Цөөнхийн цөөн дуутнууд

Цөөнхийн цөөн дуутнууд
“Хэн нь хэн бэ” булангийнхаа өмнөх дугаараас УИХ-ын гишүүдийн хэн нь хэн бэ, өмнө нь хэн байв, одоо хэн болов, юу хийж байна, сонгогчдын итгэл найдварыг дааж чадах төрийн түшээ мөн үү гэдгийг тольдон уншигчиддаа мэдээлж эхэлсэн билээ. Анхны зочдоор УИХ-ын сонгуулийн 1, 2, 3 дугаар тойрог буюу Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн талаар онцолсон бол өнөөдөр 4, 5, 6 дугаар тойрог болох Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Баделхан, Д.Мурат, Г.Солтан нарыг онцолж байна. Харин дараагийн дугаарт 7, 8, 9 дүгээр тойрог буюу Баянхонгор аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Занданшатар, М.Билэгт, Л.Элдэв-Очир нарыг онцлон хүргэх болно.  
 
Ганц ч үг ганхийдэггүй төрийн түшээ 
 
Монгол Улсын баруун хязгаар нутагт оршин суудаг казах, урианхай, дөрвөд, тува, халх зэрэг олон үндэстэн ястны Өлгий нутаг Баян-Өлгий аймаг гурван мандаттай. УИХ-ын сонгуулийн 4 дүгээр тойрог буюу Баян-Өлгий аймгийн Сагсай, Цэнгэл, Улаанхус, Ногооннуур, Бугат сум, Өлгий сумын долдугаар багийн сонгогчдын итгэлийг хүлээсэн хүн бол Г.Солтан. Ерөнхий сайд Сү.Батболдын Хөдөө аж ахуйн бодлого хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан гэдгээс бусдаар бол тэр улс төрд шинэ хүн. Учир нь Баян-Өлгийн уугуул Г.Солтан Москва хотын Хими технологийн дээд сургуулийг Шаазангийн инженер, технологич мэргэжлээр төгссөн бөгөөд тэрбээр яг л энэ мэргэжлээрээ 2010 он хүртэл ажиллаж байсан хүн юм билээ. Тодруулбал, тэрбээр 1985-2010 оны хооронд Шаазангийн үйлдвэрийн ерөнхий технологич, лабораторийн эрхлэгч, ерөнхий инженер, “Монгол шаазан” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, үйлдвэрийн дарга, үйлдвэрийн ерөнхий захирлаар ажиллаж байжээ. 
 
Ийнхүү ажиллаж байгаад 2010-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайд байсан Сү.Батболдын зөвлөх болж, дараахан нь Баян-Өлгий аймгийн МАН-ын хорооны дарга болсон юм билээ. Харин өнгөрсөн 2016 оны сонгуулиар УИХ-ын гишүүний сэнтийд заларсан. Угтаа бол түүний нэр дэвшсэн тойрогт одоогийн ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нэр дэвшинэ гэж байсан ч түүний нэр гэнэтхэн л ороод ирсэн гэж байгаа. Энэ тойрогт тэрбээр АН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейтэй өрсөлдөн, хоёр парламент дамнасан А.Бакейг ялж, саарал ордонд орох эрхээ өвөртөлсөн. Харин тэр одоохондоо чуулганы танхимд нэг л дасч өгөхгүй байгаа бололтой.
 
Өөрөөр хэлбэл, тэрбээр 166:29:00 цаг хуралдсан УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 131:41:00 цагт нь оролцжээ. Харин 34:48:00 цагт нь суугаагүй байна. Энэ хугацааны 14:20:00 цагт нь гадаадад байсан бол 11:25:00 цагт нь орон нутагт ажилласан гэнэ. Түүнчлэн 20:01:00 цагийн чөлөөтэй байсан бол 2:37:00 цаг тасалж, 2:26:00 хоцорчээ. Энэ үзүүлэлтээс харвал тэрбээр УИХ-ын хэнэггүй гишүүдийн тоонд орж байгаа юм. 
 
Түүнчлэн намрын чуулганаар олон асуудал хэлэлцэхэд огт үг хэлээгүй, бас асуулт асуугаагүй гурван гишүүний нэгээр тодорсон байгаа юм. Ганц ч үг ганхийгээгүй гишүүдийн тоонд хашир улстөрч. Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболд, нутаг нэгтэй ч, намын харьяалал өөр УИХ-ын гишүүн Д.Мурат нар түүнтэй хамт жагссан байгаа юм. Тиймээс зөвлөхөөр нь ажиллаж байсан хашир улстөрч нь ам ангайгаагүй байхад түрүүлж үг хэлээд яах вэ гэж бодсон ч байж мэдэх юм, Г.Солтан гуай. Мөн тэрбээр БОХХААБХ, ӨБХ-нд харьяалагддаг ч хуралдаа тийм ч идэвхтэй суугаагүй байх юм. Тодруулбал, БОХХААБХ нийтдээ 10 удаа хуралдсан байхад тэр тавд нь сууж, нэг удаад нь чөлөөтэй, хоёрт нь дотоод, нэгт нь гадаад томилолттой, мөн тодорхой бус шалтгаанаар нэг удаа оролцоогүй байх юм. Харин ӨБХ долоон удаа хуралдахад хоёрхон удаа суусан байх юм.
 
