Х.Баттулга: Монгол ажилчид, инженерүүд дэд бүтцийн салбарт манлайлах учиртай

Х.Баттулга: Монгол ажилчид, инженерүүд дэд бүтцийн салбарт манлайлах учиртай

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга   долоо хоног бүрийн баасан гаригт аль нэгэн яамны үйл ажиллагаатай танилцаж байхаар болжээ. Тэрбээр энэ удаад  улс төрд хөл тавиад төрийн өндөр албыг хашсан гэж үзэж болох Зам тээврийн, хөгжлийн яам, ХХААХҮЯ-ны  үйл ажиллагаатай танилцан, яамдын газар хэлтсийн дарга нартай уулзаж, тэдний санал бодлыг сонссон юм.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн очсон эхний яам Зам тээврийн хөгжлийн яам байлаа.   Уулзалтыг тус яамны сайд Ж.Бат-Эрдэнэ нээн, яамны бүтэц бүрэлдэхүүн, бодлого үйл ажиллагаагаа танилцуулав.

Үүний дараа  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  хамт олонд өөрийн байр суурийг илэрхийлсэн. Энэ үеэрээ  “Миний хувьд улс төрд ороод анх толгойлж байсан яам бол энэ яам юм. Бид энэ яаманд ажиллаж байхдаа 21 аймгийг авто замаар холбох тэргүүн зорилго тавьж АХБ-наас зургийн мөнгийг гаргуулж ажил эхлүүлж байсан. Өнөөдөр баруун таван аймгаас бусад нь холбогдсон. Мөн шинэ нисэх буудал барих ажлыг эхлүүлж байсан.

Өнөөдөр бараг ашиглалтад орж байна. Ирэх 2018 онд ашиглалтад орчихвол аялал, жуулчлалын салбарт том нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм. Би 2008 онд  энэ яамны сайдаар томилогдсон.  Ингээд 2010 оны зургаадугаар сарын 26-нд Монгол Улсад бараг анхны төмөр замын шинэ бодлогыг УИХ-ын 76 гишүүнээр хэлэлцүүлж шийдүүлсэн.  Өмнө нь тодруулбал, 1949 оноос хойш Монгол Улсад төмөр замын шинэчлэлийн бодлого яригдаагүй явж ирсэн байдаг.  Төмөр замын бодлогын зураг энэ хананд байна. Бодлогын хувьд шийдэгдсэн, одоо хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа. Ж.Бат-Эрдэнэ сайд өөрөө энэ ажилд оролцож байсан хүн. Сайд болсонд нь баярлаж байна.

Мөн ОХУ, БНХАУ-ын хооронд худалдаа эрчимтэй хөгжинө гэж үзээд Замын-Үүд, Алтанбулагийг холбосон хурдны зам хийх ёстой гэж үзэж байсан. Тэгэхэд хоёр улсын хооронд худалдааны эргэлт 30 тэрбум ам.доллар байсан. Тэгвэл  2020 он гэхэд ОХУ, БНХАУ-ын хооронд худалдааны эргэлт 200 тэрбум ам.долларт хүрэх зорилттой байгаа. Энэ ажилд Замын-Үүд, Алтанбулагийг холбосон 1100 км хурдны зам дөт зам болно гэж үзсэн. Хоёр хөршийн Тээврийн яамд бодлогын хувьд оролцох ёстой. Гурван улсын хамтарсан ААН байгуулагдаж хурдны замыг ашиглалтад оруулах ёстой гэж тухайн үед үзэж байсан. Үүнийг эхлүүлэх ёстой.

УБТЗ дээр шүүмжлэл нэлээд гардаг. ОХУ-аас авах 100 тэрбум орчим рублийн зээлийг олон салгалгүй, зөвхөн хамтарсан ААН дээрээ авъя гэсэн саналыг сая Владивостокийн уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзах явцдаа хэлсэн. Д.Жигжиднямаа дарга өөрөө тэнд байсан. ААН  батлан даалтаа гаргах учраас энэ нь манай улсын зээлжих зэрэглэлд хамаарахгүй байх.

 Эцэст нь хэлэхэд,  ҮАБЗ-ийн анхны хурлыг хийсэн. Энэ хуралд ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ оролцсон. Ажилгүйдэл, ядуурал өнөөдөр Монголын нүүр тулах тулгамдсан асуудал болсон байна. Үүнээс гаргах хамгийн том салбар бол дэд бүтэц юм. Үүн дотроо ЗТХЯ шүү гэдгийг онцгойлон хэлсэн. Өнөөдөр бид замын ажлын тендэрийг БНХАУ-ын компаниудад өгдөг. Хятад ажилчид орж ирээд өөрийнхөө талаас өгсөн зээлээр цалинжаад, буцаагаад аваад гардаг. Бид зээлтэй, өртэй үлддэг. Энэ байдлыг халъя. Зээл авч болно. Түүн дээр монгол ажилчид, инженерүүд ажиллаж дэд бүтцийн салбартаа манлайлж оролцъё гэсэн санал дээр ЗТХЯ, ҮАБЗ хамтарч, нэг бодлого дор ажиллана шүү гэдгийг хэлье” гэлээ.

Ч.Чулуунцэцэг 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.