С.Ганбаатар: Энэ бол Их хурал биш луйвар

С.Ганбаатар: Энэ бол Их хурал биш луйвар

Өчигдөр МАХН-ын Их хурал Төрийн ордонд болсон. Энэ Их хурлаар намын даргаа өөрчлөх асуудлыг хэлэлцэж, О.Баасанхүү, Г.Бямбасүрэн нар өрсөлдсөн гэнэ. Ингээд 500 гаруй төлөөлөгчийн 94 хувийн саналаар О.Баасанхүүг МАХН-ын даргаар сонгожээ. Харин энэ хурлыг хууль бус гэж үзэж З.Баянсэлэнгэ тэргүүтэй хүмүүс Төрийн ордны гадаа эсэргүүцлээ илэрхийлэв. 

О.Баасанхүү “Найман жил болоход нэг ч Их хурал хийгээгүй. Намайг хурлаа хийе, асуудлаа ярья гэж ярьснаас хойш айлган сүрдүүлж, доромжлох нь хэрээс хэтэрсэн. Манай Бага чуулган аравдугаар сард хуралдаж, Их хурлын товыг зарласан. Өнөөдөр Их хурлаа хууль журмын дагуу явуулахын тулд аймаг, дүүргээс хоёр төлөөлөгч ирэх ёстой байсан. Гэтэл зарим нь ирсэнгүй. Гэтэл З.Баясэлэнгэ, Б.Тулга тэргүүтэй архи уусан, том биетэй залуус, намын нэр барьсан хүмүүс гэнэт гарч ирсэн. Хурлын ирц 70 орчим хувьтай байгаа тул эндээс гарсан шийдвэр хүчин төгөлдөр үйлчилнэ. Бид Н.Энхбаяр даргад урилга хүргүүлсэн боловч ирсэнгүй. Харин дэд дарга С.Ганбаатар ирсэн. Бид нар хэн нэгний өмч биш. Хууль зөрчсөн эсэхийг шүүх тогтооно” гэлээ.

Энэ үеэр МАХН-ын дэд дарга С.Ганбаатарын байр сууриа илэрхийлэв .

-Өнөөдрийн Их хурал хүчин төгөлдөр байж чадах уу? Иргэд байтугай МАХН-ын гишүүд ч учрыг нь олохгүй, төөрөлдөж байгаа бололтой?

-Энэ хурал бол хүчин төгөлдөр биш. Энэ бол луйвар. Ирж оролцож байгаа хүмүүст бол буруу байхгүй. Харин энэ бүхнийг зохион байгуулсан О.Баасанхүү, Бямбасүрэн гэж хоёр луйварчны буруу. Шүүх дээр артай хүмүүсийн хийж байгаа ажил. Төрийн өндөр хамгаалалтад, бийлэгжүү байдлаар энэ хурлыг хийнэ гэдэг бол хэдэн оффшортнуудад худалдагдсаны жишээ. Энэ бусармаг үйл явдал дараагийн удаа МАН, АН-ыг “бут цохино”. Монгол орны улс төрийн бүтэц, зохион байгуулалтыг хямрааж, гадаадын эрхшээлд оруулах гэсэн явуургүй үйл ажиллагааг таслан зогсоох ёстой. Тиймээс би хүмүүст зөв мэдээлэл өгөх гэж өнөөдрийн хуралд оролцож байгаа юм.

-Таны хэлж байгаагаар МАН, АН, МАХН-ыг цохих төлөвлөгөө гадны улс оронтой хамаатай гэсэн үг үү?

-Тийм. Би өөрөө Хөдөлмөрийн үндэсний намыг байгуулж, Монголынхоо төлөө зүтгэхээр ядарч зүдэрч явсан хүн шүү. Яг тэр үеийн зохиол өнөөдөр давтагдаж байна. Ингээд асуудал шүүх дээр очдог, шүүхийг захирч байгаа хүмүүс намыг устгадаг, сонгуульд оролцуулдаггүй. Үгүй хийдэг. Энэ олон хүмүүсийн сайхан сэтгэл, хөдөлмөрийг хэдэн луйварчин худалдаж байна.

-Их хурлаас МАХН-ын дарга Н.Энхбаярыг огцруулсан гэж мэдэгдлээ. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Энэ Их хурал биш. Энэ бол луйвар. Зохион байгуулалттай жүжиг. Шүүхэд артай хүмүүсийн луйвар шүү. Эдэнд ямар ч тамга байхгүй.  Зүгээр л МАХН-ын нэр барьсан цуглаан болж байна. Бид өөрсдөө Их хурлаа зарлаж, хоёрдугаар сард хуралдуулна. Намайг хурлаас гар гэж зовоож байгаа ч үнэний төлөө энд хөөгдөөд зогсож байна.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.