Булганы “ганц дайчин”

Булганы “ганц дайчин”

“Хэн нь хэн бэ” булангийнхаа өмнөх дугаараас УИХ-ын гишүүдийн хэн нь хэн бэ, өмнө нь хэн байв, одоо хэн болов, юу хийж байна, сонгогчдын итгэл найдварыг дааж чадах төрийн түшээ мөн үү гэдгийг тольдон уншигчиддаа мэдээлж эхэлсэн билээ. Өмнөх дугаартаа бид УИХ-ын сонгуулийн 1-9 дүгээр тойргийн гишүүдийг онцолж, нэр дэвшигчийн намтар, хувь хүнийхээ хувьд хэн болох, цаашлаад төр түших ажлаа хэрхэн нэр хүндтэй хийж буйг нь уншигчиддаа хүргэсэн. Тэгвэл энэ удаагийн дугаарт, УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог болох Булган хангай нутгаас УИХ-ын гишүүнээр томилогдсон Ж.Бат-Эрдэнийг онцолж байна. Харин дараагийн дугаарт, 11 дүгээр тойрог буюу Говь-Алтай аймгаас УИХ-д сууж буй төрийн түшээ болох УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд таныг онцлох болно.

Хос мэргэжилтэй боловсон хүчин

Булган хангай нутаг УИХ-д ганцхан мандаттай. Өмнөх дугааруудад нэг аймгаас ядахдаа гурван гишүүн, эсвэл хоёр гишүүн сонгогдсон учраас гишүүн нэг бүрээр тоймлон бүтэн нүүр нийтлэл бэлтгэж байсныг уншигч авхай та санаж буй биз. Харин энэ удаад ганцхан гишүүнийг онцлох учраас Ж.Бат-Эрдэнэ гэж хэн болох, ямар амьдралын замналыг туулсан, УИХ-ын гишүүний үүргээ хэр нэр төртэй биелүүлж явааг, улмаар сонгогдсон тойрогтоо хэр ээлтэй гишүүн бэ гэсэн гурван сэдвийн хүрээнд тун дэлгэрэнгүй нийтлэл хүргэе. Ж.Бат-Эрдэнэ гэх нэрийг булганчууд тун сайн мэднэ. Харин улс төрийн хүрээнд тэр шинэхэн байж мэдэх. Яагаад гэвэл, тэр бусдын л адил хувийн хэвшилд бизнес эрхэлж, төрийн албанд жирийн мэргэжилтнээс хэсгийн дарга Төрийн нарийн бичгийн дарга болтлоо дэвшсэн “даруухан” намтартай. Бусад шиг ногоон гэрлээр даргын суудалд очиж, эсвэл цүнх барьж гүйсээр олонд танигдсангүй. Төрөөс төрсөн тэрбумтан биш учраас түүнийг хэвлэл мэдээллээр өдөр шөнөгүй бичиж, онцлоод байсан зүйл алга.

Гэвч эрхэлсэн ажлаа нэр төртэй биелүүлж явсан учраас төрсөн нутгийнхан нь түүнд итгэл үзүүлж УИХ-д томилсон хэрэг л дээ. Ж.Бат-Эрдэнэ 1983 онд 75 дугаар дунд сургуулийг дүүргэжээ. Улмаар Хөнгөн үйлдвэрийн техник мэргэжлийн сургуульд нэг жил суралцаж, үргэлжлүүлэн ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг инженер мэргэжлээр сурч төгссөн байна. Харин хуульч мэргэжлийг тун хожуу “Ашид-Эрдэнэ” гэх хувийн компанийн захирлаар ажиллаж байхдаа буюу 1998 онд эзэмшчээ. Энэ талаараа өөрийн цахим хуудсандаа бичсэн байдаг билээ. Нэгэн тэмцэгч эмэгтэйн зөвлөснөөр хуульч мэргэжил эзэмшсэн нь зөв сонголт байсан тухай дурссан нь бий. МУИС-ийн Хуульзүйн сургуулиас гадна Удирдлагын академийг төгсч инженер, хуульч эрхзүйч гэсэн хос мэргэжилтэй боловсон хүчин болон бэлтгэгдсэн байх юм. Мөн Удирдлагын ухааны магистр цолтой.

