АТГ 3.1 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ

АТГ 3.1 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ

2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн хэвлэлийн бага хуралд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Н.Дамдинсүрэн нарын хийсэн мэдээллийг танилцуулъя.

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүгийн хийсэн мэдээлэл

  • Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс өнгөрсөн сарын хугацаанд Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтэс, ЦЕГ-ын Замын цагдаагийн албаны төв, орон нутгийн удирдах албан тушаалтнууд, Нийслэлийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэлийн байцаагч гэх мэт нийт 484 хүнд авлигаас урьдчилан сэргийлэх асуудлаар сургалт зохион байгуулж ажиллаа. 2017 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн энэ мэт зорилтот бүлэгт чиглэсэн сургалт, мэдээллийн ажлыг Олон нийтийн төвд тогтмол зохион байгуулах төлөвлөгөө гарсан бөгөөд сар бүрийн 1, 3 дахь 7 хоногт явагдна. Харин сар бүрийн 2, 4 дэх 7 хоногт Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон сургалтууд явагдана.
  • Олон нийтийн төвд авлига-хүнд суртлыг мэдээлэх 18001969 дугаарын утсыг тогтмол ажиллуулж, иргэд, олон нийтээс авлига, албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчил, хүнд суртал, чирэгдлийн талаар гомдол мэдээлэл хүлээн авч, шийдвэрлэлтийн талаар иргэдэд эргэн мэдээлж эргэх холбоотой ажиллаж байна. Түүнчлэн уг утсаар хандаж байгаа иргэдэд хуульзүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлж байна. Энэ сард нийт 17 дуудлага хүлээн авснаас 10-ыг нь гомдлоор хүлээн авч, 7 иргэнд хууль эрхзүйн зөвлөгөө, лавлагаа өгсөн байна. Тухайлбал, Сонгино-Хайрхан дүүргийн дугаар хорооны иргэнээс 18001969 утсаар “Сутайн буянт ХХК СХД-ийн 20 дугаар хороо, Сонсголонгийн зам гэдэг гудамжинд нийтийн эзэмшлийн газар, улсын онцгой обьект болох шилэн кабелийн шугам таглаж төв замын далан дэрлүүлэн 4 давхар барилга барьж байгаа бөгөөд энэхүү барилга баригдсан газар нь нийслэлийн ерөнхий  төлөвлөгөөнд агаарын шугам явахаар тусгагдсаныг тасалсан” гэх гомдол өгсөний дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын холбогдох албаны хүмүүсээр шалгалт хийлгэхэд уг асуудал тогтоогдсон бөгөөд Мэргэжлийн хяналтын газраас тус компанид албан шаардлага хүргүүлэн Зөрчлийн тухай хуулиар шийтгэлийн арга хэмжээ ногдуулсан байна. Иймд иргэд олон нийт энэ мэт хууль бус үйлдлүүдийг тухай бүр зохих төрийн байгуулагад хандан шийдүүлж байх нь Монгол улсад хууль нэг мөр хэрэгжих нөхцөл боломж бүрдэх юм.
  • Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын хээл хахуультай тэмцэх албаны ажлын хэсгийн боловсруулсан авлигатай тэмцэх бүс нутгийн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагддаг Зүүн Европ, Төв Азийн Авлигын эсрэг сүлжээнээс гаргасан зөвлөмжүүдийн хүрээнд Монгол Улсаас авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар тайлагналаа. Уг уулзалтад Армени, Азербайжан, Гүрж, Киргиз, Казахстан, Тажикистан, Монгол, Украйн, Узбекистан зэрэг улс орноос төлөөлөгчид оролцож, авлигатай тэмцэх, төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах чиглэлээр хийсэн ажлаа тайлагнахын зэрэгцээ олсон амжилт, сайн туршлагынхаа талаар танилцуулав. Монгол Улсын хувьд өнгөрсөн нэг жилийн хугацаанд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталсан, Эрүүгийн хуульд авлига, албан тушаалын гэмт хэргийг тусад нь бүлэг болгон томъёолж, Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийн үзэл баримтлалд нийцүүлсэн зэрэг томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.
  • Авлигатай тэмцэх газар, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Олон улсын болон үндэсний хэмжээнд авлига, мөнгө угаах явдалтай тэмцэх нь” сэдэвт сургалтыг 9 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд “Олон нийтийн төв”-д зохион байгууллаа. Энэхүү сургалтад Интерпол, Их Британийн Онц залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны мэргэжилтнүүд ирж прокурор, Авлигатай тэмцэх газар болон цагдаагийн мөрдөгч нар, Монголбанкны холбогдох албан тушаалтнууд оролцож авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах, яллахтай холбоотой олон улсын стандарт, зарчмууд, заавар зөвлөмж, авлигын гэмт хэргийн улмаас олсон ашгийг хураан авахтай холбоотой дотоодын болон олон улсын зохицуулалтыг зөв ашиглах, хууль бус хөрөнгийг олж тогтоон, буцаан авчрахтай холбоотой олон улсын хамтын ажиллагааг зохион байгуулах, санхүүгийн болон авлигын гэмт хэрэгтэй тэмцэхтэй холбоотой хамтын ажиллагааны эрх зүйн орчин, практикийн асуудлууд, ялтан шилжүүлэх, хөрөнгийг буцаан авах ажиллагаа, эрх зүйн туслалцааны хүсэлт боловсруулахад бэлтгэх, нээлттэй эх сурвалжаас мэдээлэл цуглуулах зэрэг сэдвүүдээр ярилцаж, мэдээлэл солилцлоо.
  • Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр Авлигатай тэмцэх газрын нийт 7 баг яам, агентлаг, нийслэл, дүүргийн байгууллага болон төрийн өмчит аж ахуйн нэгжид 2017 оны 3-5 дугаар сард ажилласан. Ажлын хэсгүүд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, яам, агентлагийн дэргэд болон нийслэл, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авах, авлигын эрсдлийн үнэлгээ хийх, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлах, авлигын эсрэг сургалт зохион байгуулах, арга зүйн туслалцаа үзүүлэх зорилготой ажилласан. Энэ ажлын хүрээнд яам, агентлаг, нийслэл, дүүрэгт ажилласан тайлангийн үр дүнгээр илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, авлигатай төрийн үйлчилгээ, хүнд сурталтай төрийн үйлчилгээ, төрийн албан хаагчдын гаргасан хууль бус шийдвэр, албан тушаалын томилгоо, тендер сонгон шалгаруулалтын үйл ажиллагааны талаар холбогдох яам, агентлагийн албан хаагчидтай уулзаж, зөвлөмж чиглэл өгч эхэлж байна. Энэ ажлыг өнөөдрөөс эхлэж байгаа бөгөөд БХЯ, ЗХЖШ-ын холбогдох албан тушаалтнууд оролцож байна. Илэрсэн ноцтой зөрчлүүдийн талаар тухай бүр олон нийтэд нээлттэй мэдээлж байх болно.

