Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт ажилласан дүнг хэлэлцүүлэв

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт ажилласан дүнг хэлэлцүүлэв

Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус газрын ажлын хэсэг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон нийт 25 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, төрийн өмчит үйлдвэрийн газрын 2015, 2016, 2017 оны нэгдүгээр улирлын үйл ажиллагаатай танилцсан дүнгээ өнөөдөр хэлэлцүүллээ.

Ажлын хэсэг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн талаарх судалгаанд дүн шинжилгээ хийж үзжээ. Төрийн захиргааны албан хаагч 2-оос илүү хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлд орж ажиллахыг хориглосон эрх зүйн зохицуулалт бий. Тэгвэл өнөөдрийн байдлаар 59 аж ахуйн нэгжийн төлөөлөн удирдах зөвлөлд давхардсан тоогоор 515 хүн ажиллаж байна.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас гаргасан төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2016 оны жилийн эцсийн байдлаарх эдийн засгийн үзүүлэлтээр нийт 92 байгууллага 4.5 их наяд төгрөгийн орлого олж, 4.7 их наяд төгрөгийн зардал гаргасан байна. 2016 онд нийт 10 хуулийн этгээд 1-20 гаруй тэрбум төгрөгийн, мөн нийт 92 хуулийн этгээдээс 42 нь буюу 45,6 хувь нь алдагдалтай ажиллажээ.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай байгууллагуудын эдийн засгийн үзүүлэлт /ашигтай, ашиггүй ажилласан мэдээлэл/-ийг судлан үзэх, зарим төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын статусыг өөрчлөхөд чиглэсэн арга хэмжээг авч болох эсэх, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн урсгал зардал болон хөрөнгө оруулалтын зардлын ашигтай байдал, зарцуулалтад бодит хяналт тавьж ашгийг нэмэгдүүлэх талаар цаашид дорвитой арга хэмжээг авч ажиллах зайлшгүй шаардлагатай гэж дүгнэв.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хувьд нээлттэй тендер сонгон шалгаруулалтын аргаар худалдан авах ажиллагааг зохион байгуулахаас зайлсхийж төсөвт өртөгийг хуваах байдлаар харьцуулалтын аргыг хэрэглэж, худалдан авах ажиллагааг зохион байгуулсан, худалдан авч буй бүтээгдэхүүний төсөвт өртгийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн, Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлдэггүй зэрэг зөрчил, дутагдал гаргасан байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.