Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг баталлаа

Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг баталлаа

Засгийн газрын хуралдаанаар “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг баталлаа. Энэ хүрээнд хэрэгжих төсөл, арга хэмжээг 2018-2020 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгаж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгав. Мөн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хэлэлцэн батлав. Үүнтэй холбогдуулан жил бүрийн улсын төсвийн төлөвлөлт, тодотголд Хөрөнгө оруулалтын хөтөлбөрт заасан төслүүдийг хэрэгжүүлэх эх үүсвэрийг тусгах, улсын төсөв, төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын гэрээ, гадаад зээл, тусламжаас бусад эх үүсвэрээр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний хөрөнгийг судалж, шийдвэрлэхийг үүрэг болгов.

Гурван тулгуурт хөгжлийн бодлого нь Монгол Улсын 2018-2020 оны Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн суурь баримт бичиг юм. Монгол Улсын хөгжлийн үндэс нь сайн төр, монгол хүн, Монголын баялаг гэж Засгийн газар үзэж байна. Иймээс “Нэг бодлого-Нэг улс” үзэл баримтлалын дор “Олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн бодлого”, “Шударга ёсыг дээдэлсэн, сахилга, хариуцлагатай тогтвортой засаглал”, “Хүн төвтэй нийгмийн бодлого” гэсэн гурван стратеги дэвшүүлж 27 зорилт хэрэгжүүлэхээр боллоо.

Засгийн газар эрүүл, аюулгүй хүнсээр иргэдээ бүрэн хангаж, хүнс экспортлогч орон болох, аж үйлдвэрийн IV хувьсгалыг эхлүүлэх, томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж иргэдэд ногдол ашиг хуваарилах нөхцөл бүрдүүлэх, уул уурхай, хүнд үйлдвэр, аялал жуулчлалыг хөгжүүлж тээвэр, дэд бүтэц байгуулахыг зорьж байна. Мөн нийгэмд шударга ёс тогтоон, хуулийн засаглалыг бэхжүүлж, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангах, шүүх, хуулийн байгууллагын шударга, ил тод, хараат бус байдлыг бэхжүүлэх, ажлын байр нэмэгдүүлж ядуурлыг бууруулах, иргэдийн эрүүл мэнд, нийгмийн асуудал зэрэгт анхаарах юм.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.