МАН Ч.Хүрэлбаатарыг солих уу

МАН Ч.Хүрэлбаатарыг солих уу

У.Хүрэлсүх танхимын сайд нараа зөвшилцөхөөр Ерөнхийлөгчид албан бичиг илгээсний хариу иржээ. Уг хариу бичигт Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилох саналыг хүлээж авах боломжгүй гэсэн хариу өгчээ. Түүнийг уул уурхайн бизнестэй, ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн байна.

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон сошиалаар Ч.Хүрэлбаатарыг Хармагтайн ордыг ах дүү нарын хамтаар хэдэн сая доллараар зарсан тухай баримт цацагдаж байгаад олон хүн харамсаж байсан юм. Тэгэхээр МАН Ч.Хүрэлбаатарыг олонхиор хүч түрэн томилох уу, Ерөнхийлөгчийн хэлснээр солих уу гэдэг асуудал гарч ирж байна. Юутай ч өнөөдөр 15 цагт чуулганы хуралдаан зарлагдлаа. Мэдээж сайд нарын асуудлыг хэлэлцэнэ. Маргаашийн дотор засгаа бүрдүүлж чадахгүй бол УИХ тарах хүртэл асуудал үүсэх учиртай. Одоо Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. 

 

УИХ дахь АН-ын бүлэг сая мэдээлэл хийлээ. Тус бүлгийн дэд дарга Ж.Батзандан хэлэхдээ "Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын бүрэлдэхүүний талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд зөвшилцөн санал хүргүүлсэн байна. Энэ саналдаа бүх сайдыг парламентаас бүрдүүлж байгаа нь Үндсэн хуулийн олон заалтыг зөрчиж байгааг сануулжээ.

 

Мөн Ерөнхийлөгч Сангийн сайдад нэр дэвшүүлсэн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг дэмжихгүй гэдгээ илэрхийлжээ. Уул уурхайн бизнестэй, ашиг сонирхлын зөрчилтэй, хууль бус үйл ажиллагаанд нэр холбогдож байсан учраас Сангийн сайдад дэмжих боломжгүй гэсэн байр суурийг төрийн тэргүүн илэрхийлсэн байна. АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн энэ саналыг дэмжиж, ижил байр суурьтай байгаа" гэлээ.

 

Тэрбээр “МАН сонгуулиар давхар дээлнээс татгалзана гэсэн амлалт өгсөн. Мөрийн хөтөлбөрийн заалтаа эрх баригч нам зөрчиж байна. АН хэдхэн хоногийн өмнө У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлсэн. Үндсэн чиг үүргийн сайд нар нь УИХ-ын гишүүн байж болно. Бусад сайд нараа гаднаас мэргэжлийн хүмүүсийг сонгож, оруулж ирэх саналыг АН хүргүүлсэн. Харин Ерөнхий сайд энэ саналыг хүлээж авсангүй. Тиймээс  АН Үндсэн хуулийн суурь үзэл санааг зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй Засгийн газрын бүрэлдэхүүнийг дэмжих боломжгүй” гэж мэдэгдлээ. У.Хүрэлсүх АН-ын дээрх шаардлагыг хүлээж аваагүй. Харин одоо Ерөнхийлөгчийн саналын хүлээж авах уу гэдгийг харж байя. Үнэндээ бол У.Хүрэлсүх УИХ дахь АН-ын бүлгийн дэмжлэгээр Ерөнхий сайд болсноо мартах учиргүй байх. 

 

13.00

Төрийн байгуулалтын байнгын хороогоор сайд нарын асуудал яригдаж, гишүүд нэр дэвшигчдээс ганц нэг асуулт асуух төдийгөөр дэмжихээ илэрхийлж байна. Харин Ч.Хүрэлбаатараас нэг ч гишүүн асуулт асуусангүй, байнгын хороодын гишүүдийн 100 хувийн саналаар дэмжжээ. Одоогоор С.Чинзориг, Д.Сарангэрэл, Ц.Цогзолмаа нарын нэр дэвшигчдийг бүгд дэмжлээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.