МАН “Урвагчдын Засгийн газар” байгуулах уу

МАН “Урвагчдын Засгийн газар” байгуулах уу

Нэг урвасан хүн хоёр дахиа урвадаг гэсэн хэлц бий. Энэ хэлц МАН-ын өнөөгийн дотоод зөрчил дээр улам тод харагдаж байна.

Ардын намыг хаяж явсан, эсвэл АН-аас дүрвэж ирсэн гишүүд нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах гол дүрд тоглоцгоолоо. Нам нь ялагдчихсан байх үед УИХ-ын гишүүний албан тушаалаасаа татгалзаж, сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхээс зугтсан У.Хүрэлсүх гэхэд л МАН-ын өнөөгийн зөрчлийн галыг парламентын гадна талаас өрдөж байгаад Засгийн газрыг огцрууллаа.

Тэгвэл энэ сарын 25-нд товлогдсон МАН-ын Бага хурлын сонголтоос олон зүйл хамаарах нь. Бага хурлын өмнөх МАН-д одоо юу болж байна вэ. Удирдах зөвлөлийн хурлын явцаас харахад Бага хурал Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулаад, ирэх сарын 2-нд нээлтээ хийх УИХ-ын ээлжит чуулганаар 30 дахь Ерөнхий сайдыг УИХ-аас томилох нь. Өөрөөр хэлбэл, МАН-ын Их хурлаас сонгогдох шинэ дарга хэн байхаас үл шалтгаалж, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдын нэр энэ сарын 25-нд болох МАН-ын Бага хурлаас гарч ирэх нь.

Мэдээж МАН улс төрийн туршлагатай хүчний хувьд Төрийг тогтвортой байлгах үүднээс шинээр сонгогдох Ерөнхий сайд нь МАН-ын дараагийн дарга болох магадлал өндөртэй хүн байх нь гарцаагүй биз ээ. Иймээс л хөшигний ард талд улс төр буцалж буй өдөр хоногууд яг одоо үргэлжилж байна.

Сингапурын, Сэлхийн, Тэрэлжийн, “Энканто”-гийн гээд МАН-ын гишүүдийн бүлэглэсэн уулзалтууд хаа сайгүй болж байгааг хэвлэлүүд мэдээлж байгаа энэ үед дараагийн Ерөнхий сайдад нэр дэвших магадлалтай 10 гаруй хүний нэрс гарчээ. Хамгийн сонирхолтой нь эдгээр нэрсийн жагсаалт дотор намынхаа байгуулсан Засгийн газрыг огцруулах кноп дарсан гишүүд давамгайлж байх юм. У.Хүрэлсүхээс гадна Сү.Батболд, Ц.Нямдорж, Ч.Улаан, Ч.Хүрэлбаатар, Ж.Энхбаяр гээд энэ нэрс  хөвөрсөөр л, тэлсээр л байна. Харин салбарын сайд болохоор горилж байгаа хүмүүс гэвэл Засгийн газраа унагасан МАН-ын 31 гишүүн бараг бүгдээрээ байх юм. Албан тушаалын төлөө яваагүй гэсэн Т.Аюурсайханаас эхлээд л Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Н.Учрал, Х.Нямбаатар, Я.Содбаатар гээд бүгд дор бүрнээ Ерөнхий сайд биш юм гэхэд, сайдын суудалд санаархаж яваа сурагтай. Эндээс дүгнэхэд, МАН-ын Бага хурал дараагийн Ерөнхий сайдыг тодруулахдаа Засгийн газрыг унагах кноп дарсан 31 гишүүнээс сонголт хийхгүй байх нь өөрөө хамгийн том зарчим байх ёстой юм. Яагаад гэвэл нэг урвасан хүн хоёр дахиа урвах нь батлагдчихсан зүйл шүү дээ!

Гүйцэтгэх засаглалын тэргүүн нь Засгийн газрын гишүүдээ УИХ-д санал болгож томилуулдаг хууль Монголд үйлчилж байгаа. Хуулийн энэ алтан зарчмаас харвал хэн Ерөнхий сайд байхаас хамаарч танхимын гишүүд нь тодорхой болох юм. Хэрэв мэргэжлийн Засгийн газрыг огцруулах кнопыг АН-тай хавсарч дарсан 31 дотроос шинэ Ерөнхий сайд тодорвол дараагийн Засгийн газар бүхэлдээ тийм л танхимтай болно. Шинэчлэлийн, Шийдлийн, Мэргэжлийн гэх Засгийн газрын тодорхойлолтуудтай жишвэл шинэ Засгийн газар “Урвагчдын Засгийн газар” болж хувирах юм. Жишээ татъя. Ерөнхий сайд нь 31 дотроос тодорчихвол Засгийн газарт урвагчдаас хэн хэн орж ирэх бол. Сангийн сайдад нэр нь хүчтэй яригдаж байгаа хүн л гэхэд Ц.Даваасүрэн байна. Мэргэжлийн Засгийн газрыг огцруулах кноп дарсан тэрбээр улс төрийн ямархуу замнал туулсан билээ. МАН-ын нэрээр УИХ-д анх орж ирчихээд 2012 оны сонгуулиар бие даан гарч ирсэн байдаг. Дугуй дугуйгаа олно гэдэг шиг МАН-аас урвасан Х.Болорчулуунтай хамтдаа АН-тай наймаалцаж, 2012-2016 онд МАН-ыг буланд шахаж явсан л хүмүүс. Гэсэн ч тэднийг МАН буцааж авч, УИХ-д гаргаж ирчихээд өнөөдөр Засгийн газраа огцруулаад сууж байгаа нь бодит үнэн.

Урвадаг, шарвадгаараа алдартай Ч.Улаан ч бас МАН, МАХН-ын хооронд хэдэнтээ гүйж, албан тушаалын хуваарилалт болгонд орж явсан хүн. Одоо яаж байна. Засгийн газрыг огцруулах кноп дарсныхаа шанд дараагийн танхимд сайд болох тохироог хийж явна. АН-д сүр дуулиантайгаар элсч, ҮЗХ-д нь сууж явсан А.Сүхбатыг Ардын намын дэргэдээ авч, УИХ-д оруулж ирсэн. Нэг урваж болсон юм чинь хоёр дахиа урвахад юу байхав. Тэр бас л Засгийн газрыг огцруулах кноп дарж, дараагийн Засгийн газрын сайд хийхээр зүтгэж байна.  Ингээд жагсаагаад байвал наймааны 31-ээс хэн нь ч Ерөнхий сайд, тэр байтугай салбарын сайд хийх ёс зүйгүй хүмүүс юм. Хэрэв Ерөнхий сайд засгаа унагасан 31 дотроос доторвол дараагийн Засгийн газрын оноосон нэр нь “УРВАГЧДЫН ЗАСГИЙН ГАЗАР” байх нь гарцаагүй билээ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.