Хоёр удаагийнхад нь дотоод томилолттой байсан бол гурван удаагийнхад нь тодорхой бус шалтгаанаар оролцоогүй гэнэ. Үүнээс гадна тэрбээр УИХ-ын гишүүнээр сонгогдсоноосоо хойш нэг ширхэг ч хууль санаачлаагүй бөгөөд ядаж ажлын хэсэгт ч орж ажиллаагүй байна. Тиймээс түүнийг өнгөрсөн хугацаанд Баян-Өлгий аймгийн иргэдийн дуу хоолой болж чадаагүй гээд дүгнэчихэд нэг их буруудахгүй болов уу. 
 
Баруун хязгаарын идэвхтэй гишүүн 
 
2016 оны УИХ-ын сонгуулийн 5 дугаар тойрог буюу Өлгий сумын 1-6, 8-13 дугаар багаас сонгогдсон гишүүн бол Х.Баделхан. Тэрбээр 1954 онд Баян-Өлгий аймгийн Булган сумын нутагт төрсөн, тус нутгийн уугуул нэгэн. Авто инженер мэргэжлийг эзэмшсэн тэрбээр сургуулиа төгсөх жилээ “Улаанбаатар хотын автобусны хөдөлгөөнийг хянах төхөөрөмж” сэдэвтэй бүтээлийг санаачилсан нь ШБОС-оор шалгарч, Ю.Цэдэнбал даргаас алтан медаль гардаж байсан гэдэг. Тиймээс шинэхэн төгссөн залуу инженерийг Тээврийн яамнаас Улаанбаатар хотын автобус баазын инженерээр томилон ажиллуулсан түүхтэй аж. Харин тэрбээр энэ хугацаанд албан тушаал дэвшсээр 1978 онд аймгийн Тээврийг удирдах газрын ерөнхий инженер, газрын даргаар ажиллах үедээ найман төрлийн ШБОС санаачилж, үйлдвэрлэлд нэвтрүүлж байжээ.
 
Харин зах зээлийн системд шилжих үеэр хуучнаар ЗХУ-ын Москва хотын Намын дээд сургуулийг улс төр судлаачаар төгсч ирээд аймгийн ИТХ-д Төрийн байгуулалтын хэлтсийн даргаар томилогдож. Дараа жилээс нь буюу 1991 оноос хувийн хэвшилд хүчин зүтгэж, Гадаад худалдааны “Өркен” ХХК-ийн захирал, 1994-2000 он хүртэл “Жол” ХХК-ийн захирлаар ажиллаж байгаад 2000 онд аймгийн Засаг даргаар томилогдсон байдаг.
 
Түүнийг аймгийн Засаг даргаар томилогдох үед нутгийнх нь хүмүүс хэдэн сарын турш тэтгэвэр, тэтгэмжээ авч чадаагүй, сургууль цэцэрлэг халаалтгүй, хоолгүй болсноос зогсохдоо тулчихсан, аймаг даяараа өрөнд дарагдан, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжээ олон сараар аваагүй арга ядан бухимдаж байсан гэдэг. Тиймээс шинэхэн Засаг даргад шийдэх ёстой асуудал маш их байсан нь мэдээж. 
 
