МАН-ынхан юу хүлээж байна вэ

МАН-ынхан юу хүлээж байна вэ

МАН-ын XXVIII Их хурал энэ сарын 20-22-нд тус намын төв байр буюу Тусгаар тогтнолын ордонд болно. Энэ Их хурлаар МАН-ын дарга М.Энхболд улс төрийн илтгэл, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тайлан илтгэл, мөн тус намын Хяналтын хороо  тайлан илтгэл тавина.

Эдгээрээс Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн тайлан МАН-ын гишүү­дийн анхаарлыг татаж байгаа юм. Учир нь Д.Амарбаясгалангийн тайлангийн нэг хэсэг нь 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санхүүгийн тайлан дүн байх юм байна.  Сонгуулийн үеэр МАН-д хэдэн төгрөгийн хандив, хөрөнгө цугла­сан, түүнийг хэрхэн зар­цуулсан тухай мэдээлэл тус намын гишүүдэд хүрээгүй.

Мөн МАН-ын гишүүд сонгуулийн үеэр зарцуулах ёстой их хэмжээний мөнгө очих ёстой эзэддээ очилгүй, зарцуулагдалгүй үлдээд байгаа гэсэн батлагдаагүй мэдээллийн үнэнийг сонсох сонирхолтой байгаа ажээ. Ерөнхийлөгчийн сон­гуу­лийн үеэр АН-ынхан тэрбум гаруй төгрөг ачиж яваад Говь-Алтайд баригдсан. Тийм байхад МАН-аас ядаж энэ зэргийн мөнгө ийш тийш ачигдсан байж таарна.

Гэхдээ тус нам Ерөнхийлөгчийн сонгуулийн зөвхөн санал хураалтад зориулж 173 тэрбум төгрөг зарцуулсан гэх мэдээлэл яригддаг. Энэ мөнгөнөөс аймаг тус бүрт нэг тэрбум, дүүрэг тус бүрт 5-7 тэрбум төгрөг хуваарилсан гэдэг. Сонгуулийн хуульд хандивын хязгаарыг аж ахуйн нэгжид 10 сая төгрөг, хувь хүн гурван сая төгрөгөөс дээшгүй  байхаар тогтоосон. Тэгэхээр 173 тэрбум төгрөг зөвхөн хандиваар цуглана гэдэг боломжгүй зүйл гэж үзэх хүн цөөнгүй байгаа юм. Харин дээрх мөнгө нүүрс, концессын гэрээ, Хөгжлийн банкнаас гарсан байх магадлалтай гэх хардлага явдаг.

МАН-аас Ерөнхий­лөг­чийн сонгуульд зарцуул­сан санхүүгийн тайланг хууль ёсоор СЕХ хүлээж аваад байгаа. СЕХ-ноос өгч байгаа мэдээллээр МАН санхүүгийн тайлангаа хуулийн хугацаанд өгсөн байна. Одоо Аудитын газар хянаж, судлаад дүнгээ танилцуулах үлдээд байгаа юм байна.

Түүнчлэн МАН-ын XXVIII Их хурлаас намын шинэ дарга тодорно. МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх “…Намын дарга М.Энхболд ажлаа өгнө гээд өнгөрсөн долдугаар сард намын Удирдах зөвлөлд зарлачихсан. Тиймээс шинэ даргаа сонгоно. Сонгохдоо шударга, ардчилсан зарчмаар сонгодог тэр жишиг үйлчилнэ гэж ойлгож байгаа. Намын Удирдах зөвлөлөөс бодлогоор дэвшүүлэх хүний нэрийг Их хуралдаа оруулах нь зүйн хэрэг. Түүнээс гадна төлөөлөгч нараас нэр дэвшүүлж өрсөлдүүлэх, нэр дэвших нь нээлттэй. Өөрөөр хэлбэл, ардчилсан зарчмаар нэр дэвшүүлж, Их хурлын нийт төлөөлөгчийн дунд явуулсан санал хураалтын үр дүнгээр намын дарга сонгогдоно. Энэ зарчим үйлчилж ирсэн, цаашид үйлчилнэ” гэж ярьжээ. Одоогоор МАН-ын дараагийн даргад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нар өрсөлдөнө гэсэн мэдээлэл байна.

Үүнээс гадна энэ Их хурлын бэлтгэлийг хангах ажил МАН-д ид явж байгаа ажээ. Бараг дуусч байгаа бололтой. МАН-ын Их хуралд 1309 төлөөлөгч оролцоно. Их хурлын төлөөлөгчдийг МАН-ын Бага хурлаас баталсан журмын дагуу 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс намын гишүүдийн тоотой уялдуулан олгосон мандатын дагуу анхан шатны байгууллагын хурлаар ил тод, шударга өрсөлдөөний зарчмаар өнгөрсөн сарын 27-ноос энэ сарын 7-ны хооронд сонгожээ.

 

МАН-ЫН ҮНДСЭН ДҮРЭМ

29 дүгээр зүйл. Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга

29.1. Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ;

29.1.3. Намын санхүү, аж ахуйг эрхлэн хөтлөх, батлагдсан төсвийг захиран зарцуулах;

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.