“Ардын эксперт”-үүд Ерөнхийлөгчид гурав дахь удаа дүн тавив

“Ардын эксперт”-үүд Ерөнхийлөгчид гурав дахь удаа дүн тавив
“Монголын медиа” корпо­ра­циас санаачлан өнгөрсөн жи­лээс эхлэн “Ардын үг” ир­гэ­дийн зөвлөлдөх аяныг зохион байгуулсан бөгөөд энэ оны эхнээс Ерөнхийлөгчийн хоёр бүрэн эрхийн хугацаанд хий­­сэн ажлуудыг салбар, чиг­лэ­­­лээр нь төрөлжүүлэн дүг­нэж бай­гаа билээ. Өнгөрсөн хуга­цаанд УИХ Зөв­лөл­дөх санал асуул­гын тухай хуулийг баталсан бө­гөөд энэ хуулийн дагуу Үнд­сэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруу­лах асуудлаар зөвлөлдөх са­нал асуулга явуулахаар болоод бай­гаа.
 
Түүнчлэн “Монголын медиа” корпораци өнгөрсөн арав хоно­гийн хугацаанд “Шударга ёс: Хуулийн засаглал, Авлигагүй ний­­гэм, Шүү­хийн шинэчлэл” гэ­сэн ерөнхий сэд­вийн хүрээнд Монгол Улсын Ерөн­хий­лөгч Ц.Элбэг­доржийн “Том төрөөс ухаа­лаг төр рүү” санаа­чил­га, шүү­хийн шинэчлэл, хуу­лийн засаг­ла­лын хүрээнд хий­сэн ажлууд, ав­лига­тай тэмцэх санаа­чил­га, бодит аж­луу­дын талаар­хи мэдээллийг олон нийтэд хүр­гэ­сэн. Шударга ёсыг тогтоох чиг­лэ­лээр хийсэн дээрх ажлуудыг сануу­лахад, “Ав­ли­гын эсрэг  хуулийн за­саг­лал”, “Том төрөөс ухаалаг төр рүү” зэ­рэг санаачилга гаргаж үн­дэс­ний хэм­жээ­ний аян болгон өр­нүүл­сэн, Монгол Улс цаазын ял­гүй болсныг зарлаж, Үндэсний аюул­гүй байдлын үзэл баримтлал, Ав­ли­га­тай тэмцэх хөтөлбөрийг са­наач­лан батлуулсан, хар там­хи­тай тэмцэх чиглэлээр дорвитой алхам хий­сэн зэрэг нь Ерөнхийлөгч Ц.Элбэг­доржийн хоёр бүрэн эр­хийн хугацаанд хийсэн онцлох ажлууд.
 
Мөн шударга ёс, хуулийн засаглалыг тогтоох чиглэлээр Шилэн дансны тухай болон Захиргааны ерөнхий хуулиудыг санаачлан батлуулсан, “Шүүхийн шинэчлэлийн хөтөлбөр”-ийн хүрээнд шүүхийн багц хуулийг шинэчлэн батлуулсан. Мөн нийгэмд шударга ёсыг тогтоох, төрийн албыг авлигаас ангид болгох, шүүхийн шинэчлэлийг иж бүрнээр нь хийх цаг болсон гэдгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ эхний жилээс ярьж, улмаар “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс”, “Хуулийн засаглал ба шударга ёс” үндэсний чуулгануудыг санаачлан зохион байгуулж, тэндээс гарсан санал, зөвлөмжид тулгуурлан шүүх эрх мэдлийн шинэтгэлийг зоригтой эхлүүлсэн билээ. Өнгөрсөн найман жилийн хугацаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 36 хуулийг УИХ-аар батлуулсны дийлэнх нь шударга ёс, хуулийг засаглалыг тогтоох, авлигагүй нийгмийг бий болгоход чиглэсэн байна.
 
