Ц.Мөнх-Оргил Гадаад харилцааны сайд нартай уулзлаа

Ц.Мөнх-Оргил Гадаад харилцааны сайд нартай уулзлаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганд оролцож буй Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил 9 дүгээр сарын 18-ны өдөр Бүгд Найрамдах Литва Улсын Гадаад хэргийн сайд Линас Линкевичиус, Румын Улсын Гадаад хэргийн сайд Теодор Мелешкану, Арабын Нэгдсэн Эмират Улсын Төрийн сайд Др. Султан Аль-Жабер нартай тус тус уулзав.

Бүгд Найрамдах Литва Улсын Гадаад хэргийн сайд Линас Линкевичиустай хийсэн уулзалтын үеэр талууд эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн чухлыг онцлоод, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, сэргээгдэх эрчим хүч, мэдээлэл, харилцаа холбооны технологи, боловсрол, мал эмнэлэг зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэв.

Мөн уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд нар “Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай” болон “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөх тухай” Монгол Улс, Бүгд Найрамдах Литва Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.

Румын Улсын Гадаад хэргийн сайд Теодор Мелешканутай хийсэн уулзалтаар талууд хоёр улсын эдийн засгийг төрөлжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тэр дундаа хөдөө аж ахуй, мал аж ахуй, соёл, боловсролын салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага судлах, мал эмнэлгийн үйлчилгээний салбарт мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлэв.

Арабын Нэгдсэн Эмират Улсын Төрийн сайд Др. Султан Аль-Жабертай хийсэн уулзалтын үеэр Арабын Нэгдсэн Эмират Улсын Төрийн сайд Др. Султан Аль-Жабер цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л чиглэлд өргөжүүлэн хөгжүүлэх талаар хамтран ажиллах сонирхолтой буйгаа илэрхийлэв. Ялангуяа хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, экспортын хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил АНЭУ-д зохион байгуулагдах “ЭКСПО 2020”-д Монгол Улс оролцох хүсэлтэй байгааг мэдэгдэж, хамтын ажиллагааг эдийн засгийн чиглэлд түлхүү хөгжүүлэхийн чухлыг мөн тэмдэглэв.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.