Орхон аймаг тэргүүлж, Говь-Алтай сүүл мушгив

Орхон аймаг тэргүүлж,  Говь-Алтай сүүл мушгив

Өрсөлдөх чадвар гэх ойлголт  монголчуудын хувьд шинэ содон нэр томъёо биш.  Энгийн иргэдийн хувьд  БНМАУ зах зээлийн нийгэмд шилжсэн тэр он жилүүдэд л өрсөлдөх чадвар гээчтэй анх танилцаж байлаа.   Эрээнээс оруулж ирсэн  өмд гутал,  элсэн чихэр, будаа гурил нь "Дэнжийн мянга-“ын зах  дээр элдэв явдал чирэгдэлгүйгээр  маш хурдан зарагддаг байхын тулд сонголтоо зөв хийх  явдал гэдгийг  ойлгосон  нь чухамдаа өрсөлдөх чадвар байсан бол эдүгээ үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүн нь чанартай, үнийн хувьд дэлхийн жишгээс үл ялиг хямд байх аваас   дотоодын болон олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгддэг  гэдгийг  хэдийнэ ойлгосон.  

Харин эдийн засгийн суурь  онолд  улс орны  өрсөлдөх чадвар нь тухайн улс өөрийн нөөц  баялагтаа  тулгуурлан олон улсын зах зээлд үйлдвэрлэл үйлчилгээ үзүүлж, нэмүү ашиг олох чадварыг хэлнэ хэмээн тодорхойлсон байх  юм. Мөн  бүтээмж болон үр ашгийг өсгөж, инфляцийг  хөөрөгдөлгүйгээр иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх  суурь нь өрсөлдөх чадвар мөн  хэмээж.  Бас ажлын  байр бий болгох, ядуурлыг бууруулах хүчин зүйл ч гэж ойлгож болохоор юм билээ.   

Дэлхийн  улс орнуудыг  хөгжил цэцэглэлтийг хэмжих хэмжүүр нь ч энэ  аж.  БНМАУ ХХ зуунд  өрсөлдөх чадвараараа  тэргүүлэгч улс орны тоонд зүй ёсоор багтаж байв. Тэр үед төрийн  бодлого  боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг  эдийн засгаас илүүд үзэж байсан хэрэг.  Бичиг үсэгт тайлагдахаас өгсүүлээд муу өвчинтэй 1960-аад оны дунд үе хүртэл тэмцэж байж арайхийн  дарж авсан нь  чухамхүү тухайн цаг үеийн хамгийн том ололт байлаа. Дэлхийн чиг хандлага нь өөрөө ийм байсан юм.

Тэгвэл ХХI  зуунд дэлхий дахинд өрсөлдөх чадварын суурь үзүүлэлт  инновацид тулгуурласан эдийн засаг руу чиглэгдэж буй.  Гэхдээ дэлхийтэй хөл нийлүүлэхийн тулд бид хүссэн хүсээгүй өрсөлдөх чадварын тухай ярьж, түүний шалгуур үзүүлэлтийг хангах явдал.   Үүний тулд Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын  судалгааны төвийг 2010 онд байгуулж, тус төвөөрөө дамжуулан  хөдөө,  орон нутгийн өрсөлдөх чадварын тайланг гар­гах болсон. Энэ жилээс  тус төв үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлж, нийслэл, дүүргүүдийн  өрсөлдөх чадварт судалгаа хийж, тайланг олон нийтийн хүртээл болгож эхэлжээ.  

Тэдний гаргасан тайлан   шийдвэр гаргагчид бизнес эрхлэгчид, судлаачдыг бодит мэдээллээр хангахаас гадна  өдрөөс өдөрт улам бүр мэдрэгдэж байгаа хот, хөдөөгийн ялгаа нийгэмд хэрхэн нөлөөлж байгаад бодит дүгнэлт хийх боломжийг олгож байна. Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан гараад удаагүй байна.  Тодруулбал,  Монгол Улс 21 аймгаа эдийн засгийн чадавхи, хүн амын амьжиргааны төвшин, хөдөлмөр эрхлэлтийн байдал, инстутын тогтолцоо,  бизнесийн эрх зүй,  бизнесийн орчин, нийгмийн тогтолцоо, эрүүл мэнд, боловсрол  гэхчилэн хөгжлийг тодорхойлогч  хүчин зүйлүүдэд судалгаа хийн үзүүлэлтээр нь жагсаасан байна. Энэхүү тайланг аймаг бүрийн давуу болон сул тал байгааг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, болон дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйлийн 180 гаруй шалгуур үзүүлэлтээр харьцуулан   гаргажээ.  Түүнчлэн   өмнөх жилтэй харьцуулахад хамгийн их өссөн болон буурсан 20 үзүүлэлтийг  жагсаажээ.

