Төрийн албаны хуульд салхи орсонгүй гэв

Төрийн албаны хуульд салхи орсонгүй гэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар эхлээд  УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар эхлээд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 84.6 хувийн саналаар баталлаа. Энэ хууль батлагдсанаар Иргэдийн хурлын төлөөлөгч төрийн албан хаагч байж болохоор боллоо. 

УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй

Одоо 2018 оны төсвийн зарлагын хэсэгт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Энэ хоригийг өчигдөр хуралдсан Төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар хүлээж авах боломжгүй гэж үзжээ. Байнгын хороодын дүгнэлтийг гишүүн Л.Энхболд, Б.Тогтохсүрэн нар уншиж танилцууллаа.

Гишүүд төсвийн талаар асуулт асууж, хариулт авлаа. О.Баасанхүү гишүүн “УИХ-ын гишүүн бүр гурван тэрбум төгрөг төсөвлөсөн гэнэ. Минийх хаана байна” гэсэн асуултад Ерөнхийлөгчийн хорийг тайлбарлахаар ирсэн ЕТГ-ын дарга З.Энхболд хариу өгч байна. Тэрбээр яг тэгэж бичээгүй ч барилга барих, хөтөлбөр хэрэгжүүлэх гэсэн нэрээр гишүүдийн тойрогт мөнгө тусгасан байгааг хэллээ.  

Гишүүд хоригийн эргэн тойронд нэлээд хурц шүүмжлэлтэй ярив.  Гэхдээ хоригийн тухай гэхээсээ илүү манай танай засгийн газар, өмнөх хойнох их хурал тэгдэг байсан ингэдэг байсан хэмээн талцаж байгаа нь харагдав. Зарим гишүүн эдийн засгийн ийм хямралтай үед үргүй зардлаа багасга, 10 тэрбумаар бассейнд шумбаснаас утаагаа арилгахад зарвал дээр биш үү гэхэд сонгуулийн тойрог ийм жижиг байхад тойрог руугаа юм хийж л таараа шүү дээ гэсэн хариулт ч өгч байна.

Гишүүн Л.Болд МАН-ын олонхиороо битгий дайраач гэсэн бол гишүүн Н.Учрал олон жил дарга хийсэн хүмүүс амьдралаас тасархай байна хэмээн хэлж байв. Гишүүд маш их бухимдалтайгаар ярьж талцсаны эцэст Ерөнхийлөгчийн хоригийг гишүүдийн олонхийн саналаар хүлээж авсангүй. 

Төрийн албаны хуульд салхи орсонгүй гэв 

12.30 цаг. УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх дараагийн асуудал нь Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх. Гишүүн Ж.Ганбаатар төрийн алба хэт нүсэр байна. Ийм цөөхөн хүн амтай улсад 250.000 хүн төрд ажиллана гэдэг дэндүү том тоо. Хүмүүс төрд биш бизнес эрхэлж бүтээлч байх ёстой гэж байв.

Харин Д.Лүндээжанцан Ж.Ганбаатар гишүүний саналыг судалгаа тооцоо муутай гээд сайжруулахаар дахин тооцоо судалгаатай оруулж ирвэл дэмжиж болох санал хэмээн хэлж байв. Гишүүн Н.Учрал,  Ж.Ганбаатар, Г.Тэмүүлэн нар энэ хуулийн өөрчлөлт нь өмнөхөөс ямар ч дэвшил байхгүй гэж шүүмжиллээ.

Гишүүн Н.Учрал  гадаадад өндөр боловсрол эзэмшсэн хүн энэ хуулиар бол төрд ажиллах ямар ч боломжгүй байгаа нь зохимжгүй гэхэд Д.Лүндээжанцан гадаадад төгссөн л бол мундаг гэсэн ойлголт байж болохгүй. Ядаж л монгол хэлээрээ сайн ярьдаг, сайн бичдэг хүн төрд ажиллах ёстой хэмээв. Гишүүд энэ шинэчилсэн найруулгаар бол Төрийн албаны тухай хуульд салхи орохгүй гэж байлаа. Ердөө зэрэг цол олгоно, тэдэн жил ажиллаж байж дарга болно гэсэн муу үзүүлэлт нэмэгдэж байна гэсэн юм. Хууль санаачлагч гишүүд болон ажлын хэсгийнхэн энэ шинэчилсэн найруулга батлагдсанаар төрийн албанд маш их шинэчлэлт хийгдэнэ гэлээ.

Ингээд гишүүдийн олонхийн дэмжлэгээр уг хуулийн шинэчилсэн найруулга батлагдлаа. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.