Намын үүрүүдийг “Эрх чөлөөний одон”-гоор шагнажээ

Намын үүрүүдийг “Эрх чөлөөний одон”-гоор шагнажээ

Монгол орон даяар хонхны дуу цуурайтаж, өөрчлөлт, шинэчлэлийг эхлүүлсэн Ардчилсан хувьсгалын түүхт 28 жилийн ой тохиож байна. АН-аас ойг тохиолдуулан баярын хурал зохион байгууллаа. Ойн баярт УИХ-ын гишүүн Л.Болд, З.Нарантуяа, Б.Пүрэвдорж, Ж.Батзандан, нийслэлийн АН-ын дарга Д.Баттулга, АЭХ-ны тэргүүн С.Одонтуяа нар оролцов. Хурлын эхэнд АН-ын дарга С.Эрдэнэ хүний эрх, эрх чөлөө, ардчиллын үнэт зүйл, үйл хэргийг дэлгэрүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буй монгол орны өнцөг, булан бүрээс ирсэн гишүүд, дэмжигчдэд баярын мэнд хүргэж, талархал дэвшүүлсэн юм.

Тэрбээр “Одоогоос 28 жилийн өмнө Монгол оронд нэг намын тогтолцоог халж олон намын тогтолцоо бий болгох, төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих томоохон хувьсгалыг бид эхлүүлсэн. Энэ бол ардчилсан хувьсгал хэмээн тодоор бичигдсэн түүх юм. Ийнхүү хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгэм цогцлоон байгуулах эхлэл тавьснаас хойш 28 жил өнгөрчээ. Энэ жилүүдэд шударга ёс, үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх суурийг тавьж, олон намын тогтолцоо, хүний эрх, эрх чөлөөг өмнө нь байсан мэт уур амьсгалыг нийгэмд бүрдүүлж чадлаа.

Өнөөгийн залуу, дунд үеийнхэн коммунист, социалист нийгмийн бодит дүр зургийг мартсан. Тиймээс Ардчилсан хувьсгалын үнэ цэнийг хойч залуу үедээ дурсан ярьж, сануулах үүрэгтэй юм” гэдгийг онцлоод “Сум, орон нутагтаа эзэн байж, ардчиллын үнэ цэнийг иргэдэд ойлгуулан монгол орон даяар ардчиллын давалгааг үргэлжлүүлж, 2020 онд Монгол Улсын хөгжлийн бодлогыг засаг захиргааны нэгж бүрт тодорхойлох хүчирхэг улс төрийн намыг хамтдаа бий болгоно гэдэгт эргэлзэхгүй байна” гэсэн юм.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан ахмадуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгосон төрийн өндөр дээд одон медаль гардууллаа.

Мөн энэ үеэр хүний эрх, эрх чөлөө, ардчиллын төлөө оруулсан хувь нэмэрийг нь үнэлж Төв аймгийн Мөнгөнморьт, Булган аймгийн Рашаант, Өмнөговь аймгийн Булган, Сүхбаатар аймгийн Халзан, Ховд аймгийн Манхан сумын намын хороо, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Улаан чулуут баг, Багануур дүүргийн 3 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны намын үүрүүдэд “Эрх чөлөөний одон”-г хүртээв.

Энэ үеэр залуусын төлөөлөл өөрсдийн дуу хоолойг хүргэж, ардчилал шинэчлэлийн үйл хэргийг үргэлжүүлэн улс орныхоо цаашдын хөгжлийг бүтээхэд гар бие оролцож, хамтран зүтгэхээ илэрхийлж, хөгжлийн төлөө нэгдэхийг нийт залууст уриалсан юм. Ийнхүү АН-ын гишүүд, дэмжигчид Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөснөөр баярын хурлын үйл ажиллагаа өндөрлөв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.