УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын асуудалд хэн юу хэлэв

УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын асуудалд хэн юу хэлэв

УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх үеэр гишүүд чуулганы танхимд ийн байр сууриа илэрхийллээ.

Д. Оюунхорол: “Будаг нь хатаагүй” шинэхэн хуулиа хэрэгжүүлэх ёстой

-Парламентад 13 эмэгтэй гишүүн, 13.7 хувийг бүрдүүлж байна. Бид эмэгтэйчүүдийн хувьд дуу хоолойгоо нэгтгэн хүчирхийллийн хэрэг хийсэн болон завдсан аливаа хэргийн эсрэг дуугарах болно. УИХ-ын нийт гишүүдэд тэднийг хаацайлах эрх байхгүй. Хууль, шүүхийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй гэдэг зарчмаа бариасай. Охид эмэгтэйчүүдээ хүчирхийллээс хамгаалахад өнөөдрийн энэ танхимаас гарах шийдвэр үлгэр дуурайлал болно. Хүчирхийллийн эсрэг хууль шинэхнээрээ, “будаг нь хатаагүй” байна. Энэ хуулиа хэрэгжүүлэх ёстой. Монголын парламент бүрэн бүрэлдэхүүнээрээ гишүүндээ хариуцлага тооцож байсан удаатай. Энэ удаад ч бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгуулах ёстой. Эцсийн шийдвэр гаргаад явуулах гэж байгаа хэрэг биш гэж ойлгож байна. Шалгуулчихаад буцаад ороод ирэх боломжтой үлдсэн байх. Дэгийн хуулийг өөрөөр тайлбарлах оролдлого анзаарагдаж байна. Охид, эмэгтэйчүүдээ гэмт хэргээс хамгаалах үүднээс сайтар нягталж шийдээсэй гэж хүсч байна.

Л.Оюун-Эрдэнэ: Энэ өдөр парламентын түүхэнд хар өдөр болон үлдэх байх

-Парламентын түүхэнд энэ өдөр хар өдөр болж үлдэх байх. Прокурорыг хүндэтгэж байна. Гэхдээ Үндсэн хуулиар УИХ-ын гишүүд бүхэн тэгш эрхтэй. Мөнгөтэй мөнгөгүй, хэдэн удаа сонгогдсон, сайд эсэх хамаагүй. Авлигатай холбоотой асуудлаар нэр нь дурдагдаад шийдэгдэхгүй байгаа гишүүдийн оффшортой, луйвартай холбоотой асуудлыг ч бас Проукрор оруулж ирээрэй. Эрдэнэтийн 49, 51 хувьтай холбоотой асуудлыг бас оруулж ирээрэй. Энэ бол төрийн том жишиг болж үлдэнэ. Прокурор ялгаваргүй ажиллаж байна гэж олон нийт харж байна. Бондын зарцуулалт, Хөгжлийн банктай холбоотой, сая сая ам.доллартай холбоотой асуудлын талаар яагаад орж ирэхгүй байна вэ. Хуулийн өмнө бие биеэ алагчилж үзэж болохгүй. Тэгш хандаарай. Энэ бол судлагдахуун болж үлдэнэ.

М.Билэгт: Байнгын хорооны шийдвэрүүдэд харамсч байна

-Хоёр гишүүн маань охид, бүсгүйчүүдийг хүчирхийлсэн гэх асуудалд холбогдсон. Халдашгүй байдлын байнгын хорооны хуралдаанаар энэ хоёр гишүүнийг эгүүлэн татах нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан ч хоёр байнгын хороо харамсалтай нь өөр шийдвэр гарсан. Уг нь энэ парламент энэ хоёр хүнийг гэм буруутай эсэх хууль хяналтын байгууллагаар шалгуулаад үнэн зөвөө шийдүүлж, шалгуулаад ирэх боломжийг нь гаргах ёстой. Хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн бид саяхан баталж гаргасан. Охид, эмэгтэйчүүдээ бодоод энэ залуучууд хэрэг үйлдээгүй бол хуулийн байгууллагаар шалгуулаад хүрээд ир. Энэ парламент ч ийм боломж олгож, түдгэлзүүлэх ёстой. Хууль шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй. Ард түмэн харж байгаа шүү, эрэгтэй гишүүд ээ.

Л.Болд: Прокурорын байгууллагатай шууд харилцаж баймаар байна

Улс төрийн шийдэл рүү явчих вий гэж харж байна. Парламентын түүхэнд гишүүний эрхийг түдгэлзүүлсэн тухай ярьж байгаа нь үнэн. С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн улмаас тэр аймшигт асуудлыг хөндөн ингэж хэлэлцэж байсан. Өнөөдөр Прокурорын тухай хуулийн 49 дүгээр зүйлийг яагаад дагаж мөрдөхгүй орохгүй байна вэ. Энэ зүйлийн дагуу Улсын ерөнхий прокурор жилд нэгээс доошгүй удаа мэдээлэл хийх ёстой. Үүнийг дагаж мөрдөх, байнга мэдээллээр хангаж, харилцаатай байх ёстой. Нөгөөтэйгүүр улс төрийн зорилготой үйл ажиллагаа байх вий гэсэн эргэлзээ байгаатай санал нэг байна. Улсын ерөнхий прокурорын нүүрийг өнөөдөр л энэ асуудлаас болж харж байна. Хуулийн байгууллага шалгаж байгаа гэж ам тагладаг. Тэр байгууллагатай шууд харилцаж зөв мэдээлэл олж авдаг баймаар байна. Тэгж байж зөв шийдвэр гаргана.

Ц.Цогзолмаа: Парламентад насны босго тогтоох ёстой

Парламентын ёс зүйн хэм хэмжээ, мэргэжлийн ёс зүйг дагаж ажиллах хэрэгтэй. Парламентын гишүүд мэргэжлийн үүднээс эрх зүйт төрд ажиллаж зөв шударга нийгмийн төлөө ажиллаж байна. Энд хувь хүний алдаа гаргах эрх байхгүй. Ёс зүйн алдаа гаргасан энэ хүнийг өмөөрөх боломжгүй. Парламентад насны босго тогтоох ёстой энэ сайн жишгийг цаашид парламентыг төлөвшүүлэхэд хэрэглэхэд болохгүй гэж зүйлгүй. Нэг хүний эрх ашиг нийтийн эрх ашгаас үргэлж дор байдаг. Тиймээс нийтийн эрх ашгийг хүндэлж хууль ёсоор шалгуулах нь зүйтэй гэж үзэж байна гэлээ.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.