Тэгвэл энэ хүрээнд олон талын эх сурвалжтай, дэлгэрэнгүй мэдээлэл авсан иргэдийн төлөөлөл болох санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон “Ардын экспертүүд” өчигдөр  МҮЭСТО-д зөвлөлдөж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн шударга ёсны төлөө хийсэн ажлуудад нууц санал хураалтаар дүн тавьсан юм. Санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон “Ардын эксперт”-үүд нийгмийн бүх давхаргыг төлөөлж чадахуйц гэдгээрээ давуу талтай бөгөөд нэг ёсондоо Монголын ард түмний бичил парламент гэж хэлж болох юм. Тиймээс тэд чуулж, төрийн тэргүүнийхээ шударга ёсыг бэхжүүлэх чиглэлээр хийсэн ажлуудыг үнэлж цэгнэж байгаа юм. “Шударга ёс: Хуулийн засаглал, Авлигагүй нийгэм, Шүүхийн шинэчлэл” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд өрнөсөн өчигдрийн хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр нар оролцож, “Ардын эксперт”-үүдийн асуултад хариулсан юм. 
 
Тухайлбал, Дорноговь аймгаас оролцогч  Б.Бат-Очирын “Ерөнхийлөгч эргүүлэн татсан хуулиудаа дахин өргөн мэдүүлэх үү?” гэсэн асуултад зөвлөх Ч.Өнөрбаяр “Шинэ УИХ гарч ирээд таван чухал хуулийг буцаасан. Эрүүгийн, Зөрчлийн, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай гэх мэт хуулиуд байсан юм. Нэгэнт баталсан хуулийг буцаадаггүй. Энэ буруу жишиг тогтоосон зүйл болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч шүүхийн шинэтгэлийг эхлүүлэхийн өмнө 21 аймагт ажиллаж, иргэдийнхээ санал бодлыг сонссон юм. Ярьдаг, шүүмжилдэг хүмүүс их. Яг барьж аваад хийдэг хүн ховор. Шүүхийн шинэтгэлийн багц хуулиуд бүтэхэд олон хүний хүч хөдөлмөр орсон. Хийсэн хуулиа 10 хүнд ойлгуулах амар ч гурван сая хүнд ойлгуулахад их хүч хөдөлмөр, олон хүний чармайлт орсон гэдгийг хэлмээр байна” гэж хариулсан.
 
Мөн Чингэлтэй дүүргийн иргэн Нармандах “Хэдэн жилийн өмнө Жастин Каплог Монгол Улсын Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хамруулж чөлөөлсөн. Энэ хүнийг яагаад өршөөлд хамруулсан юм бэ?” хэмээн асуухад “Ерөнхийлөгч Монголоо бодсон хэрэг. Өөрөө хэл ам, шүүмжлэлийг бодсон бол өршөөлд хамруулахгүй байж болох байсан. Каплодоо биш үүний цаана 2000 хүн татварын асуудлаар шүүхийн хаалга татах гэж байсан юм. Капло бол хөлсний ажилтан. Үүний цаана “Саус гоби сэнд” компани байсан. Татвараас зайлсхийсэн хэн байсан ч барагдуулах ёстой. Цаашлаад Монгол Улсын нэр хүндийн асуудал байсан. Гадныхны дунд Монгол Улс ажил хийх гээд очсон хүнийг хорьдог, цагддаг гэсэн нэр гарч эхэлсэн” гэв. Энэ мэтчилэн “Ардын эксперт”-үүд Ерөнхийлөгчийн зөвлөхөөс олон асуултад, хариулт авч чадсан юм. 
 
