МАН ацан шалаанд байна

МАН ацан шалаанд байна

МАН хэзээ мөдгүй дэлбэрэх гэж байгаа галт уул шиг болчихоод байлаа. Тэгвэл Удирдах зөвлөлийн хурал болсны дараачаас дэлбэрээд эхэлчихлээ. Дэлбэрэх гол шалтгаан нь 60 тэрбумын асуудал байв. Мөн Шадар сайдыг хууль бусаар тагнасан, мөрдсөн, чагнасан гэх асуудал ч нэрмээс болчихлоо.  Одоо бол МАН энэ их халуунаа дарахын тулд яаралтай ямар нэг шийдвэртэй арга хэмжээ авах цаг боллоо. Гол нь энэ буцлам халууныг дарах “мөс” нь юу байх вэ гэдэг л байна.

Уг нь бол МАН хэдэн хүнд хариуцлага тооцоод л, ард нь тохироо энэ тэрээ хийгээд нэр цэвэр мултрах боломжтой байсан. Гэхдээ энэ намын удирдлагууд, дарга нар бүгд ацан шалаанд орчихлоо. Эхлээд 60 тэрбумын асуудлыг авч үзье л дээ. Намын Удирдах зөвлөлийн хурлаар хамгийн гол яригдсан асуудал нь энэ гээд байгаа. Тэгээд ч зарим хүнд хариуцлага тооцох талаар ч мэдээлэл гарсан. Гэвч эцсийн дүндээ намын Удирдах зөвлөл хэн нэгэнд хариуцлага тооцох үндэслэл байхгүй гэж үзсэн. Учир нь 60 тэрбумын наймаа ярьсан бичлэгийг эвлүүлэг гэж хуулийнхан тогтоочихоод байхад нам дотор хүнд хариуцлага тооцох үндэслэлгүй гэж үзэж байгаа аж.

Мэдээж хэрвээ хэн нэгэнд хариуцлага тооцчихвол МАН төрийн албыг 60 тэрбумаар наймцаалцахаар ярьсан бичлэг жинхэнэ гэдгийг хүлээн зөвшөөрөх болчихоод байгаа юм. Яахав, А.Ганбаатар тэргүүтэй хүмүүс ийм санал гаргасан. Гэхдээ би түүнийг нь дэмжээгүй гэх зэргээр намын дарга уснаас хуурай гараад, тэдэнд хариуцлага тооцоод өнгөрч болно. Тэглээ гэхэд МАН-ын нэр хүнд шавартай хутгалдаад дуусна биз дээ. Тийм болохоор эвлүүлэг гэж гүрийхээс өөр сонголт үлдсэнгүй.

Гэтэл өнөөх А.Ганбаатар нь өчигдөр хэвлэлийн хурал зарлаж, “Бид 60 тэрбумын талаар тоглоомоор ярьж байсан тал бий” гээд үнэнээ хүлээчихлээ. Дээрээс нь “Тэр хуралд өөр хүмүүс оролцсон” гэх мэтээр галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм ярьчихав. Араас нь өчигдөр орой Ц.Нямдорж гишүүн телевизээр ярилцлага өгөхдөө 60 тэрбумын бичлэг эвлүүлэг биш гээд хэлчихлээ. Ингээд л МАН ацан шалаанд орчихоод байна.  Энд хоёр, гурван фракцийн хоорондын “тоглолт” яваад байгаа юм шиг харагдавч цаанаа намын нэр хүнд улам л унаж байна гэсэн үг.

Одоо энэ ацан шалаанаас яаж гарах вэ. 60 тэрбумын бичлэгтэй холбоотой асуудлыг үгүйсгэж дайрах тусам нөгөө талаас ирэх “даврах шалаа” нэмэгдэх шинжтэй. Яахав, одоо эрх мэдэлтэй байгаа хэсэг эргүүлж “бэрс”-ээ хамгаалж байгаа ч байдал дээрдэх янз алга. Угаасаа А.Ганбаатарын хэвлэлийн хурал асуудлыг улам баталчихлаа. Мөн Нийслэл дээр ч даргынхаа эсрэг фракци гарч ирж, огцруулах бичиг сачигт гарын үсэг зураад яваад байгаа. Ингээд л асуудал хамгийн хүнд үе рүүгээ орчихоод байна.

Одоо МАН-ынхан  нэг, хоёр том “бод” хаяж байж ацан шалаанаас гарч, амьсгаа авахтайгаа болох нь. Харин тэр “бод” нь хэн байх вэ гэдэг нь сонин.  Магадгүй нэг тал нь “бэрс”-ээ алдаж байж асуудал цэгцрэх байх.  Хэвлэлүүд Засгийн газар унах талаар. Тэр ч битгий хэл хэн хэн дараагийн сайд болох вэ гэдэг таамгийг ч явуулаад байгаа. Гэтэл МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Шадар сайдыг ажлаа өгөхийг шаардсан гэх жиг жуг бас гарчихлаа. Өнөөх нь ажлаа өгч байгаад үзэлцэнэ гээд байгаа. Тэгэхээр одоогоор аль тал нь “бэрс”-ээ, “бод”-оо алдахыг хэлж мэдэхгүй нь. Эцсийн дүндээ МАН-ын нэр хүнд л навс унаж гүйцлээ. Яг үнэндээ 2, 3-хан хүний гайгаар шүү дээ.   

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.