С.Жавхлан: Би ганцаардаж, шантарч байна

С.Жавхлан: Би ганцаардаж, шантарч байна

УИХ-ын Тамгын газраас гаргасан ирцэд УИХ-ын гишүүн Сү.Батболд, АН-ын гишүүн Б.Наранхүү, бие даагч гишүүн С.Жавхлан нарын гишүүд ирцийн таслалтаараа тэргүүлж буй мэдээлэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах болсон. Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр Төрийн ордонд УИХ-ын гишүүн С.Жавхлан мэдээлэл хийлээ.

Тэрбээр, УИХ-ын гишүүний хувиар УИХ, Засгийн газарт албан тоот хүргүүлсэн ч хариу өгөхгүй байгаа учраас ажил хаялт зарлаад байгаа аж. Гэтэл үүнийг нь ирцэд бүртгэхдээ хурлаа тасалсан хэмээн бүртгэж, улмаар С.Жавхлан хуралдаа суудаггүй хэмээж байгаад бухимдалтай байгаагаа илэрхийлсэн юм. С.Жавхлан гишүүн “Би ард түмнийхээ эрх ашгийн төлөө дуугардаг. Гэтэл үнэн ганцаардаж байна. Намайг нохой хуцсан чинээ ч сонсохгүй байна. Би дөрөвдүгээр сарын 19-нд Төрийн гурван өндөрлөг болон УИХ дахь намын дарга нарт шаардлага хүргүүлсэн. Нэг сар болж байна.

УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдод тавьсан шаардлагад би “УИХ-д олонхийн суудал бүхий намын дарга танаа. Та бүхэн хилийн чанадад данстай байгаа гишүүдийнхээ нэрсийг санаачилга гарган зарлаж УИХ-ын гишүүнээс татуулах. Мөн төрийн өндөр албан тушаалтнуудын гадаад дахь дансыг ч зарлаж, албан тушаалаас нь татах, мөн Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн нэр тодрохоос намынхаа данстай хүмүүсийн нэрийг гаргаж, мөн татвар нэмэх шийдвэр гаргасныхаа төлөө ард түмнээс уучлалт гуйх”-ыг шаардсан. Эдгээр шаардлагыг дөрөвдүгээр сарын 25-ны хугацаанд ирүүлнэ үү. Би шаардлагын хариу иртэл УИХ-ын болон чуулганы хуралдаанд суухгүй гэж бичсэн. Гэтэл миний үгийг тоосонгүй.

Мөнгөтэй хүмүүс хүчтэй юм байна. Хүний олон цөөхнөө барихгүй гэж үг байдаг. Гэтэл барьдаг юм байна. С.Жавхлан ард түмний саналаа сонгогдсон. Төрөө цэвэрлэх даалгавар авч, хэнээс ч юунаас ч айхгүйгээр тэмцээд явж байна. Үнэхээр лаг, хүчтэй юм байна. Мөнгө хүчтэй гэдгийг ойлголоо. Буруу төр дотор байх нь зөв ч юм уу, буруу ч юм уу. Түмэн олноосоо дандаа далий зүйл ярьж байгаа төрд суухыг ч хүсэхгүй байна.

Нарийн судалгаатай тоглож, ард түмний тархийг угаадаг юм байна” хэмээлээ. Энэ хүмүүс хурал хаяхаар зөв болдог, би хурал хаяхаар тасалсан болдог юм билээ. Мөн Ерөнхийлөгчийн сонгууль гэгч нь “Учиртай гурван толгой” жүжгийн хор найруулсан үйлдэл болж байгаа хэмээлээ. Мөн энэхүү шаардлагаа дахин УИХ-ын даргад хүргүүлнэ гэв. Хариу иртэл тэмцэхээ ч илэрхийлсэн юм. Монгол Улсыг гол гэж үзвэл цэнхэр, улаан хоёр будаг байнга булингартуулж байна. Би тэмцээгүй биш тэмцсэн. Гэхдээ шантарч байна хэмээн бухимдлаа. Мөн сэтгүүлчдийг ч мөнгөний төлөө яваад байна уу, үнэний төлөө тэмцээд байна уу хэмээн уурлалаа. 

Б.Тогтох

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.