Монгол хаана явна вэ

Монгол хаана явна вэ

Европын холбооны сангийн сайд нарын уулзалтын үеэр Европын холбооны оффшорын жагсаалтад 17 бүс нутгийг оруулсны нэг Монгол Улс байж, хэсэгтээ л шуугилдаж, оффшорчидтойгоо тэмцэх бус өөрсдөө улсаараа оффшорчин болчихлоо ч хэмээсэн. Гэхдээ энэ жагсаалтад луужин эргүүлж байгаад зогсоох мэт шууд Монгол Улс гээд багтаачихсан ч юм биш. Жагсаалтыг гаргахдаа, нийт 90 орчим улсыг судалснаас хэлэлцүүлгийн явцад 47 орон ил тод байдлаа сайжруулахаар тохиролцож дээрх хар жагсаалтаас хасагдсан байна. Тухайлбал, Швейцарь “эзэмшлийн болон холбогдох татваргүйн хөнгөлөлтийг хүчингүй болгоно" гэсэн амлалт өгч хар бус саарал жагсаалтад багтсан аж. Харин манай улсын хувьд Сангийн яамынхан хариугаа өгөхгүй байсаар оройтсон гэх үгсийг улстөрчид унагаад байгаа.

Ингээд бид дотроосоо гадагшаа зөөдөг “хулгайчидтай”, дотооддоо бас гадныхны буюу Европын орнуудын улстөрчид, хөрөнгө оруулагчдын мөнгийг угааж, нуудаг орон болж орхисон хэрэг. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын тайлбараар бол “Яг оффшор бүс бол биш. Татварын хувьд ил тод биш байна гэдгийг тодорхойлж буй” гэнэ.

Гэхдээ хар жагсаалтад багтана гэдэг тийм ч таатай явдал биш гэдгийг олон улсад үнэлдэг бөгөөд тиймдээ ч өнгөө хувирган саарал руу орохоор тэмүүлж, зүтгэж буй. Сангийн сайдын тайлбарласныг ухаж үзвэл хар жагсаалтад оруулсан нь цаад утгаараа Монгол Улсад өгч буй анхааруулга гэсэн үг. Түүнчлэн “Бид өөрсдөө оффшор гээд өөрсдийн орны иргэдийн дансны мэдээлэл зэргийг бусад улсаас ч мөн ялгаагүй нэхдэг. Үүнд бид нийцэж ажиллах ёстой. Үүний тулд хууль тогтоомжоо өөрчилж, татварын мэдээллийн системийг бий болгож, тэндээс бусад орнуудтай харилцдаг боломжийг бүрдүүлэх ёстой. Европын холбооны холбогдох хүмүүсээс тодруулахад үүргээ хэлээд, амлалтаа аваад, 2019 он гэхэд хэрэгжүүлээд явах боломжтой гэдгийг хэлсэн” хэмээж байгаа нь хараас ядаж л саарал жагсаалт руу шилжих боломжтойг харуулж байх шиг.

Энэ асуудлыг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан саяхны нийтлэлдээ “Оффшорт нуусан мөнгөн хөрөнгийг ил болгох, улс оронд нь татан төвлөрүүлэх, эдийн засгийн үр ашиг бий болсон тухайн улс оронд нь татвар төлөгдөж байх зохицуулалт олон улсын хамтын ажиллагаанд тулгуурлаж үр дүнд хүрэх боломжтой. Уг асуудлыг 2016 оны хоёрдугаар сарын 26-27 өдрүүдэд Шанхай дахь хуралдаанаар G20 улсуудын Сангийн сайд нар дэвшүүлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 14-15 өдрүүдэд Вашингтон дахь хуралдаанаар G20 улсуудын Сангийн сайд нар болон Төвбанкны тэргүүн нарын хуралдаан сайшаан баталж, энэ нь BEPS Үйл ажиллагааны чиглэлийн үндэс болсон билээ.

Улмаар BEPS /Base Erosion and Profit Shifting/ буюу Татварын суурийг багасгаж ашгийг зувчуулахыг таслан зогсоох багц хөтөлбөрийг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага OECD болон G20 улсууд хамтран боловсруулж, 2016 оны 6 дугаар сард BEPS Үйл ажиллагааны чиглэлийг баталсан юм. BEPS нь ашгийг эдийн засгийн үйл ажиллагаа дутмаг буюу огт үгүй хэрнээ бага буюу тэг татвар бүхий бүс рүү, өөрөөр хэлбэл оффшор бүс рүү зувчуулах боломжийг олгосон татварын тогтолцооны хийдэл, нугалааг арилгах стратеги хөтөлбөр юм. BEPS нь үндэстэн дамнасан корпорациудын мөлжлөгт нэрвэгдэж, хөгжих эсэх нь тэдгээрээс авах эсэх татвараас өндөр хамаарал бүхий хөгжиж буй улс орнуудын хувьд нэн өндөр ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, хөгжиж буй жижиг улсууд үндэстэн дамнасан корпорациудын зүй бүс үйл ажиллагааг өөрчлөхөд олон улсын хамтын ажиллагааны дэмжлэгийг авна гэсэн үг юм” хэмээжээ.

Тэгэхээр манай улсын хувьд энэхүү хар жагсаалтаас гарахын тулд хууль тогтоомжоо өөрчилж, татварын мэдээллийн системийг бий болгож, тэндээс бусад орнуудтай харилцдаг боломжийг бүрдүүлэхээс аргагүйд хүрч байгаа юм.

Юутай ч эхний ээлжинд Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Сайд нарын зөвлөлийн уулзалтад оролцож буй Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Европын Холбооны "хар жагсаалт"-аас гарах ажлыг Европ (Вена хот)-од нь эхлүүлнэ хэмээн өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдээд байна. Мөн тэрбээр “Энд уулзсан Европын холбооны гишүүн орны төлөөлөгчдийн тэргүүн, сайд бүртэй уулзахдаа асуудлыг тавилаа. Одоо бид төр, засгийн бүх шатандаа дэс дараатай арга хэмжээнүүдийг уялдаа холбоотойгоор хамтдаа авч хэрэгжүүлэх хэрэгтэй болно” хэмээжээ. Үүнээс үзэхэд ойрын хугацаанд хар жагсаалтаас гарахын тулд хамаг хууль, дүрэм, журмаа өөрчилж, ядаж нэрээ цэвэрлэх боломж гарч болохоор байгаа бололтой.

М.УЯНГА

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.