Ноцтой мэдээллийн алинд нь итгэх вэ

Ноцтой мэдээллийн алинд нь итгэх вэ

УИХ дахь Аюулгүй байдлын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Элчин сайд томилох тухай асуудал хэлэлцэж, БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Б.Хурцыг томилохыг дэмжсэн. Харин хуралдааны үеэр гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авсан. Гэвч тун ноцтой мэдээлэл яригдлаа.

Гишүүн О.Баасанхүү “АТГ-ын дарга Х.Энхжаргал, Ерөнхий прокурор Б.Энх-Амгалан хэний хүн бэ. Дамирангийн Энхбатыг  алсан юм уу? Та хүний аминд хүрсэн юм уу? Дамирангийн Энхбат гэж хүний. Та үүнд тайлбар өгнө үү” хэмээн асуухад Б.Хурц “Миний өмнө эрхэлж байсан ажилтай холбоотой асуулт байна. Таны асууж байгаа хүмүүс бүгд хуулийн дагуу, ажил үүргээ гүйцэтгэж байгаа. Зарим асуудлаар нээлттэй хэлэх боломжгүй” гэлээ. Гишүүн Т.Аюурсайхан зарим нэг ойлгомжгүй болон бусад ноцтой мэдээлэл байсан. Энэ талаар Гадаад харилцааны яам ямар байр суурьтай байгааг асуухад Д.Цогтбаатар “Засгийн газрын хуралдаанаар АТГ, хуулийн байгууллагаас тодорхой мэдээллүүд авсан. Энэ улс орны аюулгүй байдлын үүднээс бодлого гаргаад явах боломжтой. Тагнуулын ерөнхий газар гэх том байгууллагыг удирдаж байсан туршлагыг нь тооцоолж, томилгоог дэмжсэн” гэв.

Гишүүн Л.Болд “Хуулийн дагуу нээлттэй хэлэлцүүлэг хийх юм байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурц нар хоёр талд маш ноцтой мэдээлэл хийсэн. Энэ асуудлыг яаж шийдвэрлэсэн бэ. Нэр дэвшигч өөрөө олон ноцтой мэдээлэл хийсэн. Энэ талаар ямар нэг тайлбар авсан уу, уучлал гуйсан зүйл бий юу. Хурц бол тушаал биелүүлдэг, генерал хүн. Надтай хамт ажиллаж байсан хоёр хүн алтан амиа алдсан. Тэдний ар гэрээс хэн уучлалт гуйх вэ. Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга байсан хүнийг эрүүл мэндийн маш хүнд шалтгаантай байхад нь хүчээр авч явж, байцаалт авсан. Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүнийг бас л шалгаж, байцааж, хэрэгтэн шиг байлгаж байгаад бурхны оронд явуулсан. Тэд хэлэхдээ, “Дээрээс явуулсан, захиалгатай хэрэг” гэдэг байсан хэмээн асуув.

Нэр дэвшигч Б.Хурц “УИХ-ын гишүүн Л.Болд та өмнө нь Батлан хамгаалах яамны сайдаар ажиллаж байхдаа АТГ-т хэд хэдэн асуудлаар шалгагдсан. Та Хойд Солонгост зэвсэг нийлүүлэх гэж байгаад баригдсан. Таны найзын компани Батлан хамгаалах яамны хэд хэдэн барилга, байгууламж барих тендерт шалгарсан асуудлаар шалгагдаж байсан. Өөр зүйлс ч байна. Би  цааш нь ярих уу, айн ...?” хэмээсэн бөгөөд гишүүн Л.Болд “Бид маш ноцтой асуудал ярьж байхад Байнгын хорооны гишүүд асуудалд нухацтай хандахгүй байна. Шударга ёс, хууль бус, захиалгаар ажиллаж байгаа асуудал байгаа учраас өмнөх Засгийн газар огцорсон. Ямар учраас надтай хамт ажилласныхаа төлөө хоёр ч Төрийн нарийн бичгийн дарга амиа алдах болов. Тэр хүмүүс амь насаа алдах хүртэл нь юу нөлөөлөв, хэн шалгасан юм гэдгийг би асуумаар байна. Олон нийтийн дунд яригдаж байгаа бүх мэдээллийг ил болгох хэрэгтэй. Үнэн бодит мэдээллийг өгөх хэрэгтэй“ гэлээ. Энэ мэтчилэн гишүүд ч хурц асууж, нэр дэвшигч ч ноцтой баримт дэлгэж, бас ширүүхэн байлаа.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.