Г.Бямбаа: Би ИТХ-ын багаасаа дуугарвал дуу, дугтарвал хүч нэгтэй байхыг хүсч, шаардаж байгаа

Г.Бямбаа: Би ИТХ-ын багаасаа дуугарвал дуу, дугтарвал хүч нэгтэй байхыг хүсч, шаардаж байгаа
Сэлэнгэ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Бямбаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 
 
-Энэ жилийн өвөл нэлээд их цас орсон. Бас ч гэж байгаль цаг уур биднийг яггүй шалгаад авлаа шүү. Танай аймгийн хувьд өвөлжилт хэр болж өнгөрөв?
-Цаг агаарын болоод бусад мэдээллийн хэрэгслээр өнгөрсөн намраас эхлээд л олон жилийн дунджаас ахиу цастай, хүйтэн өвөл болох талаар анхааруулж байсан. Техник, технологи хөгжихийн хэрээр цаг агаарын мэдээ нэг их хол зөрөхөө байсныг бид сая харлаа. Уул, ус элбэгтэй хангай газарт ийм хэмжээний цас орох бол байх л асуудал. Наад зах нь ан амьтад өвөл цас мөсөөр ундаалах, хангай дэлхий өнгө зүсээ өөрчлөх гээд байгалийн зохицолдолгоо цаагуураа байж л байгаа. Сэлэнгийнхний нэг онцлог бол ялангуяа малтай айлууд намар тайван цагт нуруу, нуруугаар нь хадлан тэжээл бэлтгэдэг, бэлтгэсэн нурууныхаа олон цөөнөөр, том жижгээр өөр хоорондоо уралддаг. Тэр хэмжээгээрээ онд сайн ордог. Одоо ч зарим газар тэр чанараа хадгалж байгаа. Бас дээрээс нь аймгийн малын тоо нэмэгдсэн, нүүдлийн айлууд их ирсэн, байгалийн хадлан бэлтгэх талбай хүрэлцэхгүй болсон гэх мэтээр асуудал байна аа. Энэ үед бид дээд шатандаа асуудлаа зөв танилцуулж, ойлгуулснаар Монгол Улсын Шадар сайд өөрийн биеэр ирж, нөхцөл байдалтай танилцан улсын нөөцөөс цас ихтэй зарим сумдад өвс тэжээл хүргэх ажлыг шуурхай зохион байгуулсан. 
 
-Гэхдээ одоо онд мэнд сайхан орлоо гэхэд арай л эртдэх болов уу. Дөрөв, тавдугаар сард салхи, шуургатай хаврын хавсаргатай олон өдрүүд хүлээж байна шүү дээ? 
-Тэгэлгүй яах вэ. Дөрөв, тавдугаар сарын урт өдрүүд биднийг хүлээж байна. Хуучны буурлууд ярьдаг даа. Өвөл яах вэ, болдогоороо болоод л өнгөрнө, гол нь хавар гэж. Наад зах нь хөдөөгийнхөн маань шинэ төлөө хүлээн авах их ажилтай.    
 
-Шинэ баг хамт олны хувьд 2017 онд хийх ажлууд их л байгаа байх. Төлөвлөсөн зүйлүүд ч бий байх? 
-ИТХ-ын байгууллагын зүгээс шинэ оны ажлын төлөвлөгөөгөө баталсан. Одоо бүх ажлуудаа хугацаандаа хийгээд явж байна. 2017 он бол онцлогтой. Өнгөрсөн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан баг бүрэлдэхүүний хувьд их ажлын гарааны жил, аймгийнхаа хөгжлийн төлөөх олон хөтөлбөр төлөвлөгөөг иргэдийнхээ оролцоотойгоор боловсруулж батлах, хэрэгжүүлж эхлэх гээд ажил их байна. Мөн аймгийн ИТХ, түүний тэргүүлэгчид он гарсаар зарим байгууллагуудын удирдлагуудын хийж байгаа ажлын талаархи сонсгол, мэдээллүүдийг авч хэлэлцэн аймгийн зүгээс дэмжиж, туслах бүхий л арга хэлбэрүүдээр хамтран ажиллаж байна. 
 
