Албан тушаалтнуудын холбогдсон гэмт хэрэг дээр гүйцэтгэх ажил хийхгүй гэв үү

Албан тушаалтнуудын холбогдсон  гэмт хэрэг дээр гүйцэтгэх ажил хийхгүй гэв үү

УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор өчигдөр /2017.05.17/-нд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Энэ хэлэлцүүлгийн үеэр хоёр асуудалд гишүүд анхаарлаа хандууллаа. Тодруулбал, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа тохиолдолд цагдан хорих байранд гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй хассан заалт, эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө прокурорын зөвшөөрөлтэйгээр хийсэн гүйцэтгэх ажиллагааны баримт хэрэгт нотлох баримт болохгүй гэдэг энэ хуулийн төсөлд явж байгаа аж. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдон Хууль зүйн байнгын хорооны хуралд АТГ-ын дарга Х.Энхжаргал оролцсон байна.

Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд:

-Цагдан хорих байранд янз бүрийн ажиллагаа явуулах болохгүй гэдэг энэ заалт орж ирж байн. Энэ нь танай үйл ажиллагаанд тухайлбал хэрэг илрүүлэлтэд нөлөөлдөг үү?

АТГ-ын дарга Х.Энхжаргал:

-Хуулийн байгууллагуудын удирдлагуудтай хийсэн уулзалт дээр нэгдмэл байр суурьтай буюу орохоор байсан чинь сая гэнэт хасагдсан байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт авлигатай тэмцэх бодлогоо чангатгана, сайжруулна гээд заачихсан байгаа. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг УИХ саяхан батлахдаа Авлигатай тэмцэх НҮБ-ын конвенцод нийцүүлэн сайжруулна гэдгээ хэлчихсэн. Гэтэл одоо цагдан хорих байранд гүйцэтгэх ажил хийж болохгүй гэж байна. Ингэхээр авлигатай тэмцэх ажилд лав сайнаар нөлөөлөхгүй. Авлига албан тушаалын гэмт хэрэгтүүдээ өршөөчиж байна. Заавал тэнд хориж цагдаж байгаад тагнаад байгаа асуудал биш. Бид нар бүгдээрээ мэднэ, хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулж болох бүх юм тэнд л явагддаг гэдгийг мартаж болохгүй. Тэр үйл ажиллагааг нь хянах гээд давхар юмнууд бий. Цагдан хорих байранд гүйцэтгэх ажиллагаа явуулж болохгүй болж байгаа нь авлигатай тэмцэх тэмцэлдээ нэг шат ухрахаар заалт гэж хэлэх байна.

Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд:

-Ажлын хэсэг ямар үндэслэлээр албан тушаалын гэмт хэргийг ийш нь оруулж ирсэн юм? Албан тушаалын гэмт хэрэг холбогдон шалгагдаж байгаа хүнийг цагдан хорих байранд байхад нь гүйцэтгэх ажиллагаа явуулж болохгүй гээд ороод ирсэн байна шүү дээ. Энэ гэмт хэрэг дээр явуулж болно, бусад дээр нь болохгүй гэж баймаар.

-АТГ-ын дарга Х.Энхжаргал:

-Авлигын асуудал дээр юу ч хийж болохгүй болчихож байгаа юм. Тэр битгий хэл наад хууль дээр чинь нэг ийм заалт байгаа Байнгын хороон дарга аа. Прокурорын зөвшөөрлөөр хууль ёсоор, эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө хийгдэж байсан гүйцэтгэх ажиллагааны баримт нотлох баримт болохгүй гээд заачихсан. Энэ бол ямар ч улсын хуульд байхгүй, үндэсний аюулгүй байдлын эсрэг заалт болж байгаа. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой терроризм, хар тамхи, хүн худалдаалах, авлига гээд урьдчилж гүйцэтгэх ажиллагаа явуулж байж илрүүлдэг хэрэг дээр нотлох баримт болохгүй гэхээр яах уу. Дэлхий нийтээрээ терроризмын аюулын тухай ярьж байхад, Монгол Улс энэ эрсдэлд ойрхон байхад бүх тусгай албадынхаа хийсэн ажлыг наадах чинь нотлох баримт болохгүй гээд төсвийн мөнгийг баахан хий хоосон үрсэн ажиллагаа болгоод өнгөрч байгаа ийм хоёр заалт байна. Энэ хоёр заалтыг эрхэм гишүүд анхаарч үзэхгүй бол авлигатай тэмцэх үйл ажиллагааг нөгөө “шүдгүй арслан” гэдэг шиг ярихаас цаашгүй болгож байна. Хуулийн байгууллагуудын удирдлагуудтай хийсэн уулзалт дээр энэ заалтуудыг оруулъя гэж санал нэгтэй тохирсон.

Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд:

-Харин тийм. Ажлын хэсэг энэ гэмт хэргүүд дээр гүйцэтгэх ажиллагаа явуулж болно гээд байна. Тэгсэн мөртлөө энэ бичлэг чинь хориглоно гэж биччихээд байна. Эдгээр гэмт хэргээс бусад гэмт хэрэгт цагдан хорих байранд гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй гэж томьёолохгүй бол, ажлын хэсэг яриад байгаагаасаа өөрөөр биччихээд байна. Алив, Нямбаатар гишүүн.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-Өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн чуулганаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль анхны хэлэлцүүлгээр ороход ажлын хэсгээс томьёолж оруулснаар албан тушаалын хэрэг дээр цагдан хорих байранд гүйцэтгэх ажил явуулъя гэдэг томьёолол бэлтгэж оруулсан юм. Гэтэл АН-ын бүлгээс дөрвөн шаардлага тавьсан. Үүний нэг нь хэрэг шүүхээс буцдаггүй байх ёстой, хоёр дахь нь албан тушаалын хэрэг дээр цагдан хорих байранд гүйцэтгэх ажил явуулахыг хасах санал оруулсан. Мөн саналын томьёоллын 45-д байсан саналыг татаж авсан. Тэрийг чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан. Одоо энэ дээр оруулж ирсэн саналын томьёоллоор байнгын хорооны гишүүд дэмжээд өгөөч ээ. Яагаад гэвэл, энэ дээр уншигдахгүй зүйл байхгүй, “Заасан гэмт хэргээс бусад тохиолдолд цагдан хорих байранд мөрдөн шалгах ажиллагаа явуулж болохгүй” гэсэн нь эдгээрээс бусад тохиодолд явуулж болно гэсэн санаа. Энэ дээр ТЕГ-аас санал авсан. ТЕГ бол үндэсний аюулгүй байдлын эсрэг бүх хэрэг дээр гүйцэтгэх ажиллагаа явуулъя, хүн төрөлхтний эсрэг тухайлбал, саяын Энхжаргал даргын хэлж байгаа терроризм, түүнийг санхүүжүүлэх, экстермист байгууллагад элсэн орох бүх төрлийн хэрэг дээр цагдан хорих байранд нууц ажиллагаа явуулъя, үүн дээр нэмээд зохион байгуулалттай гэмт бүлгийн үйлдсэн хэрэг тус бүр дээр явуулъя гэсэн байгаа.

Ш.Раднаасэд: Доторхийг нь ойлгож байна. Энэ дээрээс яагаад албан тушаалын гэмт хэргийг хасчихав аа гэдгийг асуугаад байна.

Х.Нямбаатар: Би сая их тодорхой хэллээ, манайд АН-ын бүлгээс дөрвөн санал ирүүлсэн. Тэр дөрвөн саналын 3 нь нэгдсэн чуулган дээр дэмжигдсэн. Дэмжигдсэн гурван саналын нэг нь албан тушаалын хэрэг дээр нууц ажиллагаа явуулахыг хориглоё гэсэн санал байсан.

Б.Дэлгэрсайхан: -Энэ их утгагүй юм яриад байх юм. Гишүүд ямар санал гаргахыг хүндэтгэж үзэх хэрэгтэй, ойлгож байна. Гэхдээ энэ чинь нөгөө цагаан захтнуудтай тэмцэнэ, авлигатай тэмцэнэ гэчихээд яг үүнийгээ хуулиасаа хасчихаад малын хулгайтай яриад наадах чинь инээдэмтэй зүйл болно. Наадах дээрээ албан тушаалтнууд гэдгээ оруулахгүй бол, бид нийгэмд шившигтэй харагдана аа. Хоёр морь хулгайлсан, айлын хонь хулгайлсан гэх мэт юман  дээр гүйцэтгэх ажиллагаа гэж ярьчихаад яг нарийн чухал юман дээрээ гүйцэтгэх ажил хийхгүй юм бол ямар хэрэгтэй. Албан тушаалын хэрэг гэдгээ оруулахгүй бол болохгүй ээ гэсэн санал гаргасан байна.

***                                                          ***                                                   ***

УИХ-ын нэгдсэн чуулганаар өнөөдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэлэлцэх юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.