 
Үүний дараа, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүрэлцэн ирсэн. Тэрбээр “Шүүхийн шинэчлэлийг хүн ардын, нийгмийн төлөө хийсэн ажил. Сайхан амьдарна гэдэг хуулийн дагуу амьдрахыг хэлж байгаа юм. Хуулийн дагуу амьдрах, хүн болж төрсөндөө заяандаа эзэн болох, бие дааж амьдрах ёстой. Монголчууд хуулиар төрийг засдаг юм байна гэдгийг дэлхийд таниулж явсан орон. Бидний өнөөгийн зорьж байгаа байгуулах гэж явж буй нийгэмд янз бүрийн нэр өгөөд хэрэггүй. Би ажлаа авсныхаа дараа гаргасан хоёр дахь шийдвэр нь хууль шүүхийн байгууллагад шинэчлэл явуулах тухай байсан. Шүүхээр явж танилцаж байхад бүх зүйл хаалттай байсан. Жилийн өмнө Германы судалгааны байгууллага “Монголын шүүх 64 хувиар шинэчлэгдсэн байна. Өмнөхөөсөө илүү нээлттэй болсон” гэх дүгнэлтийг хийсэн. Шүүгчид шийдвэр гаргасан бол яллах дүгнэлтээ нээлттэй болго гэдгээс ажлыг нь эхлүүлсэн. 2010 оноос энэ шаардлагыг тавьж, 2012 оноос шүүх.мн сайтад байршуулдаг болсон. Жилд энэ сайтад гурван сая хүн ханддаг болсон байна. Асар өндөр тоо шүү. Өдөрт 15 мянган хүн тогтмол орж, 150 мянган шийдвэрийг иргэд татаж авсан байна.
 
Энэ бол шүүх нээлттэй болсны илрэл. Аливаа нийгэм, хүн аз жаргалтай явъя гэвэл харьцаа сайтай байх хэрэгтэй. Өмнө нь шүүхээр орж шийдэгддэг байсан хэргүүдийн 20 хувь нь эвлэрүүлэн зуучлалаар шийдэгдэж байна. Энэ бол гайхалтай шинэчлэл. Иргэдийнхээ төлөө хийсэн шинэчлэл юм. Амжилттай эвлэрүүлэн зуучлуулсан тохиолдолд маш олон бий. Ингэж явах нь ололт учраас харьцааг чухалчлаад байгаа юм. Хэн бүхэнд нээлттэй, шударга хандах ёстой. Үүнийг шударга ёс гээд байгаа хэрэг. Төр гэдэг бол шүүх. УИХ хууль тогтоодог байгууллага. Тэнд байгаа хүмүүс асуудал гаргасан бол шүүхээр шийдүүлдэг. Шүүхэд хүн ажиллаж байгаа учир алдаа дутагдал бий. Гэхдээ шинэчлэлийг маш богино хугацаанд хийж чадлаа” гэсэн юм. 
 
“Ардын эксперт”-үүд асуулт тавихын зэрэгцээ өөрсдийн санаа бодлыг ч илэрхийлээд амжсан. Тодруулбал, иргэн Г.Баасан “Хүн өвдөхөөрөө хамгийн түрүүнд эмнэлэгт очдог шиг ямар нэг асуудал болохоор шүүхэд ханддаг. Шүүх засаглал үнэхээр шинэчлэгдсэн. Ямар шүүх хурал болж байгаа нь самбар дээр урсдаг болсон. Энэ бүхэнд баярлаж байгаагаа илэрхийлэх гэсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч ингэж ажлаа тайлагнаж байгаагүй. Энэ бол маш сайн жишиг боллоо. Цаашид төрийн өндөр дээд албан тушаалтнууд ийм жишигт суралцмаар юм байна. Шүүхийн шинэчлэл бүх шатанд эхлүүлэхийг хүсч байна” гэсэн бол Ховд аймгийн иргэн Нарантуяа “Юуны өмнө баярласнаа илэрхийлэх гэсэн юм. Шүүхийн байгууллагын шинэчлэл надад маш их мэдрэгдэж байгаа. Одоо энэ шинэчлэлийн хүрээнд прокурор, өмгөөлөллийн байгууллагад шинэчлэл хийж өгөөч гэх хүсэлт тавимаар байна” гэж байв. 
 
Иргэд саналаа хэлсний дараа бүлэг болон зөвлөлдөж, саналаа өгснөөр хэлэлцүүлэг өндөрлөлөө. Дашрамд дурьдахад, “Ардын эксперт”-үүдийн тавьсан дүнг нэгтгэж, “Монголын медиа” корпораци албан ёсоор танилцуулах билээ. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.