Харин түүнийг Засаг даргаар ажиллах хугацаандаа зах зээлийн шуурганд сөхөрсөн аймгийн үйлдвэрлэл, эдийн засаг, нийгэм, соёлын салбарын уналтыг зогсоож, сэргээн хөгжүүлэх эхлэлийг тавьсан хэмээн нутгийнхан нь үнэлж, 2008 онд төр түшилцэх эрхэм үүргийг нутгийн зон олон нь хүлээлгэсэн байдаг. Баян-Өлгий аймгаас хоёр дахь удаагаа сонгогдон, төр түшилцэж буй Х.Баделхан 2012-2014 онд УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны зөвлөх, 2014-2016 онд Аж үйлдвэрийн дэд сайд зэрэг албан тушаалыг хашиж байсан туршлагатай. Харин өнгөрсөн сонгуулиар УИХ-ын гишүүнээр дахин сонгогдсон. УИХ-ын сонгуулиар тэрбээр АН-аас нэр дэвшигч Х.Ержан, БНН-аас нэр дэвшсэн Н.Самат нартай өрсөлдөн ялалт байгуулсан. Тэрбээр малчдын орлого буурсан, эмнэлгийн салбарын үйлчилгээ хангалтгүй байгаа зэрэг асуудлыг шийдэхээр холбогдох яамтай ярьж, ажлын хэсэг томилуулсан. Ажлын хэсэг байдлыг газар дээр нь үзэж харж, үнэлэлт дүгнэлт өгөхөөр ажиллаж байгаа гэнэ билээ. Алс баруун хязгаараас сонгогдсон тэрбээр эдүгээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Төсвийн байнгын хороонд харьяалагдаж буй. УИХ-ын гишүүний үндсэн үүрэг юу вэ гэвэл хамгийн түрүүнд ард түмний төлөөлөл байх гэдэг хариулт өгөх хүн олон бий. Тэгвэл цагаан цаасан дээр хараар ард түмний төлөөлөл болж сууна гэдэг нь иргэдийн амьдралд хэрэгтэй хуулийн төсөл санаачилж, тэдний амьдралд тулгамдсан асуудлыг ярилцаж хэлэлцэж, тодорхой шийдэл гаргах хэмээн биччихсэн байгаа.
 
Тэгвэл Х.Баделхан өнгөрсөн намрын чуулганы хугацаанд төр түшилцэх үндсэн үүргээ хэр биелүүлж, сонгогчдоо хэрхэн төлөөлж байгааг “Монгол Улсын их хурлын 2016 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга”-д тов тодорхой харуулжээ. Тодруулбал, УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны ирцийн мэдээг Хуралдаан зохион байгуулах хэлтсээс цаг, минутаар гаргасан байна. Намрын чуулганы хугацаанд нийтдээ 166:29:00 цаг хуралдахад Х.Баделхан гишүүн 159:28:00 цаг оролцжээ. Харин чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоогүй 7:01:00 цагт нь тэрбээр орон нутагт томилолттой ажиллаж байсан гэнэ. 
 
Харин чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүдийн хэлсэн үг, асуусан асуултын мэдээгээр тэрбээр дөрвөн удаа үг хэлж, 25 удаа асуулт асуусан хэмээн тэмдэглэгджээ. Түүнчлэн УИХ-ын байнгын хороод, ажлын албаны үйл ажиллагааны талаархи статистик мэдээг Хууль, эрхзүйн хэлтсээс гаргахад Х.Баделхан Төсвийн байнгын хорооны 22 удаагийн хуралдаанаас 20-д нь сууж, нэг өдөр нь чөлөөтэй, нэг өдөр нь дотоод томилолттой байжээ. Харин Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаандаа маш идэвхтэй суусан байна. Тэрбээр нэг тойргоос сонгогдсон хоёр гишүүн байтугай УИХ-ын 76 дотроо санаачилсан хууль, УИХ-ын тогтоолын тоогоороо дөрөвт жагссан байгаа юм. Мөн тэрбээр ТБХ-ны хуралдаанд ес,  нөгөө байнгын хорооны хуралдаандаа дөрвөн удаа асуулт асуусан гэнэ.
 
Харин ТБХ 13, БОХХААБХ-ны хуралдаанд гурван удаа үг хэлжээ. Үүнээс гадна нийт таван ажлын хэсэгт ажиллаж, чуулганы хуралдаанд гурван удаа биечлэн санал дүгнэлт танилцуулж, нэг удаа танилцуулга хийсэн хэмээн тайланд тэмдэглэгджээ. Ямартай ч тэрбээр Өлгий нутгаас сонгогдсон гишүүнийхээ хувьд чуулганы хуралдаандаа идэвхтэй оролцож, бас ч гэж аймаг руугаа чиглэсэн бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах, чөлөөт бүс барих асуудлыг түргэтгэх, Асгатын Мөнгөний ордыг ашиглалтад оруулах, түүнээс үүдэх ашиг орлогыг нутгийн иргэдэд хүртээх талаар цаашид илүү анхаарч ажиллах төлөвлөгөөтэй байгаа гэнэ билээ. 
 
Сөрөг хүчний сул гишүүн 
 
УИХ-ын сонгуулийн зурга­дугаар тойрог буюу Алтай, Буянт, Толбо, Булган, Дэлүүн, Алтанцөгц, Баяннуур суманд АН-аас Д.Мурат, МАН-аас А.Тлейхан нар нэр дэвшин өрсөлдөж, сөрөг хүчний нэр дэвшигч болох Д.Мурат ялалт байгуулсан. Тухайн үед удаа дараа УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан нутагтаа ч, намдаа ч нэр сайтай гэгддэг А.Тлейханыг дахин сонгох уу, сонголтоо өөрчлөх үү гэдгийг өлгийчүүд мэднэ хэмээн бичиж байв. Гэтэл өлгийчүүд улс төрд шинээр хөл тавьж буй Д.Муратад итгэл үзүүлж, тэрбээр 7250 хүний саналаар хэсгээ тэргүүлэн гарч ирсэн.
 
