О.Бум-Ялагч: УИХ тарах ёстой

О.Бум-Ялагч: УИХ тарах ёстой

Ногоон намын дарга О.Бум-Ялагчтай ярилцлаа.

МАН хоёр хуваагдсан учраас ард түмний төлөөлөл байж чадахгүй, УИХ-аа тараах ёстой гэж танай намаас шаардлага хүр­гүүл­сэн. Хариу ирсэн үү?

-УИХ тарах нь улс орноо аврах гарц, шийдэл юм. МАН хоёр хуваагдсан нь гол факт, баримтлах  үндэслэл шүү дээ. Гишүүд нь 32, 33 болон хоёр талд хуваагдаж, хуралдаа орж ирэхгүй байна гэдэг байж болохгүй үйлдэл. Ард түмэн тэднийг нэгэн цул гэж сонгосон. Гэтэл тэд хоёр хуваагдсанаар энэ намыг гэсэн ард түмний итгэл үнэмшил хөсөрдөж  байна. Бидний шаардлага цаг үеэ олсон, улс төрийн хүчнүүд, улстөрчид дэм­жиж байна. Бие даагч С.Жавхлан гишүүн “Их хуралд хэрүүл их боллоо. Билэггүй газар вэ” гэсэн. УИХ дахь МАХН-ын ги­шүүн О.Баасанхүү “УИХ-ыг тараая” гэсэн.  АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Ингэж байхаар Их хурал тарвал яасан юм бэ” гэдэг асуудлыг дэвшүүлсэн. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Тамгын газрын дарга “Танай шаардлагын хариуг дараа долоо хоногт өгнө” гэсэн. Өөрөөр хэлбэл, хэлэлцэх, эсэх талаар хариу ирүүлэх байх. Бид энэ асуудлыг хэлэлц гэж шаардлага хүргүүлсэн.

Өмнөх Их хурлын үед ямар ч шаардлага очсон огт  хариу өгдөггүй байсан санагдана?

-Манай нам жилд ойролцоогоор 300 гаруй албан бичиг гаргадаг. Хариу нь тэр бүр ирдэггүй л дээ. Их хурлаас утсаар ч гэсэн залгаад хариу хэлж байна гэдэг бас нэг шийдэл байх гэж харж байна.Бидний шаардлагын бас нэг үндэслэл нь улс төрд нэр хүнд маш чухал.

Төрд алба хашиж буй одоогийн улстөрчид 1996 оноос явж ирсэн хуучин зуршлаа хадгалж  байна. Намаа хуваадаг, засгаа огцруулдаг. Тэр нь давтагдсаар ард түмэн жирийн үзэгдэл шиг хүлээж авдаг болж. Сая Шадар сайд, Ерөнхий сайд хоёр нь сөргөлдсөөр засгаа унагасан. Ард түмэн байдаг л зүйл гэж бодож байгаа ч үнэн хэрэгтээ гадаад ертөнцөд доог тохуу болсон, Монголыг шүүмжилсэн мэдээлэл газар авсан. Японы “NHK” телевиз өөрийн орны улс төрийн хямралыг мэдээлэхдээ залгуулаад бид ч харин гайгүй, Монголд бүр ч ийм зүйл болж байна гэж байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, Шадар сайд нь Ерөнхий сайдынхаа эсрэг ажиллаад сандал, суудлыг нь авчих юм даа. Монгол биднээс ч долоон дор гэсэн маягтай мэдээг гаргаж байна. Өөрсдөө бол улс төрийн байдлаасаа ичиж байна шүү дээ. Намаасаа гарч шинэ намд ороод явж байгаа нь ард түмний итгэлийг хөсөрдүүлсэн гэж үзээд Шинзо Абэ хэвлэлийн хурал болохоос 30 минутын өмнө мэдэгдэл хийж доод танхимаа тараасан. Тэр улсынхаа нэр хүндийг, цаашлаад намынхаа нэр хүндийг хамгаалж байна шүү дээ. Тэгвэл Монголын ууган нам МАН-д ч ийм гарц байна.

Улс төрийн хүчнүүд өөр намын дотоод асуудал бидэнд хамаагүй гэдэг. Танай нам яагаад Ардын намын дотоод асуудалд ороод байгаа юм шиг, эсвэл зөвлөгөө өгөөд байгаа ч шиг зүйл яриад байна вэ?

