Авлигын хэрэгт холбогдсон Б.Аззаяа сарын өмнө ажлаасаа чөлөө авчээ

Авлигын хэрэгт холбогдсон Б.Аззаяа сарын өмнө ажлаасаа чөлөө авчээ

Хил гаалийнхан авлигын хэрэгт холбогддог байсан бол одоо Мэргэжлийн хяналтын байгууллагын дарга нар авлига хээл хахуулын хэрэгт холбогдож хууль шүүхийн байгууллагын хаалга сахидаг болжээ. Өнгөрсөн долоо хоногт гэхэд МХЕГ-ын хэлтсийн хоёр даргыг авлигын хэргээр АТГ-аас шалгаж, ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон байгаа юм. Тодруулбал, МХЕГ-ын Экспорт, Импорт, хилийн  хорио цээрийн хяналтын газрын дарга Б.Аззаяа, Дотоод хэлтсийн дарга Т.Баярсайхан хоёрыг бусдаас авлига авч байхад үйлдэл дээр нь баривчилсан гэх мэдээлэл байгаа.

Тэгвэл энэ мэдээллийг хууль хяналтын байгууллагаас үгүйсгэж, гэрээс нь их хэмжээний мөнгийг эд мөрийн баримт болгож хураан авсан гэдгийг албаныхан бататгаж байгаа юм. Хамгийн сонирхолтой нь тэднийг хилээр хушны самар, дэрвэгэр жиргэрүү гаргах зөвшөөрлийг олгож, хариуд нь их хэмжээний мөнгө авсан гэх. Бүр тодруулбал, эх сурвалжийн хэлж буйгаар Т.Баярсайхан даргыг бусдаас хахуульд 30 сая төгрөгтэй тэнцэх валют авч байсан гэнэ.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн пүрэв гаригийн шөнө дээрх хоёр сэжигтний албан өрөө, гэрт нь нэгжлэг хийж Б.Аззаяагийн гэрээс хахуулд авсан байж болзошгүй 60 сая, Т.Баярсайханы гэрээс 400 сая төгрөгийг бэлнээр хураан авсан байна.Хамгийн сонирхолтой нь тэднийг хилээр хушны самар, нэн ховордсон ургамлыг хууль бусаар гаргах зөвшөөрлийг олгосон гэх мэдээлэл гадуур гараад байгаа юм. Тэгвэл энэ мэдээллийг МХЕГ-аас үгүйсгэж байгаа юм.

Тус газраас авсан албаны эх сурвалжийн мэдээлснээр бол “Манайх хушны самар гаргах зөвшөөрөл өгдөггүй юмаа. Экспорт, импортын шийдвэр гаргадаг том байгууллага бол БОАЖЯ. Тэднийхээс хэчнээн тонн самрыг, хааш нь, ямар зорилготой гаргах зөвшөөрлийг өгдөг. Харин тэднийхээс гаргаж тогтоосон квотон дээр манайх мэдэгдэл бичдэг болохоос зөвшөөрөл олгодоггүй юм” гэсэн юм.

-Тэгвэл танайхаас энэ хоёрын хэрэгт холбогдуулж 10-аад байцаагчийг шалгаж байгаа гэсэн. Үнэн үү?

-Одоогоор хоёр хүн л байхгүй болохоос бүгд ажлаа хийж байна. Цагдаа шүүхэд дуудагдаж байцаагдаж байгаа хүн байхгүй. Ажлаа хэвийн хийж байна.

-Б.Аззаяа даргыг До.Ганболдын хэрэгтэй холбогдуулан шалгаж байгаа гэх юм?

-Тэрийг бол сайн мэдэхгүй байна. Гадуур холбоотой, холбоогүй л гэж бичээд байх юм билээ.

-Дарга болон дэд дарга нар ажлаа хийж байгаа юу?

-Хоёулаа хийж байгаа. Өөр нэгэн эх сурвалжийн хэлснээр Б.Аззаяа даргыг ажлаасаа сарын өмнө чөлөө аваад явсан. Ийм хэрэгт холбогдсоноо мэдээд эрт чөлөө авсан байхыг үгүйсгэхгүй. Т.Баярсайхан даргын хувьд өнгөрсөн пүрэв гаригт ажлаа хийсэн. Харин маргааш өглөө нь ажилдаа ирээгүй. Тэгсэн сонин сайтуудаар ийм мэдээлэл гарсан байсныг харсан гэдгээ хэлсэн юм.

Тэгвэл энэ авлигын хэргийг АТГ-аас тодруулахыг хичээсэн ч “Нийслэлийн прокурорын зөвшөөрөлгүйгээр тодорхой мэдээлэл өгөх боломж байхгүй. До.Ганболдын хэрэг тусдаа, Б.Аззаяа, Т.Баярсайхан нартай хэрэг хоорондоо огт холбоогүй” гэлээ.  

Б.Аззаяа, Т.Баярсайхан хоёр ямар нэгэн хувийн бизнес эрхэлдэггүй, Мэргэжлийн хяналтын байцаагчийн цалингаас өөр ямар нэг орлогын эх үүсвэргүй мөртлөө гэртээ ийм их хэмжээний бэлэн мөнгө хадгалж байснаа АТГ-ын байцаагч нарт тайлбарлаж чадахгүй байгаа гэх мэдээлэл ч байгаа юм.Мөн мөрдөн шалгах ажиллагааны үеэр энэ албан тушаалтнууд нэгэн компаниар байнга үнэ төлбөргүй үйлчлүүлдэг болох нь тогтоогдсон гэх мэдээлэл байна.

О.Сайханцэцэг

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.