С.Мөнгөнчимэг: Элэгний өвчлөлийг бууруулж, иргэдээ эрүүл энх, элэг бүтэн байлгахын төлөө ажиллана

С.Мөнгөнчимэг: Элэгний өвчлөлийг бууруулж, иргэдээ эрүүл энх, элэг бүтэн байлгахын төлөө ажиллана

Засгийн газраас баталсан "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож үг хэлсэн юм. Мөн тус арга хэмжээнд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан үндэсний хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлэгчээр ажиллаж буй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг төлөөлж дэд сайд С.Мөнгөнчимэг оролцлоо.

Тэрбээр нээлтийн арга хэмжээний үеэр "Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар Монгол хүн бүхэн  эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах ёстой байдаг. Ингэснээр эрүүл мэндээ хамгаалах, өвдсөн тохиодолд  үүсдэг  санхүүгийн хүндрэлээ  шийдэх нэг боломж бүрддэг. Өнгөрсөн оны байдлаар эрүүл мэндийн даатгалд нийт хүн амын 84 хувь нь  хамрагджээ, Даатгалын санд 302 тэрбум төгрөг төвлөрч, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан иргэдэд 242 тэрбум төгрөг зарцуулсан  байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хувьд элэгний өвчлөлийг бууруулах, иргэдээ эрүүл энх, элэг бүтэн байлгахын төлөө хэд хэдэн ажил хийж байгаа. Юун түрүүнд С вирусийн эсрэг үйлчилгээтэй Харвони болон бусад төрлийн 5 эмийн үнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хайрцаг тус бүрт 210 мянган төгрөгөөр хямдруулсан.  Мөн элэгний В, С вирусийг илрүүлэх шинжилгээнд, даатгалд хамрагдсан 40-65 насны бүх хүмүүс буюу 500 мянган хүнийг хамруулан, эрүүл мэндийн даатгалын сангаас  1.4 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж байна. 2017 ондоо багтааж даатгуулагчийг урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулах ажлыг хэрэгжүүлнэ. Тодруулбал  40-65 насны бүх даатгуулагчид 5 жил тутамд 1 удаа үнэ төлбөргүйгээр эрүүл мэндийн иж бүрэн шинжилгээнд хамрагдах зохицуулалтыг бий болгохоор ажиллаж байна.
Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд цаашид Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг клиник эмнэлэг байгуулахад зориулахаар судалгаа шинжилгээний ажил эхэлснийг энд дуулгая аа. Иргэд маань, та бүхэн цаашид дэлхийн стандартад нийцсэн, эмчилгээ оношилгоогоор эх орондоо бүрэн дүүрэн үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам ажиллаж байгаа. Монголчууддаа элгээрээ энх амгалан, эрүүл, аз жаргалтай амьдралын ерөөлийг өргөе" гэж хэллээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас тус хөтөлбөрийн хүрээнд элэгний С вирусийн эмийн үнийг хайрцаг тутамд нь 210 мянган төгрөгөөр хөнгөлж, вирус тоолох лабораторийн шинжилгээний үнийн дүнд 80-120 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх шийдвэрүүдийг тус тус гаргаад байна. Мөн ойрын өдрүүдэд 40-65 насны даатгуулагчийн элэгний В, С вирусыг илрүүлэх оношилгоо, шинжилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөрийг нь 100 хувь хариуцахаар болоод байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.