-Сэлэнгэ аймгийн 106 мянган иргэний төлөөлөл болсон шинэ багийг нэг шугаманд оруулах, аймгийнхаа төсөв, төлөвлөгөөг жигд хуваарилах гээд хурлын даргын хувьд эв дүй шаардсан ажил байх даа?  
-Манай баг, хамт олны хувьд гар сэтгэл нийлсэн хүмүүсээс бүрдсэн гэж харж байгаа. Энэ удаагийн ИТХ-ын төлөөлөгчдийн 22 нь дахин сонгогдсон буюу дадлага туршлагатай, сум, орон нутаг, хурлын ажлын жаргал зовлонг мэддэг хүмүүс байгаа бол долоон эмэгтэй төлөөлөгч сонгогдсон нь аливаа асуудлыг хатан ухаанаар харж, нарийн мэдрэмжээр шийдвэрлэхэд ихээхэн дөхөм байх болов уу гэж дүгнэж байгаа. Бидэн дунд учир зүггүй буруу зөрүү хараад, будилаан тариад яваад байх төлөөлөгч байхгүй байх. Миний хувьд сүүлийн дөрвөн удаагийн сонгууль дараалан аймгийнхаа ИТХ-д төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж байсан туршлагатай. Энэ ч үүднээсээ багийн нөхөдтэйгээ эв дүйгээ олоод ажиллаж болно. Аливаа ажлын үндэс суурийг зөв олж, зөв тайлбарлаад явахад ойлгохгүй хүн байхгүй дээ. Би энэ багаасаа дуугарвал дуу нэгтэй, дугтарвал хүч нэгтэй байхыг хүсч, шаардаж  байгаа.  
 
-Сумдаараа явах, ард иргэдтэйгээ уулзах ажлын зав зай гарч байна уу, танд?
-Он гарсаар цас ихтэй зарим сумдаараа явж өвөл, хаврыг өнөтэй давах, аймаг, сумын удирдлагадаа уламжлах санал хүсэлтийг нь сонсох гээд явж л байна. Сүүлд Ерөнхий сайдтай хамт Сэлэнгэ аймгаас төрсөн оны алдартан, аваргуудад шагнал гардуулах ажлаар яваад ирсэн. 2016 он сэлэнгэчүүд бидэнд үр өгөөжөө харамгүй хайрлаж, манай тариаланчид маань арвин ургац хураан авч, Сэлэнгэ аймгаас Улсын аварга  малчин зургаа, Улсын аварга тариаланч хамт олон зургаа, Улсын аварга тариаланч гурав төрсөн. 
 
-Сэлэнгийнхэн өрх бүр нь үйлдвэрлэгч гэдэг. Одоо иргэд маань хашаандаа, талбайдаа тариа ногоогоо ургуулах цаг нь ойртож байна?
-Манай механикжуулагчид тэрэг техникээ засч сэлбэх ажилдаа орсон. Өрхийн тариаланчид маань ч талбайгаа янзлах, ус чийгээ тохируулах, үрсэлгээгээ эхлүүлэх гээд Сэлэнгэд хаврын ажил эхэлсэн гэж ойлгож болно. Төрийн зүгээс тариаланчдаа анхаарах, дуу хоолойг нь сонсох, эрдэмтдийн үгийг дуулгах үүднээс дөрвөн сард нэг удаа зөвлөлдөх уулзалт хийхээр төлөвлөөд бэлтгэлээ базааж байна. Хавар хэдий сайн хөдөлмөрлөж чадна, түүнийхээ хэмжээгээр намар арвин ургац хурааж авна шүү дээ. Манай аймаг чинь хөрс сайтай, хэдэн том голын чийг ургацанд нөлөөлдөг, дээрээс нь энэ цасны чийг тодорхой хэмжээнд эергээр нөлөөлөх нь дамжиггүй. Тэгэхээр тариа, ногооны ургац арвин байх болов уу гэж харж байна. 
 
