О.Баасанхүү гишүүн ээ, АН-д элсчихвэл дээр юм биш үү

О.Баасанхүү гишүүн ээ, АН-д элсчихвэл дээр юм биш үү

Намын даргаа Ерөнхийлөгчид өрсөлдүүлэх “алтан” суудлыг намдаа авч ирсэн УИХ-ын гишүүн О.Баасанхүү шиг “үнэ цэнэтэй” улстөрч одоогоор парламентад алга. Тэр УИХ-ын гишүүний үүргээ ч хангалттай биелүүлж байгаа. Дэгсдүүлж хэлбэл сөрөг хүчний 10 гишүүнээс ч илүү үүргээ биелүүлж, чуулганы ирц, хуралдаанд ирсэн гишүүдийн нэр усыг олон нийтэд лайв бичлэгээр хүргэдэг болоод буй.

Энэ нь АН, МАН-ын гишүүдийн зэвүүг хүргэж С.Бямбацогт сайдтай ам зөрөлдсөн нь саяхан. Хуульзүйн байнгын хорооны ирц бүрэн байхад гурван хүн сууж хуралдлаа хэмээн бичлэг цацсаныг нь С.Бямбацогт сайд шүүмжилсэн. Тэгвэл өнгөрөгч долоо хоногт АН-ын гишүүн Я.Санжмятав мөн л О.Баасанхүү гишүүнийг шүүмжилж харагдав. Хууль батлах ирц хангалттай байхад ирцгүй гэх мэтээр шоуддаг, намын дотоод асуудалд хүртэл оролцдог хэмээн шүүмжилсэн юм.

Юутай ч О.Баасанхүү сэдвээ олчихож. 65 гишүүнээр үнэмлэхүй олонхи бүрдүүлсэн ийм парламентад О.Баасанхүү шиг улстөрч байх нь чухал. Уг нь энэ ажлыг С.Жавхлан гүйцэтгэж, үнэнийг ард түмэндээ хүргэхээ амласан ч ойрын хэдэн өдөр танхимдаа ч морилохгүй байгаа. Харин бодит мэдээллийг газар дээрээс нь хүргэж буй О.Баасанхүүгийн үйлдэл ард түмэнд таалагдаж байгаа нь худлаа биш.

Гэхдээ энэ нь О.Баасанхүүгийн үнэд орсон шалтгаан биш. Эрхэм гишүүний олж ирсэн ганц суудлаар Н.Энхбаяр өнөөдөр юу дуртайгаа хийж байгаа. Улс төрийн хоёр том намыг шантаажилж, гурван тэрбум төгрөг нэхсэн тухай яриа саарал ордонд гараад амжсан. Мөн намынх нь нэрийг барьж нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн хүмүүсээс таван тэрбум төгрөг нэхсэн тухай яриа ч гарчээ.

Намын ахмад гишүүдээ өөрийн хүслээр хөдөлгөж, жагсаал цуглаан хийж, шүгэл үлээж, төрийн байгууллагын үүдэнд тэмцэл өрнүүлж “дөвчигнөж” байна. Угтаа О.Баасанхүүгийн олж ирсэн ганц суудал МАХН гэж нам амьд шүү гэдгийг харуулах шалтаг, шалтгаан болж байгаа юм. Хэрвээ О.Баасанхүү намаа сольчихвол Н.Энхбаяр ба түүнийг тойрон хүрээлэгчид хэн ч биш болно. Тиймээс О.Баасанхүү нэг талдаа гарч, сөрөг хүчний үүргээ биелүүлэхийн тулд АН-д элчихвэл дээргүй юу гэх яриа ч улс төрийн хүрээнд гараад байгаа аж. Эрхэм гишүүн ч ийм бодолтой яваагаа хэдхэн өдрийн өмнө твиттер хуудсаараа дамжуулан илэрхийлсэн.

Тэрбээр, “Олигтой ч сөрөг хүчингүй энэ үед АН д орж сөрөг хүчний хүчийг нэмэгдүүлдэг юм билүү. Шинэ Эрүүгийн хуульд эх орноосоо урвагчдыг өршөөсөн байна” хэмээн жиргэсэн юм. Энэхүү жиргээ нь магад намын даргадаа хаягласан байх магадлалтай. Хэрвээ Н.Энхбаяр О.Баасанхүүгийн ганц суудлаар шантааж хийж байгаа бол олсон мөнгөний хувиасаа О.Баасанхүүд өгөх нь зүй ёсны асуудал. Гурван тэрбумыг авсан бол тэндээс ядахдаа нэг тэрбумыг нь авах эрх эрхэм гишүүнд бий.

Энэ суудал үгүй болчихвол экс Ерөнхийлөгч маань хэн ч биш болох учраас шантааж хийж олсон мөнгөө эн тэнцүүхэн хуваах ёстой бус уу. О.Баасанхүү ойрын өдрүүдэд үнэд орсон шалтгаан энэ. Монголын улс төрд шантааж дутагдаагүй байна. Тиймдээ ч улс эх орныхоо эрх ашгийг боддог бол О.Баасанхүү гишүүн та АН-д элсчихвэл дээрсэн. Эс тэгвээс таны ганц суудлаар далимдуулсан шантааж, улс төрийн явуургүй үйлдэл хэрээс хэтэрлээ. Н.Энхбаяр ч гэсэн үнэхээр л зангарагтай улстөрч бол төрийн хуулиа хүндэтгээд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдэж, улмаар аль нэг нэр дэвшигчийг дэмжиж сонгууль оролцохоо мэдэгдчихвэл гоё харагдана даа. Мэдээж, МАН-аас болж ийм байдалд хүрч, Ардын намын улстөрчидтэй тангараг тасарснаас хойш АН-ын нэр дэвшигчээ дэмжинэ гэдгээ ил тод зарлачихвал болох биш үү. Нам дотроо ч ийм яриа гаргасан гэдэг юм билээ.

Б.Эрхэс

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.