МАХН-ын шинэ даргыг бүртгэх эсэхтэй холбоотой шүүх хурал хойшиллоо

МАХН-ын шинэ даргыг бүртгэх эсэхтэй холбоотой шүүх хурал хойшиллоо

Өнөөдөр 10.00 цагаас Улсын дээд шүүх хуралдаж, МАХН-ын даргыг солих, эсвэл хуучин хэвээр үлдээх тухай шийдвэрийг гаргах байсан ч шүүх хурал энэ сарын 19 хүртэл хойшилжээ.

Тодруулбал О.Баасанхүү  материалтай бүрэн танилцах хугацаа гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авч хурлыг хойшлуулсан байна. 

Өнгөрсөн арванхоёрдугаар сард О.Баасанхүүгийн зохион байгуулсан Их хурал болж, төлөөлөгчдийн дийлэнх олонхийн саналаар түүнийг МАХН-ын шинэ даргаар сонгосон. Гэсэн хэдий ч тус намын зарим гишүүн үүнийг хууль бус тогтоол гэж үзсэн тул шүүхэд хандсан билээ. Харин Улсын дээд шүүхээс энэ асуудлыг хэлэлцэж О.Баасанхүү МАХН-ын дарга болох уу эсвэл Н.Энхбаяр хэвээр үлдэх үү гэдгийг шийдвэрлэх юм.

Өнөөдрийн шүүх хуралдааны үеэр О.Баасанхүүг төлөөлж ирсэн Нийслэлийн МАХН-ын дарга Г.Бямбасүрэн рүү МАХН-ын Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян тэргүүнтэй хэсэг залуус дайрч, өндөг шидэж эмх замбараагүй байдал үүсгэсэн тул Дээд шүүхийн гадаа цагдаагийнхан хамгаалалтад гарсан байв.

Яг юу болсон талаар Нийслэлийн МАХН-ын дарга Г.Бямбасүрэнгээс дараах тодруулгыг авлаа.

-Өнөөдрийн шүүх хурал ямар шалтгаанаар хойшлов?

-Олон шалтгаанаар хойшиллоо. Эд нар өөрсдөө хойшлуулах хүсэлт тавьсан юм байна. Өчигдөр баахан материал нэмж өгсөн юм гэнэ. Тэр материалтай нь гишүүн танилцаж амжаагүй болохоор хойшлуулах хүсэлт манайхаас тавилаа. 

-Та нарыг хууль бусаар хуралдсан гээд байгаа. Үүнд ямар тайлбар өгөх үү?

-Намын гишүүд маань хуулийн хүрээнд хурлаа хийж, даргаа сонгосон. Хууль зөрчсөн юм байхгүй. Харин нэг хэсэг хүмүүс өөрсдөө хууль зөрчиж байгаа нь илт.

-Ямар хүмүүс өндөг шидсэн юм бэ?

-Э.Эрдэнэжамъян хэсэг залуус дагуулж ирээд шүүх рүү орох гэтэл араас цохиж, өндөг шидэж, малгай булааж авч шидсэн. Ийм муухай соёлгүй бүдүүлэг гэдгээ харууллаа.

-Таниас өөр хүн ирсэн юмуу?

-Ирээгүй, би ганцаараа ирсэн юм.

-Одоо цаашид яах вэ?

-Би одоо энэ бүхнийг бариад цагдаагийн газарт очиж гомдол гаргана. Миний шанаа руу хоёр удаа хүчтэй цохисон. Гэмтлийн эмнэлэг орж үзүүлнэ. Ийм муухай юмных нь төлөө бид саналаа хэлж, засч залруулах зүйл олон байгааг хэлэхэд хүлээж аваагүй. Н.Энхбаяр гэж хүн шударга зүйлд дургүй. Өөрийгөө өргөмжлүүлээд явах дуртай учраас бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа юмаа.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.