-Сэлэнгэ дэд бүтцийн давуу талтай аймаг. ОХУ-тай хиллэдэг, авто болон төмөр замтай гэх зэргээр...? 
-Газар нутгийн онцлог юм даа. Авто болон төмөр замын боомтоо түшиглэсэн худалдаа, тээвэрлэлт гээд аймагт дэмжлэгтэй зүйл их шүү. Наад зах нь цас, мөстэй үед галт тэргэндээ суугаад хот орчихно, бусад үед өөрсдийн унаа тэргээрээ хол ойрын ажлаа амжуулна. Зам гэдэг чинь хөгжлийн гол тулгуур. Энэ л  манай аймгийн жишээн дээр тод харагддаг. 2016 онд гэхэд Орхон, Сант, Ерөө гээд хэд хэдэн сум маань төв замтайгаа хатуу хучилттай замаар холбогдчихлоо. Цаашдаа үлдсэн сумдаа холбох талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудад санал хүсэлтээ уламжлаад араас нь хөөцөлдөж байна. 
...Энэ хил анх 24 цаг үйлчилдэг болоход манай талаас хойшоо гарах урсгал мэдэгдэхүйц нэмэгдсэн. Ховд, Баянхонгор зэрэг холын аймгуудаас хүртэл иргэд ирж байх жишээтэй. Улаанбаатарынхан бол бүр их явж байна. Энэ их урсгал чинь буцахдаа Сэлэнгийн загас, талх, манайхны хашаандаа тарьсан ногоог авна гэх мэтээр тодорхой хэмжээнд эдийн засгийн бодит орлого нэмэгдэж байгаа. Цаашдаа хилийн дагуу орчин цагийн шаардлагад нийцсэн үйлчилгээний цогцолбор төвүүдийг ашиглалтад оруулах, түргэн үйлчилгээний цогц үйлчилгээг хүргэх гээд төр ч, иргэд ч хичээх ажлууд бий...
-Алтанбулаг-Хиагтын боомт 24 цаг үйлчилдэг болсноор Сэлэнгийнхэнд мэдэгдэхүйц бодит өөрчлөлт гарсан уу?
-Энэ том боомтыг сэлэнгэчүүд төдийгүй улс даяараа ашиглах ёстой. Монголчууд бидний дунд “Орос ах” гэсэн үг бий. Энэ ч утгаараа Оросын бараа бол чанартай, найдвартай гэсэн үндсэн ойлголттой хүмүүс. Энэ хил анх 24 цаг үйлчилдэг болоход манай талаас хойшоо гарах урсгал мэдэгдэхүйц нэмэгдсэн. Ховд, Баянхонгор зэрэг холын аймгуудаас хүртэл иргэд ирж байх жишээтэй. Улаанбаатарынхан бол бүр их явж байна. Энэ их урсгал чинь буцахдаа Сэлэнгийн загас, талх, манайхны хашаандаа тарьсан ногоог авна гэх мэтээр тодорхой хэмжээнд эдийн засгийн бодит орлого нэмэгдэж байгаа. Цаашдаа хилийн дагуу орчин цагийн шаардлагад нийцсэн үйлчилгээний цогцолбор төвүүдийг ашиглалтад оруулах, түргэн үйлчилгээний цогц үйлчилгээг хүргэх гээд төр ч, иргэд ч хичээх ажлууд бий. Бид Замын-Үүдийн алдааг давтах ёсгүй.  
 
-Төрийн үйлчилгээний хөнгөн, шуурхай байдлыг хангах, төрийн албан хаагчийг авлига, хүнд суртлаас ангид байлгах асуудал үе үеийн төрийн бодлого шийдвэрт байдаг. Та бүхний бүрэн эрхийн хугацаанд энэ талаар ямар ажил, арга хэмжээг төлөвлөж, хэрэгжүүлэв? 
-Сонгууль болгоноор л яригддаг асуудал. Төрийн албан хаагч бол хууль дээдлэж ажиллах үндсэн үүрэгтэй. Ер нь өнөөгийн нийгэмд бид аль ч шатандаа хариуцсан ажил үүргээ хүлээгээд, бүрэн дүүрэн хийгээд дадчих хэрэгтэй. Манайд үйлчилж байгаа зарим хуулиудад бас учир дутагдал байна. Тухайлбал, суманд ажиллаж байгаа дийлэнх төрийн албан хаагчдыг харьяа байгууллагууд нь аймгаас удирдаж, томилж байна. Угтаа бол тухайн сумын ард, иргэдэд үйлчилж байгаа хүний өдөр тутмын ажлын чанар, хүртээмж, үр дүнг сумын иргэдийн оролцоотойгоор сумын удирдлагууд л бодитой үнэлдэг. Тэгж байж засч, залруулах, сайн муугаа ярих хариуцлагын тогтолцоо үүснэ. Хаа нэгтээ очдог дарга тухайн хүний ажлыг алсын зайнаас бодитой үнэлж, дүгнэж чадах уу. Зарим сумын дарга хошин маягаар ярьж байна билээ. Жолоочийг маань аймгаас өгдөг болчих вий гээд. Энэ мэтчилэн ганцхан аймаг, орон нутгаас шалтгаалахгүй зүйлүүдийг зохих шатанд нь уламжилж шийдвэрлүүлэх талаар ИТХ-ын зүгээс анхаарч ажиллана. 
 