-Бид улс төрийн онол л ярьж байна. Өнөөдөр ард түмний амьдрал доройтлоо. Гурван хүний хоёр нь ядуу амьдарч байна. Улс төрийн онолоор зүүний хүчний намууд ийм нөхцөлд нэгдэж ажилладаг. Зүүний үзэл нь ард түмнээ боддог, халамжилдаг, эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих, асуудлыг шийдэх талаас ярьдаг. Ийм үзэл бүхий намууд хамтарч хүчээ нэгтгэж байж ядуу хүнийхээ нэгийг аваръя, эмч, багш нарынхаа цалинг нэмье гэж шийдэл гаргаж ажиллах ёстой. Энэ утгаараа Ногоон нам улс төрийн онолын хүрээнд ярьж байгаа юм. Зүүний хүчний гэж нэрлэгдэж буй МАН, МАХН, Социал демократ нам, Ногоон нам энэ чиглэлд хамтарч ажиллах ёстой. Дээр нь манай нам Даян дэлхийн ногоонтнуудын гишүүн. Дэлхийн 85 орны 103 Ногоон нам бий. Түүний үүсгэн байгуулагчдын нэг Монголын Ногоон нам өөрсдийгөө зүүний үзлийн нам гэж үздэг. Иймээс онолын хүрээнд зүүний үзлийн намуудыг нэгтгэх, нягтаршуулах бодлого явуулдаг. Харамсалтай нь Социал демократ нам ардчиллын угшилтай учраас АН-аа дагаад явж байх шиг байна. Эрх баригч МАН-ын хуваагдал, улс төрийн хямрал болж хувирлаа. У.Хүрэлсүх “Би хар толгойгоороо хариуцна” гээд намын нэрээ өөрчилж, улмаар гишүүд нь хоёр хуваагдаж, МАН, МАХН болсон. Өнөөдөр энэ хоёр нам нийлээд улс төрийн сонгуулийн бараг 60 хувь авч байна шүү дээ. Тэгэхээр энэ хоёр нам нэгдсэн бол Ерөнхийлөгч бараг зүүний үзлийн намаас сонгогдох байжээ гэж харж байна. Дараачийн үйл ажиллагаан дээр нэгэнт тус тусдаа үзээд болохгүй байгаа юм чинь хамтраад ажиллахад засаг авах бололцоотой нь харагдаж байгаа юм.

–Зүүний үзлийн нам засаг авснаар юу сайжрах юм бэ?

-Намынх нь мөрийн хөтөлбөр дэх дэвшүүлсэн асуудлууд бүхэлдээ ард түмний аж амьдралыг дээшлүүлэх,баячуудын  татварыг нэмэх гэх мэт хүн рүүгээ, ард түмэндээ хандсан байдаг. Хэрэв тэр нь хэрэгждэг бол шүү дээ. Хэрэгжүүлэх ч ёстой юм. Харамсалтай нь хүн төвтэй ийм мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой МАН хоёр хуваагдаж хямралд орсон. Энэ баримт. Өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж буй УИХ-ын тухай хуулийн 31 дүгээр зүйлд УИХ өөрөө өөрийгөө тараах эрх зүйн орчныг заасан байгаа. Гишүүдийн 3.2-оос доошгүй хувь нь гарын үсэг зурж, Их хурлыг тараах асуудлыг хэлэлцье гэсэн тохиолдолд энэ боломж нээгдэнэ. Жишээлбэл, УИХ-ын дарга М.Энхболд энэ асуудлыг хэлэлцэх эсэх талаар санал хураалгаж,  гишүүдийн гуравны хоёр хувь нь дэмжвэл асуудлыг хэлэлцэнэ гэсэн үг. Ингээд олонхиор шийднэ. Одоо 33, 32 болж хоёр хуваагдчихаад байгаа МАН-ыг ард түмэн тухайн үед нэгэн цул гэж сонгосон. Гэтэл өөд өөдөөсөө муухай хараад сууж байна шүү дээ. Иймд УИХ-аа тарааж, хүчний шинэ хуваарилалтад ороод сонгуульд орж болно. Ингэвэл хэн нь хэн бэ гэдэг ард түмэнд тодорхой, сонголт ч тодорхой. Өөрсдөд нь ч амар шүү дээ. “Би сайд болохгүй” гэж байсан Ө.Энхтүвшин л гэхэд засгийн босго  руу жийж сууж байгаад  сайд болчихсон. Д.Тэрбишдагва гишүүн “Бие биеийнхээ өөдөөс буу шагайж байсан дайснууд найз болдог юмаа” гээд яриад сууж байх жишээтэй. Дайсан бол дайсан шүү дээ, тодорхой. Дайсантайгаа ойлголцож болно. Харин хоёр нөхөр нэгэндээ дайсан болж урвасан бол хагарсан шаазан гэсэн хэлц үг бий. Хагарсан шаазанг хэчнээн наагаад ч эвлэдэггүй. Энэ утгаараа төсөөлөл нь ч, авч байгаа ишлэл нь ч буруу байна. Иймд улс төрийн шинэ хуваарилалтад орж байж л шинэ гарц нээгдэнэ. Дээр нь МАН-ынхан саяхан л “Давхар дээлтэй байж болохгүй гээд жагсаал хийж байсан бол одоо 100 хувь давхар дээлтэй Засгийн газар байгуулж байна. Улс төрийн зарч­маараа ажиллаж чадах­гүй байгаа МАН-ынхан УИХ-аа тараах ёстой.

