“Ноолуур” төсөлд Оросын талын оролцоог хангаж, хамтран ажиллах санал тавив

“Ноолуур” төсөлд Оросын талын оролцоог хангаж, хамтран ажиллах санал тавив

Шадар сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын төрийн өндөр хэмжээний зочидтой худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Улаанбаатар хотноо зохион байгуулж буй "Монгол, Оросын санаачилга 2018" цуврал арга хэмжээг хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд бодит түлхэц үзүүлэх чухал арга хэмжээ хэмээн үзэж байгаагаа Шадар сайд Ө.Энхтүвшин өгүүлээд, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргын хувьд өнгөрсөн хоёрдугаар сард Москвад болсон 21 дүгээр хуралдааны үеэр байгуулахаар тохирсон "Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр" хоёр орны бүс нутаг хооронд худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техник, нийгэм, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хил орчмын дэд бүтцийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа онцлов.Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахад Оросын тал дэмжиж буйд талархал илэрхийлээд, манай тал бусад гишүүн орнуудаас дэмжлэг авах чиглэлээр ажиллаж байгааг дуулгав.

Түүнчлэн цаашид Монгол Улсаас ОХУ-д нийлүүлэх мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах, тухайлбал, ОХУ-ын стандартын дагуу Монгол, Оросын махны хамтарсан үйлдвэрийг Монгол Улсад байгуулах, Засгийн газраас хэрэгжүүлж буй "Ноолуур" төсөлд Оросын талын оролцоог хангаж, хамтран ажиллах саналыг Шадар сайд Ө.Энхтүвшин илэрхийллээ.

"ОХУ, БНХАУ-ын худалдааны эргэлт 2017 онд 84 тэрбум ам.долларт хүрч, 2020 он гэхэд 200 тэрбумд хүргэхээр зорьж байгаа билээ. Монгол Улс хоёр хөршийн энэхүү зорилтод өөрийн зүгээс хувь нэмэр оруулахыг зорьж байна. Монгол Улсын газар зүйн байршил ОХУ, БНХАУ-ын хооронд хамгийн дөт замаар бараа тээвэрлэх таатай бололцоо олгож байгаа. Тиймээс бид хоёр хөршийнхөө хамтын ажиллагаанд оролцож, харилцан ашигтай ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлье.

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт хамтын ажиллагааны хэтийн төлөвийг би өөдрөгөөр харж байна. ОХУ-ын Евразийн эдийн засгийн холбоо, БНХАУ-ын "Бүс ба Зам" санаачилга, Монгол Улсын "Хөгжлийн зам" зэрэг хөгжлийн хөтөлбөрүүдийг уялдуулснаар энэхүү хамтын ажиллагаа нь гурван улсын төдийгүй бүс нутгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ хүрээнд Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн нэн тэргүүнд хэрэгжүүлэх гурван төсөлд орсон "УБТЗ"-ын шинэчлэл, Азийн автозамын сүлжээний Эй Эйч 3 чиглэлд хурдны зам барих төслийг хэрэгжүүлэх нь дээрх зорилтод хүрэхэд чухал үүрэг гүйцэтгэх тул Оросын тал дэмжинэ гэдэгт найдаж байна" гэж Шадар сайд Ө.Энхтүвшин хэлэв.Түүнчлэн хоёр улс худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглахгүй байгаа талаар Шадар сайд Ө.Энхтүвшиний илэрхийлсэн байр суурьтай санал нэг байгаагаа Д.В.Мантуров хэлэв. Тиймээс хоёр улсын худалдааны тэнцэл дэх Монголын талын жин нөлөөг өсгөхийн тулд Монголд аялах Оросын жуулчдын тоог өсгөх болон уул уурхай, эрчим хүч, хөнгөн үйлдвэрийн хамтарсан үйлдвэр байгуулах зэрэг чиглэлээр ажиллах боломжтой гэсэн саналтай байгаагаа илэрхийллээ.

Үгийнхээ төгсгөлд ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Д.В.Мантуров "Монгол, Оросын санаачилга-2018" арга хэмжээ нь хоёр улсын бүс нутгийн төлөөлөгчид биечлэн уулзах завшаан болсон төдийгүй ажил хэрэгч хүмүүс харилцаа холбоо тогтоон үр дүнтэй хамтран ажиллах талбар болно гэдэгт итгэж байна" гэв. ЗГХК-ийн Оросын хэсгийн даргаар өмнө нь энэ албыг хашиж байсан туршлагатай, ОХУ-ын шинэ Засгийн газарт Шадар сайдаар томилогдоод байгаа А.В.Гордеев дахин томилогдсоныг Д.В.Мантуров Шадар сайд Ө.Энхтүвшинд дуулгалаа

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.