-Хурлын даргатайгаа танилцах гэсэн иргэд олон байгаад эргэлзэхгүй байна. Та өөрийгөө танилцуулахгүй юу?
-Би Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул. Сэлэнгэ нутагтаа цэргийн албаны томилолтоор ирээд эндээ суурьшсан. Цэргийн алба хааж байхдаа гэр бүлийн хүнтэйгээ танилцаад л Сэлэнгийн хүн болсон. Үүнээс хойш 40 орчим жил энэ нутагтаа ажиллаж амьдарч явна. Аав, ээж хоёр минь зургаан хүүхэд төрүүлж, өсгөсөн. Одоо бид бүгд түмэн олон дундаа сайн сайхан л явна. Би айлын том болохоор дүү нараа харж хандах, зааж зөвлөх гээд ах хүний үүргийг үүрч явдаг юм. 
 
-Цэргийн гурван жилийн амьдрал эр хүнд их зүйл үлдээдэг гэдэг дээ...? 
-Тэгэлгүй яах вэ. Бидний үеийн цэргийн алба чинь дээд сургууль төгссөнөөс ч илүүтэй ухаарал, төлөвшил, амьдралын дадал, ухаан олгодог. Би одоогийн 0101 дүгээр ангид түгээгч, жагсаалын даргын алба хашиж байгаад халагдсан. Гурван жилийн цэргийн албанаас наад зах нь хүнтэй харьцах, янз бүрийн ажлын дадал зүгшил олж авах жишээтэй. Энд тэндээс ирсэн олон сайхан аавын хөвгүүдтэй нэг тогооноос хоол идэж, нөхөрлөх сайхан шүү. Цэргийн хугацаа яана гээд сэтгэлээр унасан хүнд их урт хугацаа, хамт олон дундаа ороод бужигналдаж явахад их богинохон л санагддаг байсан. Одоо ч тэгээд энд тэнд явахад цэргийн андуудтайгаа тааралдах, хууч хөөрөх сайхан байдаг шүү. Шаравдоржийн Жаргалсайхан гээд цэргийн анд минь одоо ч холбоотой байдаг юм. 
 
-Ажил, амьдралын гараа гэж ярьдаг даа. Анхны цалин, аав болсон тэр сайхан дурсамжуудаасаа сэргээвэл...? 
-Цэргээс халагдаад нутагтаа очиж, 30 хоног амарч аваад л Сэлэнгэ рүүгээ буцсан даа. Учир нь энд эхнэр, хүүхэд минь хүлээж байлаа. Нутагтаа очоод байтал Алтай сумын эвлэлийн хорооны даргаар явах томилолт өгдөг юм. Алзахгүй даргадаа “за” гэж хэлчихээд дараа нь Сэлэнгэдээ ирсэн хойноо захиагаар “Би ажиллах боломжгүй боллоо” гэсэн утгатай хариугаа явуулж байлаа. Аймгийн Бөөний бараа баазын дарга Чулуунхүү гэж хүн намайг цэрэгт байхад “Алтанбулагийн техникумд оруулж өгье. Халагдаад манайд ажиллаарай” гэдэг байсан юм.  Нутгаасаа ирээд 10-аад хоног амарч аваад л шууд ажилдаа орж байлаа. Ажилд орсон хүнд чинь анхны цалин сайхан байлгүй яах вэ. 400 төгрөгийн цалин аваад л эхнэр, хүүхэд дээрээ бөөн баяр ирж байлаа. 
 