Өмнө бичсэнчлэн, хувийн хэвшлээс ажлын гараагаа эхэлж байжээ. Тодруулбал, ОХУ-д мэргэжил эзэмшсэний дараа ОХУ-ын Южно-Сахалинск хотын "Рыбкооп" улсын үйлдвэрт менежерээр ажиллаж байгаад зах зээл эхлэх үед хувийн компани байгуулан захирлаар нь ажилласан байна. Харин зам тээврийн салбартай холбогдсон нь 2000 он. 2000-2004 онд Дэд бүтцийн яамны харьяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын даргаар ажилласан талаар намтартай бичжээ. Дараа нь Зам тээвэр аялал жуулчлалын яаманд нэг жил, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар тасралтгүй дөрвөн жил, нийтдээ таван жил яамны “гал тогоог” хариуцсан байх юм.

2012 оноос хойш аймгийн намын даргын албан тушаал эрхэлж орон нутагтаа ажиллан, улмаар УИХ-д булганчуудын төлөөлөл болон сонгогджээ. Төрийн албаны энэ их ажлын хажуугаар хувийн хобби сонирхлоо ч мартдаггүй бололтой. Ж.Бат-Эрдэнэ спортод тун сонирхолтой гэнэ лээ. Сагсан бөмбөг, чөлөөт бөх зэргээр спортын бүх төрлийг өөрийн чадлаар дэмжиж, мөн өөрөө ч чамгүй тоглочихдог гэдгийг үеийн нөхөд нь ярьж байлаа. Төрийн бус байгууллагын ажлыг дэмжиж, Монголын ноос ноолуурын холбооны Ерөнхийлөгч, “Булган нэг үе” ТББ-ын тэргүүнээс гадна, Сагсан бөмбөгийн холбооны тэргүүн, аймгийнхаа Морин спорт уяачдын холбоо, Чөлөөт бөхийн холбоог тус тус тэргүүлэн ажиллаж явна. Хувь хүн талаасаа тэр хэн бэ гэдгийг зөвхөн намтар төдийхнөөр дүгнэх нь учир дутагдалтай.

Тиймдээ ч эрхэм гишүүнтэй ойр шадарладаг хэд хэдэн нөхөд рүү нь утас цохив. “Манай Баагий мужик” гэсэн дүгнэлт л тэдний амнаас гарч байв. Үеийн нөхөд нь түүнийг “Сахал” Баагий хэмээн дууддаг гэнэ. Эрхүүд оюутан байхдаа наймаа хийж, бас ч гэж найзууд дотроо баян оюутан байсан талаар тэд дурсав. Тэр үедээ нөхөрлөж явсан андууд олсон мөнгөө хуваагаад хэрэглэчихдэг, хэрэгтэй цагт нь тус болчихдог учраас өнөө хэр найзууд нь дотно нөхөртөө хир халдаахгүй хамгаалдаг нь илхэн. Нам дотроо жигүүр байгуулж, шинэчлэлт өөрчлөлтийн талаар зоригтой дуугарч байсан нь олонтай. Тойргийн сонгогчид нь ч түүнийг аливаа асуудлыг хамтдаа шийдэх гарц хайдаг, эхлүүлсэн ажлаа дуусгадаг, хамгийн гол нь би сонгогдсон бол болоо гэсэн сэтгэлээр ханддаггүй тойрогтоо үнэнч, “жинхэнэ эр хүн” хэмээн үнэлдэг гэдгээ орон нутагт нь ажиллах үеэр ярьж байсан юм.

Булганчуудын итгэлийг алдсангүй

Хувь хүн талаасаа тэр ийм хүн юмсанж. Харин төрийн түшээгийн ажлаа хэр биелүүлдэг бол гэдэг сонин байх нь мэдээж. Өмнө хэлсэнчлэн, Ж.Бат-Эрдэнэ төрийн албыг шат дамжлага бүрээр нь ажиллаж явсаар УИХ-д орж ирсэн. Тиймдээ ч шинэхэн гишүүд шиг мэдэхгүй чадахгүй, хуулийн төслөө ойлгохгүй гэх зовлон байсангүй. Гүйцэтгэх засаглалын бүтцэд ажиллаж төрийн албаны наад цаадахыг ойлгодог, хуулийн төсөл хэрхэн боловсруулах, батлуулах вэ гэдгийг хангалттай ойлгочихсон учраас гишүүнээр ажилласан даруйдаа л том том хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж эхэлжээ. Зам тээврийн салбарт олон жил ажилласан учраас авто зам, дэд бүтцийн хөгжлийн талаар хамгийн их ярьж, хэлж байгаа гишүүдийн нэг нь Ж.Бат-Эрдэнэ. Тэрбээр, УИХ-аар яг одоо хэлэлцэж буй Авто замын тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа. Замын чанар, аюулгүй байдалд анхаарах, эвдрэл гэмтлийн хариуцлагыг илүү чамбай болгох зорилготой уг хуулийн төсөл иргэдийн талархлыг зүй ёсоор хүлээсэн. Эрхэм гишүүн Эдийн засгийн байнгын хороо болон Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд харьяалагддаг. Чуулганы хуралдаан болон байнгын хороодын ирц нь ч чамгүй сайн.