Ийнхүү АН-ын “Шонхор” фракцийн төлөөлөл тэрбээр 2016 оны сонгуулиар УИХ-д суух эрхээ өвөртөлсөн. Д.Муратын тухайд Үйлдвэрийн дулааны инженер мэргэжилтэй нэгэн. Тэрбээр 2007 онд Казахстан улсын Павлодар хотын Техникийн их сургуулийг эл мэргэжлээрээ дүүргэн, Баян-Өлгий аймгийн хэвлэх үйлдвэр офсет техникч, “Талап хоршоо”, “Жанат”, “Эрчим-Баян-Өлгий” зэрэг компанийн захирлаар ажиллаж байсан. Ерөнхийдөө аймгийг дулаан, эрчим хүчээр хангадаг “Эрчим-Баян-Өлгий” компанийн захирлаар ажиллаж байсан түүнийг “Зуухчин Мурат” гэдгээр нь өлгийчүүд андахгүй гэх юм билээ. Аймгийнхаа дулааны хангамжийн байгууллагын эзэн болох Д.Мурат  урлаг, соёлын арга хэмжээг дэмжин тэтгэдэг, нийгмийн халамжийн ажлыг хийлцдэг гэж ярих аж.
 
Энэ хүрээндээ аймагтаа өөрийнхөө хөрөнгөөр найман давхар орон сууц босгосон болохоор түүний зүтгэлийг үнэлсэн хэрэг биз. Улс төрд шинээр хөл тавьсан тэрбээр 2013 онд Улс төр менежментийн академид Төрийн удирдлагын чиглэлээр сурч, дүүргэсэн гэнэ билээ. 
 
Аймагтаа алдар нэртэй байсан тэрбээр харин чуулганы танхимд тйим ч сайн байж чадаагүй болохыг УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны ажлын тайлангаас харж болохоор байна. Үг хэлж, асуулт асуудаггүй гишүүдийг хүртэл манлайлаад амжсан байх юм, тэр. Түүнчлэн 166:29:00 цаг хуралдсан намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 91:11:00 цагт нь л оролцжээ. Харин хуралд оролцоогүй 75:18:00 цагийн 20:09:00-д нь гадаадад, 32:51:00 цагт нь орон нутагт томилолттой явж байсан бол 20:01:00 цагт нь чөлөө авсан байх юм. Мөн 2:17:00 цаг хоцорчээ. Үүнээс гадна тэрбээр чуулганы нэгдсэн хуралдаанд нэг ч удаа үг хэлээгүй, хоёрхон удаа асуулт тавьсан байх юм.
 
Д.Мурат нь БОХХААБХ, ӨБХ-д харьяалагддаг. Гэвч БОХХААБХ нийт 10 удаа хуралдахад долоод нь сууж, гурван удаад нь дотоод, гадаад томилолттой, мөн тодорхой бус шалтгаанаар нэг удаа оролцоогүй байна. Харин ӨБХ долоон удаа хуралдахад зургаад нь сууж, нэг удаагийнхад нь өвчтэй байж таарчээ. Тэрбээр санаачилсан хууль, УИХ-ынтогтоолын тоо гэдэг хэсэгт 12-ийн тоо тавиулсан нь бас ч гэж ор тас юу ч хийгээгүй хүмүүсийн хажууд хэлэх үгтэй нэгэн болж байгаа юм. Байнгын хорооны хуралдаанд таван удаа үг хэлж, санал гаргасан нь загас шиг дуугүй суудаг гишүүдийн дэргэд хэл амтай хүний тоонд орж байна. Түүнчлэн тэрбээр Г.Солтаныг бодвол хоёр удаа ажлын хэсэгт орж ажиллажээ. 
 
Ямартай ч, УИХ-ын 4, 5, 6 дугаар тойрог буюу Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын эрхэм гишүүдийн тухай өгүүлэхэд ийм байна. УИХ-ын гишүүн Х.Баделханы хувьд тойргийнхоо сонгогчдод хэлэх үг, харуулах зүйлтэй байгаа бол УИХ-ын гишүүн Д.Мурат, Г.Солтан нар чуулганы хуралдаа суудаг ч, түмнийг төлөөлөх үүргээ хангалттай гүйцэтгэж байгаа гэж дүгнэх боломжгүй байгааг дээр дурьдсан судалгааны дүнгүүдээс харж болохоор байна. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.