-Аав, ээжийн сургааль, өссөн орчны хүмүүжил тухайн хүний амьдралыг чиглүүлэх гол шугам нь болдог юм шиг санагддаг?
-Би дээр хэлсэнчлэн айлын том хүү болохоор дүү нартаа үлгэр жишээ болж, аав, ээждээ дэм болж явах хувь тохиол надад байсан. Аав, ээж хоёр маань биднийг хүнд худал хэлж болохгүй, хүнд тус болж байвал хариу нь заавал ирдэг юм гэж сургадаг.  Аав минь намайг морь унуулаад агент руу гуриланд явуулах жишээтэй. 12 настай байхдаа л сумын хадлангийн баригадад ажиллаж, зуныхаа амралтаар 20 даага сургаад 400 төгрөгийн урамшуулал, даагатай авч байсан. Ингэж л багаасаа тусад орж байлаа. Хүний өссөн орчин амьдралын чиг шугамаа олох үндсэн суурь нь байдаг гэдэг үнэн шүү. Биднийг багад байшин, барилга гэж сүйдтэй байсан биш. Бид чинь монгол гэртээ л бужигналдаж өссөн. 
 
-Зав зайтай үедээ унасан газар, угаасан ус, төрсөн нутгаа зорино биз?
-Сумынхаа 50 жилийн ойгоор ах дүүс, төрөл садан, ам бүлээрээ очоод ирсэн. Сүүлийн жилүүдэд ажил төрлөөс шалтгаалаад тэр болгон очиж амжихгүй л байна. Тэгж байгаад аав, ээжийгээ нутаг усанд нь амраах, ах дүү нартайгаа уулзах бодолтой байгаа. Одоо ч тэгээд харилцаа холбоо сайхан болсон болохоор хаа газар гэлтгүй л холбоотой байх юм. 
 
-Гэр бүлийн хүний дэмжлэг, найдвартай  ар тал бизнес хийж яваа эр хүнд их түшиг болдог байх...? 
-Зөвхөн бизнес гэлтгүй ерөөсөө амьдралын ар тал найдвартай байж л их, бага гэлтгүй амжилт дагаж байдаг. Залуу байхад унтаж амрахыг мэдэхгүй л зүтгэдэг байж дээ. Шөнө, орой харихад халуун хоол цай, дулаан гэр угтах чинь мэдээж сайхан шүү дээ. Нэг сайхан үг байдаг даа. Айл гэрт “эрийн нэрээр орж, эзэгтэйн нэрээр гарна” гэж. Ханийг минь Л.Цэцэгмаа гэдэг. Эмнэлгийн байгууллагад насаараа ажилласан. Манайх охин, хүү хоёртой. Хүүхдүүдээ хүний зэрэгтэй өсгөсөн. Одоо хоёулаа гэр бүл зохиож улс, орныхоо хөгжилд Монголын олон мянган залуу гэр бүлийн нэгэн адил зүтгэж яваа. 
 
-Та аймгийнхаа ИТХ-д дөрвөн удаа сонгогдож байгаа. Тойргийнхон тань дахин дахин таныг төлөөллөө болгоод байна гэдэг чинь цаанаа нэг юм хэлээд байна аа даа?
-Миний амьдралдаа баримталдаг нэг зарчим байдаг. Хүнд за гэж хэлсэн бол түүндээ хүрч байх гэж. Түүнээс биш за гэчихээд яах нь мэдэгдэхгүй, дүлэгнээд байвал цаад хүндээ ч хэцүү. Тэр утгаараа өөрийнхөө ажиллаж, амьдардаг Сүхбаатар сумын IV багийн иргэдийн төлөөлөл, дуу хоолой нь болж явдаг. Манай багт тулгамдаж байгаа олон асуудал бий ч, тэр болгоныг нэг дор цогцоор нь шийдэх боломж, бололцоо энэ цаг үед хомс байна. Гэсэн хэдий ч асуудлуудаа зөв эрэмбэлэн захаас нь шийдээд явж л байна. Өнгөрсөн онд гэхэд л цэвэр ус, дулааны шугамд холбох ажлыг аймгийнхаа төсвөөс хөрөнгийн эх үүсвэрийг шийдүүлж багтаа эхлүүлсэн. Оройтоод харихад дулаан гэр угтаад, хананаасаа хэрэглээний усаа авч, ая тухтай амьдрах нь хүн бүрийн хэрэгцээ, орчин цагийн шаардлага болж байна шүү дээ. Мөн манай багийн нутаг дэвсгэрт шинээр орчин үеийн стандартад нийцсэн Олон улсын худалдааны төв байгуулагдан, Төрийн үйлчилгээний нэгдсэн цэг ажиллаж эхэлсэн.
 
