Хаалгаа “бариулсан” хаврын чуулган

Хаалгаа “бариулсан” хаврын чуулган

ЧУУЛГАНЫ ГАДНА

 

Хаврын урь орж, ханш нээсэн өдөр УИХ-ын ээлжит чуулган нээлтээ хий­лээ. Хаврын чуул­ган­тай зэрэгцэн хав­рын улс төр эхлэдгээрээ эхлэв. “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөл­гөөн”-ийнхөн өглөө­ний 08:00 цагаас эхлэн Төрийн ордны хаалгыг сахиж, УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлж байв.  Мөн Тэд “Төрийн эрхийг хууль бусаар авсан 60 тэрбумын УИХ тар”, “Оюутолгойн гэрээг цу­цалж, ард түмэнд баял­гийг буцааж өг” зэрэг шаард­лага барин жагслаа.  Үү­ний дараа өдрийн  11:00 цагт Сүхбаатарын  талбайд  МАХН, ИЗНН,  “Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”-өөс хамтран  Оюутолгойн гэрээг яарал­тай цуцлахыг шаардаж жагсаал зохион байгуулав.  Түүнчлэн жагсаалын үеэр төв талбай дээр Оюутолгойн гэрээгээр сор залж, Монголын ард түмэнд хэзээ ч ашгаа өгөхгүй хэмээн шатааж, эсэргүүцлээ илэрхийлэв.  Мөн УИХ энэхүү шаардлагыг биелүүлэхгүй бол тараах хүртэл арга хэмжээг ард түмэнтэйгээ хамтран зохион байгуулна гэдгээ илэрхийллээ.  Жагсаалд МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар,  С.Ганбаатар, ИЗНН-ын дарга О.Бум-Ялагч тэргүүтэй хүмүүс оролцож, хоёр цаг орчим үргэлжиллээ. ИЗНН-ын дарга О.Бум-Ялагч “Улс төрийн намууд бодлогын нам биш мөнгөний нам болсон. Парламентад суудалтай хоёр нам өөрсдөө хууль зөрчдөг учраас татан буулгах ёстой. Ард иргэд, иргэний нийгмийн байгууллага болон улс төрийн намуудад бүх намуудыг татан буулгаж улс төрийн дахин хувиарлалт хийхийг уриалж байна. Монгол Улсын их хурал улс төрийн бүх намуудыг татан буулгах хуулийн төслийг хэлэлцэн батлахыг шаардаж байна” гэлээ.  Төрийн ордны  гадаа хаврын чуулгантай зэрэгцэн нэг иймэрхүү үйл явдал өрнөлөө.

 

ЧУУЛГАНЫ ТАНХИМД

 

Хаврын чуулган өчигдөр 10:00 цагт, 80.3 хувийн ирцтэйгээр эхлэв.  Нэлээд хугацаанд “амарсан” гишүүд энэ өдөр цуглаж, улс орны өмнө тулгамдаж буй асуудлыг шийдэх гэхээсээ илүү улс төрийн дараагийн драм юу байх вэ гэдэг хичээлд суучих шиг боллоо. Чуулганы нээлтэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга, зарим гишүүд болоод УИХ-аас  удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар, Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нар оролцлоо. УИХ-ын дарга М.Энх­болд чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Иргэд, сонгогчидтойгоо уул­заж явах­даа та бүхэн хариуцлага, ёс зүй гэсэн үгийг олон удаа сонссон гэдэгт би эргэлзэхгүй байна. Иргэдийг бухим­дуулж, төрдөө итгэх итгэ­лийг нь ээдүүлж байгаа энэ асуудалд төр, түмнээ гэсэн сэтгэлээр хандаж, шийдвэртэй арга хэмжээ авах цаг болжээ. Тиймээс хариуцлагатай, ёс зүйтэй байх асуудлыг УИХ өөрөөсөө эхэлнэ. Эхний ээлжинд Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хариуцлагыг чангатгана.  Та биднийг сонгогчид маань өөрийгөө төлөөлүүлэн төрд илгээсэн. Тиймээс бид хэн нэгний, эсвэл өөрийнхөө төлөө биш, тэдний төлөө ажиллах ёстой. Өөрийнхөө сайнд сонгогдсон, төрийг би л түшиж байгаа гэж бодож болохгүйн учир энэ. Биднийг төлөөлөх үүргээ гишүүд хариуцлагагүй биелүүлж байна гэж тэд анхааруулж байна. Тиймээс үүргээ муу биелүүлсэн, сонгогчдын­хоо итгэлийг алдсан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг дээрх хуулиудад тусгах болно.   УИХ-ын гишүүний ёс зүй Монгол төрийн нүүр царай болж байдаг гэдгийг дор бүрнээ санаж ухаарцгаая” гэлээ.  Энэ  үг ч цаанаа утга учиртай байсан бололтой.  Чуулганы нээлттэй зэрэгцэн  УИХ-ын гишүүн Д.Гантулгыг бүрэн эрхээсээ татгалзаж байгаа гэсэн мэдээлэл тарсан. Тэрээр МАН-ын бүлэгт УИХ-ын гишүүнээс түдгэлзэх өргөдлөө гаргаж, бүлэг энэ асуудлыг хэлэлцэн өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр болсон юм.  Мөн УИХ-ын чуулганы нээлтэд Төрийн тэргүүний хэлсэн үг олны анхаарлыг татлаа.  Ерөнхийлөгч Х.Баттулга “Одоо хараад суух цаг алга. Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийн хүрээнд би зохих асуудлуудыг тусгасан хуулийн төслүүдийг санаачлан УИХ-аар удахгүй хэлэлцүүлэх болно. Харин эрхэм гишүүд та бүхэн намчирхалгүй, улстөржилгүй, иргэд сонгогчдынхоо эрх ашгийг дээдлэх зарчмаар хэлэлцүүлэгт оролцоорой, идэвхтэй дэмжээрэй гэж хүсэх байна. Хууль тогтоомжийн тухай хуулийг баримтлан боловсруулж УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр гурван ч тогтоол, хуулийн төслүүд дээр иргэдээс санал авч байгаа” гэв. Ийнхүү УИХ-ын хаврын чуулган эхэллээ.  Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Улсын нисэхийн тухай хууль, Элчин сайдын яам нээх зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Т. Батсайхан

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.