О.Баасанхүү намаас гарахгүй гэдгээ мэдэгдлээ

О.Баасанхүү намаас гарахгүй гэдгээ мэдэгдлээ

МАХН-ын нэрээр Ерөнхийлөгчид нэр дэвшихээр болсон УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг МАХН-ын нэр бүхий гишүүд эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн. Тодруулбал, намдаа ганц суудал авч ирж, Ерөнхийлөгчид нэр дэвших боломжийг хангасан УИХ-ын гишүүн О.Баасанхүү нэр дэвшигчийг дэмжихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж, өнөөдөр СЕХ-нд гишүүний нэрээс албан тоот илгээхээ мэдэгдсэн юм. Мөн намаас гарахаа ч мэдэгдсэн билээ.

Тэгвэл энэхүү шийдвэрээсээ ухарсан талаараа О.Баасанхүү гишүүн өнөөдөр мэдээлэл хийхдээ онцлов. Гэхдээ нэр дэвшигчийг дэмжихгүй гэдэг байр сууринаасаа ухрахгүй хэмээлээ. Тэрбээр, “Би яг гарна гэж хэлээгүй. Гарахад битгий хүргээсэй гэж хэлсэн. Би намаасаа гарах, гарахгүй байхаас үл хамааран нэр дэвших эрх МАХН-д хадгалагдаж байгаа.

МАХН-аас сонгогдсон гишүүний хувьд МАХН-ыг зөв, шударга, үнэний талд байх ёстой гэдэг байр суурийг хатуу баримталж байгаа. би хоёр хүнийг дэмжиж байсан. Гадаад хэргийн сайд байсан Ц.Эрдэнэнчулуун, Гавьяат хуульч, академич С.Нарангэрэл нарыг дэмжсэн ч нам дэмжсэнгүй.

Н.Энхбаяр дарга надад хэлж байсан. Сонгуульд оролцох бол 10 тэрбумыг намд өгөх, мөн сонгуульд оролцох 3.5 тэрбумын баталгаа бичгээ өгөх ёстой гэдэг асуудал тавьсан. Мэдээж сонгуульд ороход мөнгө хэрэгтэй. Гэхдээ улаан цайм нам дээр мөнгө төгрөг авчирч өгнө гэдэг утгагүй. Энэ асуудлаар хэд хэдэн хүн нэр дэвшихээс татгалзсан. С.Ганбаатар хаанаас мөнгө гаргаж өгөх нь тодорхойгүй байна. Энэ хүн ямар намд харьяалалтайг мэдэх юм алга. Намаас гарсан орсон нь ч тодорхой бус байгаа” гэв.

Түүнчлэн, С.Ганбаатар үнэхээр мөнгөтэй бол, МАХН мөнгөтэй хүн нэр дэвшүүлж байгаа юм бол мөнгийг нь ил тод гаргах ёстой. Намайг нөгөө хоёр нэр дэвшигчээс мөнгө авсан гэж бичсэн байна лээ. Тэр мөнгийг нь авсныг мэдэж байгаа хүн байгаа бол би тэр мөнгийг нь 10 дахин үржүүлээд, тухайн хүнд нь өгье хэмээн бухимдлаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.