Гэхдээ орон нутагт болон гадаадад томилолтоор ажиллаж эзгүй байснаар намрын чуулганы ирцэд хэд хэд бүртгүүлсэн байх аж. Энэ үедээ ажлын хэсгийн ахлагчаар нь ажиллаж буй Мал амьтаны эрүүл мэндийн тухай хуулиар хөдөө орон нутагт малчидтай уулзаж, мөн гадны орнуудад хуулийн төслийг боловсруулах шугамаар нэг хоёр удаа явснаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байх юм. Хуульч мэргэжилтэй учраас хуулийн төслийг боловсруулах, батлах, хэлэлцэх УИХ-ын гишүүний үндсэн ажлаа ядах юмгүй хийчихдэг түүнийг хувь гишүүнийхээ хувьд “онц” дүнтэй гэж хэлж болох нь. Тэр хэвлэлд ч хаалттай хүн биш. Өөрийн мэдэх сэдвээр нам, улс төрийн эрх ашигт хумигдахгүйгээр чөлөөтэй ярьчихна. Төсвийн тодотгол, Зөрчлийн тухай хууль, ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” зэрэг өргөн хүрээний сэдвээр түүний өгсөн ярилцлагууд хэвлэлийн хуудаснаа чамгүй олон байгаа юм. Булганчуудыг төрд төлөөлөх ажлаа тэр тун дажгүй хийж байгаа бололтой.

