Валютын сангийнханд баярлалаа гэж хэлэх юм шүү

Валютын сангийнханд баярлалаа гэж хэлэх юм шүү

Нэн ядуу болон буурай хөгжилтэй орнууд ихэвчлэн сонгодог ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг Монгол Улс өнгөрөгч тавдугаар сараас эхлэн албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн. Уул уурхайн асар их баялагтай атлаа үүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй, гаднаас зээл гуйж суугаа “гайхамшигтай” улстөрчдийнхөө ачаар бид төрийн бодлогоо гадны нэг сангийнханд даатгачихаад сууж байгаа нь худлаа биш. Ёстой л гуравхан сая хүнийг ингэж амьдруулж буй манай улстөрчдийн сод билэгт ухаанд бишрэхээс өөр яалтай. Тэгвэл, бидний засаглах эрхийг гартаа атгачихаад сууж буй Олон улсын валютын сангийнхан саяхнаас энэхүү хөтөлбөрөө тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан юм.

Хэвлэл мэдээллээр энэ тухай мэдээлэл гарахтай зэрэгцэн Сангийн яам, Монголбанк үгүйсгэж, хэвийн үргэлжилж байгаа хэмээн булзсан. Гэвч булавч бултайж, даравч далдайна гэгчээр асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан гэдгийг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн өөрөө мэдэгдсэн нь саяхных. Шинэ Засгийн газар бүрдэх хүртэл түр хугацаагаар хойшлуулж, улмаар шинэ Засгийн газарт бодлого, үйл ажиллагаагаа танилцуулсны дараа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хэвийн үргэлжлэх нь нэгэнт тодорхой болчихоод байгаа юм.

Тэгвэл ойрын үед ОУВС-тай холбоотой дахиад л нэг шуум дэгдэв. Гэхдээ энэ удаад сайн мэдээ шүү. Ард түмний амьдралд сайн сайхан, харин улстөрчдийн хувьд аянга л гэсэн үг. Энэ нь банкны салбарт хийгдэж буй хяналт шалгалттай холбоотой юм билээ. Валютын сангаас  Монголын банкны салбарын эрсдэл даах чадварыг бодитоор тогтоох шаардлага тавьж, улмаар Чех улсын PWC компаниар банкуудын актив чанарын үнэлгээ /AQR/ хийлгүүлж байгаа. Үнэлгээ хийгдсэн цагаас хойш 20 гаруй хоног өнгөрсөн бөгөөд, шалгалтын дүн мэдээг арваннэгдүгээр сарын 30 гэхэд эцэслэн гаргаж өгөхөөр болсныг албаны эх сурвалж баталж буй юм. Тэгвэл  энэхүү шалгалт жирийн иргэний байрны зээл, жижиг дунд үйлдвэрийг дэмжихээр өгсөн зээл, Долгор эмээгийн тэтгэврийн зээлийг огтхон ч сонирхохгүй нь тодорхой.

Харин эсрэгээрээ улстөрчдийн толгойн өвчин нь энэхүү хяналт шалгалт болжээ. AQR-ийн багт ажиллаж байгаа эх сурвалжийн мэдээллээр Олон улсын валютын сан активын чанарын үнэлгээний хүрээнд улстөрчдийн авсан зээл, тэр дундаа сүүлийн хоёр жилийн хугацаанд авсан зээлийн мэдээллийг нэгтгэж байгаа аж. Ингэхдээ арилжааны банкуудаас гадна Хөгжлийн банкыг ч зүгээр орхихгүй бөгөөд бүр тусгайлан багцалж байгаа гэнэ лээ. Хэн гэж улстөрчийн компани хэдэн төгрөгийг юунд зарцуулахаар авсныг өглөг, авлагын байдал, хоорондоо хамааралтай эсэх, цаашлаад орлого, зарлагыг нь хүртэл нягталж үзээд шаардлагатай гэвэл зээлийн барьцааг хүртэл шалгахаар болжээ.

Хэрвээ энэ баттай бол тун удахгүй төрийн томчуудын олон тэрбумын зээл, хуурамч компани ашиглан хувьдаа завшсан мөнгөний асуудал дуулиан дэгдээх нь тодорхой. Монголын улс төрд зээлгүй улстөрч тун ховорхон. Мань мэт шиг цалингийн зээл авч тэнэгтэхгүй л дээ. Гэхдээ тэдний зээл тэрбумаар л тоологдоно. Ах дүү, амраг садны нэр дээр байгуулсан компаниараа дамжуулан их хэмжээний зээл авч, бүтээн байгуулалт хийх нэрээр үрж орхидог жишээ олон бий. Алдарт “Фортуна” буюу Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарын асуудал үүний тод жишээ. Хэдэн тэрбумын зээл авчихаад Монголбанкаар хаалгасан гэх дуулианд холбогдсон Ц.Гарамжавын асуудал гэх мэтээр улстөрчдийн зээлний дуулианыг бичвэл урт жагсаалт гарна. Тун ойрхон Төв банкинд болсон цөөхөн оролцогчтой хурлын үеэр ч энэ асуудал хөндөгдсөн гэдгийг албан бус эх сурвалж дуулгалаа. Угаасаа ч улстөрчид лобби ихтэй байдгаас тэдний зээлийн мэдээллийг тусгайлан сонирхож байж болох юм.

Үүнийг нь арилжааны банкууд ч бас хүлээн зөвшөөрч байгаа аж. Гэлээ гээд арилжааны банкуудыг ч бас давхар шалгалгүй үлдээж болохгүй гэдгийг Олон улсын валютын сангийнхан юу эс андахав. Ямартай ч AQR гэгч хэцүү нэртийн үр дүнд Монголын улстөрчдийн зээл, санхүүгийн мэдээлэл ил болж, олон нийтэд нээлттэй зарлагдах нь гэж олон нийтийн магнай тэнийж байна. Үр дүнгээ л өгөөсэй. Тэр цагт Валютын сангийнханд баярлалаа гэж хэлэх юм шүү. Эдийн засгийг дампууруулж, банкны салбарыг туйлдуулж буй идээ бээрийг хэн нэг улстөрч, намаас хамаарахгүйгээр шахаад гаргачихвал ч Сангийн “шар ах” нарт мөргөхөөс өөр яалтай.

Б.Өнөртогтох

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.