Трамп, Ким-д Улаанбаатар хот гологдчихлоо

Трамп, Ким-д Улаанбаатар хот гологдчихлоо

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жен Ун нарын түүхэн дээд хэмжээний уулзалт Сингапур улсын Сентоза арлын Капелла зочид буудалд өчигдөр болж өндөрлөлөө. Тэд олон жилийн дайсагналын дараа анх удаа гар барин мэндчилж байгаа нь энэ юм. Гар барьсны дараа Ким "Уулзсандаа таатай байна. Ноён Ерөнхийлөгчөө" хэмээн мэндэлсэн бол Трамп "Надад үнэхээр таатай мэдрэмж төрж байна. Хэлэлцээр үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана" гэсэн ерөөлтэй үгээр уулзалт эхэлсэн юм.

Дэлхийн түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх энэ уулзалтаар хоёр тал ганцаарчилсан уулзалтыг анх удаа хийж, тохиролцоонд хүрч, улмаар хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурснаар өндөрлөв. Энэхүү түүхэн үйл явдлыг дэлхийн 14 орны 3000 гаруй сэтгүүлчид сурвалжилсан юм.

Дэлхийн бүх улсын анхаарлын төвд байсан энэ түүхэн уулзалт анх хаана товлогдох тухай яригдахад Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот дурдагдав. Гэвч хоёр том гүрний удирдагчдад харамсалтай нь Улаанбаатар хот гологдов. Дэд бүтэц, хөгжил муутайгаас гадна манай улсын улс төрийн тогтворгүй байдал ч үүнд нөлөөлсөн биз. Юутай ч дэлхийн бүх улсын анхаарлын төвд байсан хоёр том гүрний удирдагчдын түүхэн уулзалт зохион байгуулагдах газрыг товлоход Сингапуртай зэрэгцэн яригдсан нь сайшаалтай.

Энэ уулзалтыг зохион байгуулалтад Сингапур улс 20 сая ам.долларыг зарцуулсан тухай Ерөнхий сайд нь мэдээлэв. Үүнээс гадна, “Гадны төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс агаарын замаа зургадугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд хаасан. Энэ үеэр 300 гаруй сайн дурын ажилтан, 5000 цагдаагийн байгууллагын ажилтнууд Сингапурт зохион байгуулагдсан дээд хэмжээний уулзалтын зохион байгуулалтад орж ажиллалаа. Сингапурын Сентоза арал бол тус улсын хамгийн том оффшор арал гэгддэг бөгөөд 1974 оноос хөгжүүлж эхэлжээ. Сентоза арал нь өмнө нь далайн дээрэмчдийн түшиц газар байсан бол өнөөдөр чинээлэг хүмүүсийн амралт, зугаалгын газар гэгддэгээрээ дэлхийд алдартай” гэх мэдээллийг эх сурвалж мэдээлж байгаа.

Манай улс ийм хэмжээний зохион байгуулалтыг хийж чадах байсан уу гээд бодох зүйл бидэнд их байгааг санууллаа. Монгол Улс хэзээ хөгжлөөрөө бусдад гологдохгүй болох вэ.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.