтсийн дарга нар  болж  хурандаа  эсвэл  бригадын генерал цол хүртэцгээсэн гэнэ лээ.  тэдгээр дарга нараас ухамсраараа  “Миний буруу гээд албан тушаалаасаа огцорч байгаа нэг ч хүн ахлах офицер алга, өнөөдрийг хүртэл.  ЗХ-ний тухай хуулийн есдүгээр зүйлийн хоёрт ”Зэвсэгт хүчний  цэргийн мэргэжлийн дээд удирдлагыг ЗХЖШ-ын дарга хэрэгжүүлнэ” гэсэн байдаг. Тэгэхээр бүх томилгоог  хошууч генерал Д.Даваа хийсэн байж таараа. Гэтэл тэр  эрдэнэт хүмүүний амь нар эрсэдчихээд байхад ширээнийхээ ард шигдэж суучихаад таг чиг байгааг ойлгохгүй юм. 

Шулуухан хэлэхэд, бригадын генерал Бадамбазар л олны өмнө гарч, улаан нүүрээ улалзуулан чичлүүлж суугаа харагддаг. Бусад нь бол үг хэлэх, тайлбар тавих эрх зүйн үндэсгүй юм байлгүй.   Шүүх хурал болох үед хөөрхий ангийн захирагч, зэвсэг, галт хэрэгслийн нярав хоёр л дарга, генералуудынхаа өмнөөс буруудан хэрэг үүрээд өнгөрөх байх.   Уул шугамдаа   ЗХ-ний харьяаллаар бол ЗХ-ний 150 дугаар анги Энхийг дэмжих ажиллагааны шууд хамаарал дор үүрэг гүйцэтгэдэг байлтай. Тэр газрыг мөн л бригадын генерал Д.Ганзориг удирддаг. Энэ эрхэм нүдэн балай чихэн дүлий суугаа. Түүнд дуугарах сонирхол ч байхгүй. Бригадын генерал н.Гансэлэмийн тухайд  БХИС-д буруугаа чихээд өнгөрөхийг чухалчилж байгаа юм билээ.  Тэрбээр энхийг сахиулах ажиллагааны бригадын даргын албыг хашдаг.    

Бас  ЗХ-нд хяналт шинжилгээ, үнэлгээний газар гэж бий.  Орон тооны хувьд ч нэлээн олон мэргэжилтэн  ажилладаг гэж дуулдсан.  Дарга нь  ЗХ-ний ерөнхий  хянан шалгагч, бригадын генерал  П. Доржсүрэн. Хээрийн сургууль хийх нөхцөл бүрдсэн  эсэх хоол унд, зэвсэглэл гээд бүх зүйлд энэ хүний удирдсан алба хяналт тавьж, дүгнэж шинжих учиртай баймаар. Тэрбээр  мөн л арьсаа нуух арга хайн гүйж яваа биз. Ингээд бодохоор ЗХ-нд   хариуцлага хүлээх хүн байгаа эсэхэд эргэлзэж л байна шүү.  Ар өврийн хаалгаар албан тушаалд очсон дарганцарын оронд мэргэжил мэдлэгээрээ  ЗХ-ний анги нэгтгэлдээ үнэлэгддэг жинхэнэ дарга нарыг томилж гэмээнэ ЗХ зэвсэгт хүчин шиг болох нь дамжиггүй.  

 Г.Дорж

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.