Энэ нь иргэдийн цаг зав, ая тухыг хангасан сайхан ажил болсон. Бас нэг ололттой ажил бол Шүдэнзний араас зах хүртэл нийтийн тээврийн автобус тогтмол явж байгаа явдал. Төрийн ажил үйлчилгээ иргэдэд ойртож л байвал тэнд хүмүүс сэтгэл хангалуун, эерэг уур амьсгалтай байх болно. IV багт байдаг бас нэг хүндрэлтэй асуудал бол “Сэлэнгэ Энерго” үйлдвэрийн уурын зуухны яндангийн утааны тортогийн асуудал. Тиймээс тус байгууллагын удирдлагуудтай ярилцаж, яндангийн шүүлтүүрийг сайжруулах ажил хийгдэж байгаа. Мөн манай багийн айл өрхийн дийлэнх нь гэр хороололд байдаг болохоор ахуйн хүрээний хулгай мэр сэр гардаг. Иймээс гол гол байршлуудад камер байрлуулах гэх мэтээр хийж байгаа болон хийхээр төлөвлөсөн ажлууд их бий. 
 
-Та ИТХ-ын даргын их албаныхаа хажуугаар аймгийнхаа Уяачдын холбооны тэргүүнээр ажилладаг байх аа? 
-2010 онд анх холбооны ажлаа гишүүдийнхээ 100 хувийн саналаар авч байлаа. Аваач гэсэн хүсэлтийг нэр бүхий хүмүүс тавьсан. Ажлаа аваад холбооныхоо нэрийг албан ёсоор “Буган халиун ажнай” гэж тогтоод тамга, тэмдгээ аваад улсын бүртгэлд бүртгүүлж, бүтэц, зохион байгуулалтаа хийж, ажлаа эхлүүлж байсан. 
 
-Монголын МСУХ хамгийн олон мянган гишүүнчлэлтэй үйл ажиллагааны цар хүрээ өргөнтэй нийгэмд идэвхтэй төрийн бус байгууллага гэдэг...? 
-170 гаруй мянган гишүүнтэй ТББ буюу ийм хэмжээний цар хүрээтэй холбоо Монголын морин спорт уяачдын холбооноос өөр байхгүй байх. Энэ олон гишүүдийг хэн ч орооч, элсээч гэж албадаагүй байх. Монголчууд чинь албадлагад дургүй хүмүүс шүү дээ. Тэгээд ч монгол эр хүн бүр л моринд дуртай байдаг. 
 
 
-Уяачдын холбооны үйл ажиллагааг зарим нэгэн хүн зөвхөн морины уралдаан талаас нь хараад байдаг байх. Уг нь адуу дагасан үндэсний өв соёл, монгол ухаан гээд олон зүйлүүд хамтдаа явдаг юм шиг?
-Аль ч шатны уяачдын холбооны ажил зөвхөн хэдэн адуу уралдуулаад байна гэж ойлгож боломгүй. Адуу дагасан, морьтой холбоотой монгол түмний асар их өв соёл хамт явдаг. Хурдан морины уралдаан бол эрт дээр цагаас л байсан, одоо ч байгаа, цаашдаа ч байх зан заншил. Өмнө нь байгаагүй зүйлийг одоо цагийн хэдэн жийптэй нөхөд гаргаж ирээд байгаа юм биш шүү дээ. Адуунд дургүй улс, үндэстэн ч гэж байдаггүй юм билээ. Америк, Англи, Герман, Орос гээд л олон зуун жилийн турш морин спортыг хөгжүүлсэн жишээ олон бий. Морь уяж байгаа хүн уяан дээрээ хараал хэлдэггүй, жолоо, цулбуур, уурган дээгүүр алхдаггүй гэхчилэн хойч үедээ өвлүүлэх ёстой наад захын зан зан заншлуудаа бид мартах ёсгүй. 
 