–Тэгээд дахин сонгууль явууллаа гэхэд нөөц болол­цоо манай улсад байна уу. Хагаралтай байсан ч 65 гишүүн суудалдаа шигдэх биш үү. Сонгууль ч шударга болохгүй байх тал нь илүү байх?

-Боломж бий. Харин ч сонгууль шударга болох талтай. Ард түмэн тэнэг биш, саяын үйл явцаас хэн нь хэн бэ гэдгийг таньсан. Хэл ам болж булайгаа дэлгэсэн нөхдүүдийг гаргахгүй. Сая шинэ сайд нарын танилцуулгыг хараад ард түмэн эмзэглэж байна. Энэ хүн яахаараа ийм их мөнгөтэй болчихдог юм бэ гэж асууж байна. Өнөөдөр би 27 жил яхийтал зүтгэчихээд хоосон явж байхад энэ хүн дансандаа яаж ийм их мөнгө хуримтлуулав гэж байна. Энэ нь сонгогчид тэр хүнийг цаашид сонгохгүй гэсэн үг. Үүнээс хойш нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг харж байж сонгодог болох байх. Байгаль орч­ныг доройтуулсан, Улаан­баатарт утаа нэмсэн хүмүүсийг иргэд хэзээ ч сонгохгүй. Иргэд шинэ хүмүүсийг сонгох тал руу явна. Сонгох сонгохдоо ард түмэн дотроосоо сонголт хийнэ. Төрөөс баяжиж хөрөнгөжиж амьдралаас тасарсан хүмүүсийг сонгохгүй. Нэр дэвшигч ч хөрөнгө орлогын мэдүүлэг, аж амьдралын байдлаа сурталчилгаандаа гаргаж тавьдаг болох байх. Цалингаараа амьдардаг, ард түмний төлөө зүтгэж чадах хүмүүсийг төрд илүүтэй гаргах байх. Тийм хүмүүсийг гаргаснаар ядаж тэд идэх нь ч бага байна шүү дээ. Яаж идэх учраа олохгүй хэдэн жил болно, тэгэхгүйгээр гаршсан хүмүүсийг гаргаад байдаг, арван төгрөг идэж байсан бол ахиулж явсаар хэчнээн тэрбумаар нь цохьдог болж, ард түмний амьдрал улам доройтож байна. Уг нь гаршсан хулгайч нарыг төрд гаргах биш эсрэгээр нь шоронд хийдэг баймаар.

Төрд байгаа хүмүүст иргэд сэтгэл алдарч байгаа ч Ерөнхийлөгч болон шинэ Ерөнхий сайдыг сайн ажиллах болов уу гэсэн хүлээлт нийгэмд үүссэн. Тэд чадах болов уу. Ер нь ард түмний амьдралыг дээшлүүлэх гарцыг та юу гэж үзэж байна?

-Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын ярьж хэлж буй зүйлүүд сошиалд өрнөж байгаа, ард түмний хэлж, шаардаж байгааг яг давтаад яриад байна. Тэгэхээр хоёр асуулт гарч байгаа юм. Энэ хоёр хүн өмнө нь яагаад тэр зүйлүүдийг ярьдаггүй байсан юм бэ. Яриад байгаа асуудлууд өнөөдөр гэнэт бий болоогүй, өмнө нь байсан. Эдгээрийг бий болоход тэр хоёр хүн гардан оролцсон. Тийм байтал одоо яагаад яриад байна вэ гэдгийг Монголын ард түмэн асуух ёстой. Ард түмэн гэнэн биш шүү дээ. Энэ хоёр хүн өмнө нь нүдээ аньж, амаа жимийж явж байснаа одоо гэнэт мэдсэн юм шиг яриад эхэлсний учир нь өөрсдөө гэмт хэргийн асуудалд хамаарагдсан. Нэг нь төмөр зам гэж яриад байдаг, асуудал байгаа. Нөгөөх нь өөрөө өөрийгөө мөрдсөн гэх ч юм уу, асуудалтай. Эндээс юу харагдаж байна гэвэл, энэ хүмүүс улс төрийн хэллэгээр ард түмний хамгаалалтад орж байна. Хууль, шүүхийнхэн барьж аваад ял тулгаад эхэлбэл гадаа нь жагсах нь байна шүү дээ, нөгөө ард түмэн чинь. Тэгэхээр ийм хам­гаа­лалтад орж байгаа байхгүй юу. Ард түмний хамгаалалтад улстөрчид хэзээ ордог вэ гэхээр, гарцаагүй нээнтэгтэй болчихоороо л тэгдэг. Ард түмний хүсч байгаа зүйлийг яриад эхэлдэг Түүнд нь ард түмэн хууртдаг. Улс төр судлаач, улс төр мэддэг хүмүүс юу гэж ойлгож байна гэвэл, ард түмний хамгаалалт хүсэх хүртэл гарцаагүй араанд орж гэж л хардаг. Н.Энхбаярыг хүмүүс ярьдаг, энэ хүнийг сонгочихвол нэгэн цагт алдаж явсаных, түүндээ уучлал хүссэн. Сонгочихвол итгэл даах юм биш үү гэсэн хандлага хөдөө орон нутагт их байна. Тэгэхээр манай нам дараагийн гарцыг юу гэж үзэж байна вэ гэвэл, зүүний хүчний намууд, МАН, МАХН нэгдвэл яасан юм бэ. Хоёр нам болж хуваагдсанаар улс төрийн хувьд тухайн намууддаа ч, улс оронд ч эерэг зүйл авчирсангүй.

–Тухайлбал?

-Сая Ж.Эрдэнэбатын танхим үргэлжлээд явсан бол хэдэн тэрбумаар тооцогдож байгаа Монгол Улсын гадаад өрийг төлж чадах байв уу. Одоо шинэ засаг чадах уу. Н.Энхбаярын үед бид 10 тэрбум ам.долларын өрнөөс гарч байлаа. Ардчиллын үед хэчнээн тэрбумын өрөнд орчихов. Хэрэв МАН, МАХН гэж хуваагдаагүй бол юунд хүрэх байв. Улс орныг өрнөөс гаргаж байсан нам буцаж өр тавих уу. Хар ухаанаар бодсон ч тийм биз дээ. Өртэй айл өөдөлдөггүй гээд өрөө төлсөн бол дахиж өр тавихгүй шүү дээ, логик нь ийм. Тийм логиктой, тийм удирдагчтай улс төрийн хүчин байсан бол Монгол Улсыг ямар ч байсан өрөнд оруулахгүй байх. Тэгэхээр одоо алдаагаа давтвал тэнэг гэдэг шиг бид алдаан дээрээ сурах ёстой. Нэгэнт улс төрийн хүчин задрах нь ашиггүйг ард түмэн болоод, хоёр нам ойлгосон юм чинь МАН, МАХН нэгдэж, нэг хүчин болвол хүчний хуваарилалт шийдэгдэнэ. АН-тай хамтарч байгаа нь тэр намд орж болно шүү дээ. Ингэж хүчний шинэ хуваарилалтад орж, УИХ-аа тарааж дахин сонгууль хийх хэрэгтэй. Ингэвэл АН-д хөрөнгөлөг хэсэг нь цуглах байх, МАН-МАХН-д зүүний үзэл санаан дээрх хэсэг нь цуглаж, улс төрийн логиктой хүчин бий болж, дахин сонгууль хийвэл улс оронд л өлзийтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Л.ХЭРЛЭН 

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.