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатарын хийсэн мэдээлэл

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу нийтийн албан тушаалтнуудыг төрийн албанд орох, сэлгэн томилох, дэвшин томилох үед хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг нь хянадаг. Өнгөрсөн нэг сарын хугацаанд 588 мэдүүлэг хянасан байна. Үүнээс ашиг сонирхлын зөрчилтэй 2, зөрчилгүй 534, буцаасан 20, анхааруулсан 34 байна.

Эндээс илт ашиг сонирхлын зөрчилтэй 2 хүний талаар танилцуулъя. Гадаад харилцааны яамны Консулын газрын мэргэжилтнээр томилогдохоор нэр дэвшсэн Ж.Дашням нь Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгчийн үүргийг гүйцэтгэж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8-д төрийн жинхэнэ албан хаагч "аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдох, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн бусад байгууллагад орон тооны албан тушаал хавсран гүйцэтгэх", мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д "Албан тушаалтан энэ хуулиар зөвшөөрснөөс өөр ажил, албан тушаал давхар эрхлэхийг хориглоно" гэж заасныг зөрчсөн байна.

Мөн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргаар томилогдохоор нэр дэвшсэн Жигмидийн Хатанбаатар нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт "сумын Засаг дарга нь дээд боловсролтой байх" гэж заасан ерөнхий шаардлагыг хангахгүй болох нь тогтоогдсон.   

Тус хэлтэст энэ хугацаанд нийт 47 өргөдөл ирсэн. Үүнээс 12-ыг нь шийдвэрлэсэн. Одоогоор ажиллагаанд 36 өргөдлийн үлдэгдэлтэй байна. 

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Н.Дамдинсүрэнгийн хийсэн мэдээлэл

Мөрдөн шалгах хэлтсээс өнгөрсөн 9 дүгээр сарын мэдээллийг 2016 оны мөн үеийнхтэй харьцуулсан байдлаар танилцуулъя.

2017 оны 9 дүгээр сарын байдлаар Мөрдөн шалгах хэлтэс нийт 287 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Өмнөх онд тус хэлтэс 193 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан бөгөөд энэ нь 48.7 хувиар өссөн дүнтэй байна. Өссөн шалтгаан юу вэ гэхээр, Та бүхэн мэдэж байгаа, 2017 оны 7 дугаар сарын 1-нээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль шинээр мөрдөгдөж эхэлсэн. Ингэснээр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн хэргийн харьяалалтай холбогдуулан ийм өсөлттэй гарч байгаа юм.

2017 оны 9 дүгээр сарын байдлаар нийт 83 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай, 42 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай, 34 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай, 14 хэргийг өөр хэрэгт нэгтгэж, 3 хэргийг түдгэлзүүлж, одоо мөрдөн байцаалт хэрэг бүртгэлтийн шатанд 111 хэргийн үлдэгдэлтэй байна.

Шийдвэрлэсэн хэрэг 83 байгаа нь өмнөх оноос 30 хэргээр өссөн үзүүлэлт юм.

Өргөдөл, гомдлын хувьд, өнгөрсөн оны мөн үед 310 өргөдөл, гомдол шалгаж байсан бол энэ хугацаанд 325-ыг шалгаад байна.

2017 оны 9 дүгээр сарын мэдээгээр, мөрдөн шалгасан нийт хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын хэргээс 13-ийг шүүхэд шилжүүлэх саналтай, 6 хэргийн хэрэг бүртгэлтийг хаах саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

Гэмт хэргийн хохирол шийдвэрлэх, нөхөн төлүүлэх, хөрөнгө битүүмжлэх ажиллагааг тасралтгүй явуулж байна. Өнгөрсөн онд нийт 32 тэрбум төгрөгийн хохирлтой хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан бол энэ жил 9 сарын байдлаар нийт 34 тэрбум төгрөгийн хохиролтой хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа яьуулж байна. Үүнээс бид 3.1 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 15.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хамгаалж ажилласан байна.

Шүүхэд шилжүүлэх саналтай 13 хэргээс та бүхэнд заримыг онцолж танилцуулъя. Тухайлбал, Хөгжлийн банкны хэрэг, Зам тээврийн яамны нэр бүхий албан тушаалтнуудад холбогдох хэрэг, Цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит компанид холбогдох хэргүүдийг прокурорын байгууллага болон шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэн ажиллаж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.