-Морьтой нөхөрлөсөн эр хүмүүсийг жудагтай, ёс зүйтэй гэдэг үг байдаг юм билээ?
-Морь хүнийг олонтой болгодог, эр хүмүүсийн сайхан нөхөрлөлийг үүсгэдэг. Орчин цагт чөлөөт цагаа зөв, сайхан өнгөрөөх нэгэн хүчин зүйл болж байна даа. Төрийн ажил хийж байгаа нь ч тэр, хувийн бизнес хийж байгаа нь ч тэр их ажлынхаа хажуугаар адуун дээрээ, уяан дээрээ очоод сайхан амралт, эрч хүч авдаг. Үндэсний гэсэн олон зүйлүүдээ үр хүүхэддээ өвлүүлэх их ухаан, соёл байна. Та бүхэн наадмаар костюм өмсөөд зангиа зүүгээд морь унаж наадам үзэж яваа хүнийг тэр болгон хардаггүй байх. Сайхан монгол дээл, эдлэл хэрэглэл энэ хэдэн уяач, бөхчүүдийн дунд л байгаа шүү. 
 
-Танд төрийн ажлын хажуугаар морьдоо уяж, уралдуулах зав зай гарч байна уу?
-Тэр болгон амжихгүй юм даа. Өөрөө гардан уяад уралдаад явах зав зай бидэнд байхгүй. Удам угшилтай гэсэн адуугаа чаддаг мэддэг хүнээр уяулаад хэн хэндээ дэм болоод л явах нь зөв. Морь уяна гэдэг хэн бүхний ажлын завсар зайгаар хийгээд байдаг амар хялбар зүйл биш. Хоол, ундыг нь тохируулах, мориндоо бэртэл гэмтэл учруулахгүй зөв уях, хөнгөрөөх гэх мэт. Ялангуяа орчин цагт шинжлэх ухааны үндэстэй уяа шаардаж байна.  
 
-Таны адуун сүргийн удам угшил яаж бүрдэж байна? 
-Нутаг нутгийн л адуу байна даа. Үндсэн адуу бол мэдээж Сэлэнгэ суурьтай. За тэгээд, Англи, Араб, Орос гэхчилэн бий. Сэлэнгийн адуу бол газар зүйн байршил бусад байдлуудаасаа шалтгаалаад том, товир биетэй. Зэлтэр, Цагаан аралын боомтоор оросууд орж ирж зусдаг. Хадлан тэжээлээ бэлддэг зэргээс шалтгаалаад аль 70, 80-аад оны үеэс л адууны үүлдэр өөрчлөгдөж ирсэн. Энэ байдлуудаасаа шалтгаалаад манай аймгийн уяачдын холбоо төв холбооноос гаргасан адууны үүлдэрлэг тогтоох, өндрийг хэмжих хэмжүүрийг 2 см хүртэл нэмж байх жишээтэй. 
 
-Та тэргүүнээр нь сонгогдоод аймгийнхаа уяачдын эрх ашгийн төлөө би ийм асуудлыг шийдвэрлэсэн гэж тодотгох, онцлох ажил юу байна? 
-Аймгийнхаа Уяачдын холбооны тэргүүний ажлаа аваад эхний ээлжинд уяачдын баримтлах дүрэмтэй болсон. Дараа нь хурдан морины үнэлгээ тогтоох тогтоолыг аймгийнхаа ИТХ-аар батлуулсан. Ингэснээр хүний хурдан буянг нэг буруу гарын нөхөр будилуулчихаад цагдаа, шүүх болохоор махны адууны ханшаар хохирол яригддаг байсныг өөрчилсөн. Тухайлбал, сумын болон аймгийн наадамд орсон зэргээр нь тус тусад нь үнэлгээ тогтоож өгсөн. Хаврын бүсийн уралдааныг дээд гурван нас, бага гурван насны ангилал бүрээр хийдэг болсон. Үүнийг нь алдар цол авахад оруулдаг болсон. Мөн аймгийнхаа наадамд завсаргүй 4-5 түрүүлсэн моринд цол олгодог боллоо. Одоо цагт нэгэнт хурдан адуутай гэдэг нь батлагдаад байгаа Дорнод, Сүхбаатар аймгуудын МСУХ-той илүү нягт хамтран ажиллах, сумдын Уяачдын холбоогоо тэдгээр аймгуудын сумдын Уяачдын холбоотой хамтран ажиллах суурийг нь тавьж өгөх зэрэг ажлуудыг ойрын хугацаанд хийхээр төлөвлөж байна. 
 