Тойргоо услагч

УИХ-ын шинэхэн гишүүд, ер нь хууччуулын хувьд ч ялгаагүй сонгогдсон эхний хоёр жил тойргоо бараг л мартчихдаг нь гэм биш зан. Харин сонгууль дөхөхөөр тэд өдөр болгон тойргоо тойглож, эгэл ардынхаа үгийг сонсдог нь худлаа биш. Харин Ж.Бат-Эрдэнэ тийм биш бололтой. Үүнийг би биш нутгийн иргэд хэлдэг юм билээ. Байсхийгээд л Булган давхиж, тойргийнхоо иргэдтэй уулздаг нь түүний цахим хуудас руу ороод харахад илхэн байв. Булган нутгийн хөгжил, хөдөө аж ахуйг хөгжүүлэх, тэр тусмаа хөгжлийн гарцаа гэж хардаг аялал жуулчлалыг бүрэн утгаар нь хөгжүүлэх талаар уулзалт хэлэлцүүлэг ч хэд хэдэн удаа хийжээ. Түүнээс ярилцлага авах гэж эсвэл цаг үеийн асуудлаар тодруулга авахаар залгах бүрт л орон нутагтаа ажиллаж байна хэмээнэ. Амралтын өдрөөр ч тойрогтоо л давхиж явах жишээтэй. Ж.Бат-Эрдэнэ гишүүн бүх сумдаараа тойрч иргэдтэйгээ уулзалт хийсэн бол энэ хавраас эхлэн баг, хот айлаар орж УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй асуудал, аймаг орон нутгийн хүрээнд гишүүний зүгээс хийж буй ажлаа ярьж санал солилцож яваа мэдээ хэвлэлээр олон удаа гарчээ. Өнгөрсөн намрын чуулганы хугацаанд 50 гаруй хоног Булган аймагт ажилласан бол он гарсаар 30 гаруй хоногийг тойрогтоо ажилласан хэмээн тайландаа дурьдсан байсан юм. Энэ нь нэг талаасаа УИХ-ын гишүүний хувьд тойргоо хамгийн их усалдаг, нөгөө талаас аймгийн МАН-ын даргын хувьд аймаг орон нутагт хийж хэрэгжүүлж буй ажлуудтай нь салшгүй холбоотой хэмээн тайлбарлав. Бүхэл бүтэн нэг аймгийг УИХ-д ганцаараа төлөөлнө гэдэг амаргүй. Нэг талаар талцаж хуваагдахгүй ганцаар шийдвэрээ гаргаад хурдтай, шийдвэртэй ажиллах давуу тал байгаа ч нөгөө талаар хөрөнгө санхүү дутмаг, хамтдаа зүтгэж, харилцан ярилцаад, улстөрчдийн дэмжихгүй асуудлыг дэм дэмэндээ зүтгүүлэх хамтрагчгүй байх тиймхэн байж мэдэх. Гэвч ганц дайчин ганцаардахгүй гэгчээр “би ганцаараа” гэж хойш суусангүй. Олон гишүүнтэй аймгуудтай адилхан хэмжээнд асуудлаа шийдүүлж чадаж байгаа нь хувь улстөрчийнх нь хувьд овсгоо, дайчин чанар гэхээс өөрөө юу гэхэв. Төв зам дагасан ч Эрдэнэт гэх том хотын сүрд дарагдаж, хөгжлөөрөө бусад аймгуудаас хойгуур байгаа төрөлх нутгаа хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах талаар чамгүй ажил хийсэн байна. Тухайлбал, ажилтай орлоготой өрхийн тоог нэмэгдүүлэх амлалтаа биелүүлэхийн тулд аймагтаа “Чацаргана” төслийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн гэнэ. Нэг суманд 1000 га талбайд чацаргана тариалах төсөлд айл өрхүүд нэгдэж хоршоо маягаар хамтран тариалалтаа хийх аж. Өнгөрсөн намар 1000 бут суулгасан бол энэ хавраас албан ёсоор тариалалтаа эхлүүлж багагүй гүйсний хүчинд 900 гаруй сая төгрөгийн бут суулгац авах, тариалах хөрөнгийг суулгаж чадсан байх юм. Харин эрхэм гишүүний овсгоо самбааг Ерөнхий сайд овжин харж тус төслийг Сэлэнгэ, Эрдэнэт, Хөвсгөл, Өвөрхангай, Төв аймгуудыг хамруулж бүсчилсэн төсөл болгох, дээрх аймгуудын дунд чацаргана боловсруулах томоохон үйлдвэрийг Засгийн газрын дэмжлэгтэйгээр байгуулан импортоор гаргах тухай ярьж дэмжин ажиллахаа илэрхийлжээ. Мөн Булган аймгаас мах, сүү бэлтгэх, айргаа брэнд бүтээгдэхүүн болгож үндэсний зах зээлд борлуулах гарцуудыг бий болгох, аймгаа аялал жуулчлалын төв бүс болгох гээд олон ажил хэргийг эхлүүлэхээр хөөцөлдөж, энэ чиглэлээр гадна дотны туршлагуудыг цуглуулж байгаа нь ажиглагддаг. Хэдхэн хоногийн өмнө Ж.Бат-Эрдэнэ гишүүний удирддаг “Булган нэг үе” ТББ-ын зүгээс “Хавдаргүй Булган” аяныг эхлүүлж аймгийнхаа бүх сум багийг хамруулан 25-аас дээш насныханд элэгний хорт хавдрын урьдчилсан үзлэг шинжилгээг хийж эхэлжээ. 14 мянга гаруй иргэдийг хамрах тус төсөлд 50 гаруй сая төгрөг шаардаж буйг аймгийн ЗДТГ, ТББ-ынхантайгаа хамтарч шийдсэн тухай ч мөн дуулдаж байх юм. Ж.Бат-Эрдэнэ гэж хэн болохыг уншигч таньд танилцуулахад ийм байна. Монгол төрийн үнэлэмж өдрөөс өдөрт унаж, даргын цүнх барьсан “нялх Сэнгүм”-үүдээр төр дүүрлээ гэх халаглал байдгийг нуугаад яахав. Харин олны дунд энэ мэт боловсролтой, мэдлэгтэй боловсон хүчин чамгүй их бий. Тэдний толгойг монгол төр зөв ашиглаж чадаж гэмээнэ Монгол Улсын хөгжлийн шат тун ч амархан дээшлэхсэн. Нам улс төрийн эрх ашгаар биш улсын хөгжил, үгүй ядахдаа аймаг орон нутгийнхаа хөгжлийн төлөө 76 гишүүн маань энэ мэт сэтгэл зүрх гаргаад ажиллаасай. Хууль боловсруулах, төрд төлөөлөх ажлаа нэр төртэй хийнэ гэдэг ямар ч магтаалаас илүү сайхан зүйл. Тойргийнхоо иргэдтэй уулзах нүүртэй, хийсэн ажилтай, хэлэх үгтэй байна гэдэг хамгийн чухал. Энэ үүргээ хангалттай биелүүлж яваа гишүүдийн нэгээр Ж.Бат-Эрдэнийг нэрлэхэд буруудах зүйл алга.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.