Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумынхан хөлөө жийлцээд эхэлжээ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумынхан хөлөө жийлцээд эхэлжээ

Саяхан  сүр дуулиантайхан 80 жилийнхээ ойг тэмдэглэсэн  Сүхбаатар сумын ЗДТГ-ынхан хоёр хуваагдаж, хөлөө жийлцээд эхэлсэн байна. Хэргийн учир ойн арга хэмжээнд хандиваар цугласан 340 сая төгрөг юунд зарцуулагдсан  талаар тайлан мэдээ гаргаагүй,  үе үеийн дарга нараа уриагүй зэргээс  улбаатай гэнэ. Сумын иргэд тайлангаа тавихыг шаардаж эхлэхэд Засаг дарга н.Гантулга  Тамгын газрын дарга Э.Нандин-Эрдэнэ рүүгээ бурууг чихсэн аж. 

Үүнд нь бухимдсан Тамгын дарга нь Засаг ноёноо АТГ-т өгсөн юм байх.  Шинэ удирдлагууд өнөөдрийг хүртэл сумандаа нэг ширхэг ч бүтээн байгуулалтын ажил хийгээгүй атлаа уг мөнгө хааш орсон нь мэдэгдэхгүй алга болсон нь хачирхалтай.  Зам тавиагүй, зүлэг тариагүй,  байшин  бариагүй атал тэр их мөнгө сураггүй алга болжээ.  Монгол Улсын нүүр царай болсон Сэлэнгэ аймгийн төв мөнөөх л янзаараа бөөвийсөөр.   Асуудал үүгээр дуусаагүй.

Тамгын газрын хуулийн зөвлөх нь Засаг даргаа хууль зөрчсөн талаар сануулахад тэрбээр “Надаас урвалаа” хэмээсэн тул хөөрхий зөвлөх ажлаа хаян Улаанбаатар хотын зүг гарч өгчээ. Энэ мэтийн будлиан маргаанаас болж, Сүхбаатар сумын Тамгын газар эзэнгүй болж, яах учраа олохоо больсон хэдэн мэргэжилтэн нь өрөөнүүдээ түгжин  эзэнтэй болохоор нь ирэхээр гэр гэрийн зүг оджээ. Ер нь л суманд асуудал их байгаа бололтой.  Сумын  Гуравдугаар багийн иргэд  багийн Засаг даргын сонгууль хэзээ болохыг хүлээсээр өвлийн эхэн сартай золгож байгаа юм байна.   

Хуульд заасны дагуу  багийн Засаг даргын  сонгуулиар олонхийн санал авсан нь албан тушаалд томилогддог бол  сумын Засаг ноён н.Гантулгын арга барилаар   эхлээд  хэн нэгнийг үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулж байгаад хоёр сар гарангийн дараа шууд жинхлүүлдэгт иргэд ихээхэн бухимдаж  байгаа гэнэ.   Эзэнгүйтэж, эзгүйрсэн Сүхбаатар сумаа  эмхлүүлж авах цаг нэгэнт болжээ.  Аймгийн удирдлагууд мянга сайн ажиллаж, өдөр шөнөгүй зүтгэвч хамгийн их түшиг тулгуур болох Сүхбаатар сум нь ийм янзтай байхаар  ажлын үр харагдахгүй нь ойлгомжтой болов уу.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.