-Энэ зун Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой бүсийн уралдаан аймагтаа зохион байгуулах гэж байгаа дуулдсан...? 
-Тийм ээ. Үүний цаана аймгийнхаа л уяачдыг дэмжсэн бодлого яваад байгааг хэлэх хэрэгтэй. Манайхан чинь тэр болгон ийш тийшээ яваад, наадаад байх боломж бололцоо хомс улс. Тэгэхээр өөрийн аймагтаа, гэрийнхээ ойролцоо улсын чанартай, Засгийн газрын тогтоолтой уралдаан зохион байгуулахад өөрийн болон нутгийн адууныхаа чанар чансааг шалгах том боломж бүрдэж байгаа юм. 2015 онд гэхэд л домогт халиун мориныхоо нутагт Улсын хаврын бүсийн уралдааныг хийсэн. Энэ онд Сүхбаатар сумын 80 жилийн ойг тохиолдуулаад улсын чанартай зуны бүсийн уралдаан хийхээр Засгийн газрын шийдвэр гараад байна. Энэ наадам ийм эртнээс зар, хугацаа нь тарж байгаагийн ач холбогдол бол манай уяачид, найз нөхөд, сум, орон нутгаараа нийлж, гал болж эртнээс бэлтгэлээ базааж сайхан наадах боломжоо бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй.  
 
-Ахмад уяачид, нэгэн насны амьдралаа адуутай холбосон буурлуудаа дэмжих, урамшуулах талаар аймгийн холбооны зүгээс анхаарч байгаа асуудлууд байгаа л байх...? 
-Цаг хугацааны болон бусад байдлаас шалтгаалаад баталгаа, батламжаа үрэгдүүлсэн, гээгдүүлсэн, дутуу тооцуулсан, насаараа адуу малтай ойр явсан буурлуудаа баярлуулах үүднээс хэд хэдэн хүнд Аймгийн алдарт уяачийн цол зэргийг нөхөж олгосон. Мөн төрийн одон медальд тодорхойлох, шагнуулах гэх мэт хийсэн, хийхээр төлөвлөж байгаа ажлууд байна. Одоо бид уяачиддаа сүүлийн үед морь сайн уяж, өндөр цол хэргэмд хүрсэн уяачдын зөвлөгөө зөвлөмжийг хүргэх, адууны үүлдэр угсааг сайжруулахад анхаарах асуудлуудыг хүргэх, өөр хооронд нь гүүр болох гээд төлөвлөсөн ажил бий. 
 
-Сэлэнгэ аймгийн уяачид нэгэн үед улсын наадамд зартай наадаж, айраг, түрүүг багцаар нь авдаг байсан даа? 
-Нэгэн цагт манай Баруун, Зүүнхараагийнхан, Зүүнбүрэн, Түшигийн уяачид одтой сайхан наадаж байсан. Улсын наадмын хязаалангийн эхний таван адууны дөрөв нь манай аймгаас орж байсан бахархал Сэлэнгийн уяачдад бий. Одоо энэ амжилтаа давтах, уяачиддаа дэмжлэг болгох үүднээс улсын наадамд азарга, их нас түрүүлгэсэн тохиолдолд холбооны зүгээс шагнал өгөх болзол зарлахаар яригдаж байгаа. Харин энэ болзлоо ямар шалгуур үзүүлэлтээр, яаж хэрэгжүүлэх гарцаа хайж байна. 
 
-Мөн Сэлэнгэ нутгаас төрийн наадмын түмэн эхээр цоллуулсан олонд цуутай алдарт хүлгүүд олон бий дээ? 
-Тийм ээ. Мандал сумын Ганбаатарын халзан, Баянголын Энхдаваагийн хар, Балжингийн халиун, Мягмардоржийн хар гэх мэтчилэн улсдаа зартай адуунууд байсан. Энэ цагт ч өөр аймаг, өөр уяачийн нэр дээр уралддаг хэдий ч Сэлэнгэ нутгийн унаган суман хүрэн, буган хүрэн, Даваанямын хар халзан, Амарбаясгалангийн хүрэн халзан зэрэг энэ цаг үед сайхан хурдалж байгаа буянгууд байгаа. 
 
-Чин сэтгэлийн халуун яриа өрнүүлсэн таны ажилд амжилт хүсье? 
-Баярлалаа. Сэлэнгэ түмний минь ажил үйлс нь өөдөө байж, ирэх он жилүүдэд хамтдаа нэгэн сэтгэлээр аймаг, орон нутгаа хөгжүүлэх их үйлс амжилтаар дүүрэн байг гэж ерөөе.
 
Д.Одонтунгалаг
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.