Ерөнхийлөгч “Азийн хүүхдүүд” спортын наадмын хорооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч “Азийн хүүхдүүд” спортын наадмын хорооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын “Азийн хүүхдүүд” спортын наадмын хорооны удирдлагуудыг өнөөдөр хүлээн авч уулзав.

Уулзалтад Олон Улсын “Азийн хүүхдүүд” спортын наадмын хорооны Ерөнхийлөгч Д.Е.Глушко, тус хорооны дэд Ерөнхийлөгч, ОХУ-ын Төрийн Думын гишүүн, ОХУ-ын Олимпийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн М.М.Бариев, Гүйцэтгэх захирал В.В.Максимов, Олон Улсын “Азийн хүүхдүүд” спортын наадмын хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.А.Хатылыков нар оролцов.

Олон Улсын “Азийн хүүхдүүд” спортын наадмын хорооны Ерөнхийлөгч Д.Е.Глушко уулзалтын эхэнд тус наадмыг Монгол Улсад анх удаа 2020 оны 6 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөөд байгаа талаар танилцууллаа. Олон Улсын “Азийн хүүхдүүд” спортын наадмыг Монгол Улсад ийнхүү зохион байгуулах талаар хоёр тал 2016 онд Засгийн газрын түвшинд ярилцаж тохирчээ.

“Самбо, жудогийн нэртэй тамирчид ОХУ, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа нь спортыг дэмжин хөгжүүлэхэд чухал зүйл юм. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин спортын наадмууд зохион байгуулахын ихэд дэмждэг” гэдгийг төлөөлөгчид онцолж байлаа. Мөн энэхүү тоглолт нь зөвхөн спортын наадам бус, хөрөнгө оруулалтын том боломж юм гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Монгол Улсын хувьд  Олон Улсын “Азийн хүүхдүүд” спортын наадмыг анх 1996 онд ОХУ-ын Саха Улсын санаачилгаар зохион байгуулж эхэлсэн цагаас баг тамирчдаа оролцуулж, өнгөрсөн хугацаанд Монголоос 650 тамирчин оролцож 193 медаль авч, медалийн тоогоор Азийн орнууд дунд 3 дугаар байрт орсон амжилт үзүүлжээ. Уг наадмыг спортын 16-22 төрлөөр, Азийн 30 гаруй орны 16 хүртэлх насны хүүхдүүдийн дунд явуулдаг юм байна. Сүүлийн наадамд 37 орны тамирчид оролцож байжээ.

Олон улсын “Азийн хүүхдүүд” спортын наадам нь Олон улсын Олимпийн хороо, Азийн Олимпийн зөвлөлийн ивээл дор зохиогддог. Энэ наадам 2012 оноос ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн байна.

Хамгийн онцлог нь 2020 оны Олон улсын “Азийн хүүхдүүд” спортын наадамд монгол үндэсний бөхийн барилдааныг нэмж оруулах гэж байгааг тус наадмын хорооны Ерөнхийлөгч Д.Е.Глушко онцоллоо. Ингэснээр монгол үндэсний бөхийн барилдааныг дэлхийд сурталчлах зорилготой хэмээсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Би өөрөө спортын хүн учраас үүнийг сэтгэлээсээ дэмжиж, бас нөгөө талаар санаа зовж байна. Энэ наадмыг зохион байгуулахад шаардагдах стадион, дэд бүтэц, зохион байгуулалтын талаар санаа зовж байгаа юм. Үүний цаана Монгол Улсын нэр хүнд бий” гээд “Спорт бол миний сайн мэддэг салбар. Орчин үед сошиал ертөнцөөс болж хүүхдүүд биеийн тамир, спортоор хичээллэх нь багассан. Ийм үед олон улсын хүүхдийн спортын наадмыг Монгол Улсад зохион байгуулахаар болж байгаа нь сайн зүйл. Үүнд санаа тавьж, дэмжиж ажиллана” хэмээлээ.

Энэ наадмыг нутагтаа зохион байгуулахаар олон орноос хүсэлт ирсэн боловч Монгол Улс нь ОХУ-тай хөрш төдийгүй Азийн бүх оронтой сайн харилцаатай, монгол хүүхдүүд спортод их авьяастай зэргийг харгалзан 2016 онд энэ шийдвэрийг гаргасан гэдгийг Олон улсын “Азийн хүүхдүүд” наадмын хорооны удирдлагууд онцолж байлаа.

Тэд мөн ОХУ-ын Олимпийн хорооны Ерөнхийлөгч А.Жуков, Самбо бөхийн Олон улсын хорооны тэргүүн В.Шестяков нарын мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад уламжлав.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.