Эдийн засгийн өрсөлдөх чадвараар Орхон аймаг тэргүүлж,  Дархан-Уул, Сүхбаатар, Дорно­говь, Сэлэнгэ,  Говьсүмбэр, Өвөр­хангай аймаг айргийн тавд бичигдсэн бол   Архангай, Дундговь, Говь-Алтай  сүүл мушгисан  байх жишээний. Дорноговь, Өвөрхангай, Баян-Өлгий  аймаг 2016 онд  өрсөлдөх чадварын бүхий л үзүүлтэд өмнө авсан оноогоо ахиулж,   эхний таван байрын болзлыг хангасныг  судалгааны төвийнхөн онцлон тэмдэглэж,  түүнийгээ улбар шар өнгөөр тодотгож өгсөн харагдана.  

Улбар шарын бүлгийг толгойлсоор байгаа   Орхон аймгийн хувьд   үндсэн дөрвөн үзүүлэлтэд бүгдэд нь 100 оноо авчээ.  Харин удаалж яваа  Өмнөговь аймгийн эдийн  засгийн тамир тэнхээ-95.09, засаглалын үр ашиг -93.62,  бизнесийн үр ашиг-98.34, дэд бүтэц-98.1  оноо авчээ.  Дархан-Уул аймгийн тухайд  үндсэн дөрвөн хүчин зүйлийн 180 гаруй шалгуурын ихэн­хэд нь  94 –өөс  дээш оноо  тухайлбал,  эдийн засгийн чадавхид -94.34, хоёр дахь нь 94.43, гуравдугаар үзүү­­лэл­тэд 97.97, дөрөв дэхэд 96,33 оноо авсан байх жишээний.   Дархан-Уул аймаг хүн амын амьжиргааны түв­шин,  бүтээн бай­гуулалт, тех­но­ло­гийн шинэчлэлээрээ ийнхүү эхний гуравт багтав. 

Дорноговь, Сүхбаатар аймаг   өнгөрсөн жил бүтээн бай­гуу­лал­таа­раа улсад тэргүүлсэн нь  өрсөлдөх чадварт нь эерэгээр нөлөөлж, авсан онооныхоо  хувьд бараг л тэнцэх шахсан байх юм.  Эдийн засаг хямарсан энэ цаг дор дорноговьчууд нөөц  бололцоогоо ашиглан иргэдийнхээ нийгмийн асуудлыг нэн даруй шийдэх зүйлийн жаг­саалтад багтаасны үр дүнд амжилтынхаа шатыг нэгээр ахиуллаа.  Гэр хороолол дахь явган хүний  зам, талбай хийгээд дэд бүтцийн асуудлыг зохих хэмжээнд шийд­сэн.   

Дотоодын аялал жуулчлалыг хөг­жүүлж байгаа байдал,  Сайншанд хотноо тун удахгүй ашиглалтад орох  240 айлын  орон сууц   зэрэг нь   эдийн засгийн өрсөлдөх чадварын шалгуур үзүүлэлтэд тэргүүлэх боломжийг олгосон байна.  Сэлэнгэчүүд  хүн амын амьжиргааны төвшингээрээ эдний араас  шил даран орж иржээ.   Ер нь Сэлэнгэ  аймаг өрхийн аж ахуй эрхлэгчдээ маш сайн дэмжиж буй. Хүн амынх нь чаддаг ганц зүйл нь ч байж мэднэ.   Төрд алба  хаших уу, хувиараа бизнес эрхлэх үү гэвэл хувийн хэвшлийг илүүд үзэх энэ аймгийн  өрх бүр хашаандаа төмс, хүнсний ногоо тариалж, гахай, тахиа тэжээдэг. Тэр хэрээр өрхийн орлого жилээс жилд нэмэгдэж байдаг юм.  Өвөрхангай аймгийн тухайд  хөгжлийн гарцаа жижиг дунд үйлдвэрлэл, бизнесийн орчинг сайжруулах явдал гэж тодорхойлсон  нь хамгийн оновчтой  шийдэл байсан  хэмээн дүгнэж болно. Тэгээд ч  мал сүргийн тоогоор улсад сүүлийн хэдэн жил тэргүүлсээр ирсэн. 

Мал, малын гаралтай түүхий эд, тодруулбал, ямааны ноосоос орж ирэх ашгийг орон нутагт шингээж үлдэх цаашлаад нэмүү өртөг шингээх тал дээр илүүтэй анхаарч байгаа нь өвөрхангайчуудад ийн өгөөжөө өглөө.  Мах боловсруулах болон ноос, ноолуур боловсруулах үйлдвэрээ  энэ жилдээ багтаан ашиглалтад оруулах аваас ирэх жил хамгийн өндөр оноо авахгүй гэх газаргүй.  Сүхбаатар аймгийн хувьд  засаг захиргааных нь  үйл ажиллагаа тогтворгүй байгаа ч  өнгөрсөн 2012-2016 оны хооронд хийж бүтээсэн  амжилтаараа айргийн тавд багтсан хэрэг. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг Сүхбаатарчууд л жинхэнэ утгаараа хийж чадсан байдаг.  Говьсүмбэр  сүүлийн найман жилд танигдахгүй болтлоо өнгө төрхөө өөрчилж, хөгжих төрхөндөө хэдийнэ орсон аймаг. Эл амжилт  нь Чойрынхныг эдийн засгийн өрсөлдөх чадвартай болохыг баталсан биз ээ.

Аймгуудын өрсөлдөх чадварыг графикаар харуулав.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.