Намаас хөөгдөх болзлоо хангасан У.Хүрэлсүхийн сөрсөн базаа

Намаас хөөгдөх болзлоо хангасан У.Хүрэлсүхийн сөрсөн базаа

Шадар сайд У.Хүрэлсүх албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өглөө гэсэн мэдээ өнөөдөр гэрлийн хурдаар түгэв. Түгсэн биш зохион байгуулалттайгаар түгээсэн гэвэл зөв болох байх. Энэ үйл явдлаар дамжуулан олон нийтэл өгөх гэсэн мессэж нь тодорхой. Албан тушаалаасаа татгалзаж чаддаг “Чанга гар” юм байна гэсэн PR ч явж байна. Ер нь бол У.Хүрэлсүх Монголын В.Путин юм гэсэн ойлголтыг төрүүлэх гэж нэлээд олон жилийн өмнөөс ажиллаж эхэлсэн л дээ. МАН-ын У.Хүрэлсүх яг ийм имиж бүрдүүлэх гэж зүтгэдэг. Энэхүү булчинтай чанга гар болох гэсэн дуусдаггүй ажиллагааны үргэлжлэл нь Шадар сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдөл байлаа. Өргөдлөө баасан гарагаар огноолсон хэрнээ даваа гарагт далайцтайгаар түгээсэн нь ажлаа хийх боломжгүй болсон хүний биш ард олноос эерэг оноо авах гэсэн улстөрчийн далд нүүдэл гэдгийг төвөггүйхэн харж болно. Улс төрд санамсаргүй үйл хөдлөл гэж нэгээхэн ч үгүй. Яагаад ийм нүүдэл хийх болсныг баримт түшин өгүүлье.

Улс төрд ганц хүний тоглолт хол явдаггүй бичигдээгүй дүрэм үйлчилдэг. У.Хүрэлсүх хэчнээн “чанга гар” болж, булчинтай харагдсан ч багийн тоглолтгүй бол талбайгаас хөөгдөнө. Сонгуулиар У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөр гэж сонгогчдод танилцуулагдаагүй, МАН-ын нэртэй мөрийн хөтөлбөр бол бий. Тэрхүү мөрийн хөтөлбөр, амлалтаа хэрэгжүүлэхийн тулд Засгийн газраа байгуулж багаараа зүтгэдэг. Гэтэл гэнэтхэн Шадар сайдынхаа ажлыг хийхгүй, тэр ч байтугай Засгийн газраа огцруулна гэж улайран зүтгэж байгаа У.Хүрэлсүх ямар дүрмээр тоглож явна вэ. Улс төрийн аль ч хүчинд намынхаа эсрэг ажилласан хутган үймүүлэгч, Засгийн газраа огцруулах санал өгсөн урвагчдыг гишүүнчлэлээсээ хасч, намаасаа хөөдөг дүрэмтэй. Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсны дараа намынхаа эсрэг ажилласан улстөрчдийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй, намаасаа хөөх хөдөлгөөн хүртэл АН дотор өрнөж байсныг хүмүүс санаж байгаа байх. У.Хүрэлсүх намынхаа мянга мянган гишүүдийн итгэлийг эвдсэн, Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшигчийнхээ эсрэг ажилласан нь олон нийтэд ил болмогц албан тушаалаасаа татгалзах жүжиг дэглэж, хүмүүсийн ярьдгаар сөрсөн базаа хийж эхэллээ.

Наанаа эх орончийн дүртэй У.Хүрэлсүх Шадар сайдын тусгайлан хариуцдаг намрын ид ажил, өвөлжилтийн бэлтгэлийн нөр их ажлыг хаяад амиа бодоод явах гэж байна. Буцах эхнэрт үнээ тугал нийлэх хамаагүй гэдэг шиг намынхаа, Засгийн газрынхаа эсрэг ажилласан түүнд улсын ажлыг цүлхийтэл хаяад явахад өвддөг сэтгэл үгүй ажээ. Түүний сэтгэл зүрхэнд төрдөө өргөсөн тангараг биш засгаа самрах, өөрийнхөө намыг дэгээдэж өрөөлд өгөөш болгох өс хонзон эргэлдэж яваа нь эргэлзээгүй байна. Нэг танхимд жил гаруй хамт суусан нөхдөө сааль сүүний цагаар хаяад зугтана гэж хэн санах билээ. Шадар сайд У.Хүрэлсүх нэгэнтээ асуудал тоочих гэж бус асуудал шийдэх гэж дарга, сайд болдог юм гэж хэлж билээ. Энэ үг олон нийтэд багагүй таалагдсан. Харамсалтай нь, У.Хүрэлсүх сайд хэдхэн сарын өмнө хэлж, хэвлэлийн өмнө шоудаж байсан энэ үгэндээ эзэн болж чадсангүй. Халуун намраар, өвлийн түрүүчээр намаасаа хөөгдөх хариуцлагаас мултарч, уснаас хуурай гарахын тулд ажлаа хаяад талийж өглөө. Асуудал шийдэх гэж биш амиа бодоод орхиод явах гэж Шадар сайд болсон юм гэж үү.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.