Миний Монгол наадмыг тайван орхи

Миний Монгол наадмыг тайван орхи

Харйтай бөхчүүд минь бөхөө барилдаад ард түмэндээ хайрлагдаад явж байхгүй улс төр хэмээх “хөөтэй тогоо” руу орцгоочихлоо хэмээн Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат нарыг хайрлаж, харамлах хүмүүсийн халуун сэтгэлийн үгс саяхан л хөвөрч байсан санагдана.

Гэвч төрийн хүн болчихоод олон түмнийхээ хайр хүндэтгэлийг даахгүй байгаа Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат хоёрт бөхийн хорхойтнууд төдийгүй монголчууд бүгдээрээ гомдож сууна.

Төрийн ордны зөөлөн суудал, өндөр сэнтийнд заларчихаад Үндэсний их баяр наадмынхаа өмнө хэдэн бөхчүүдээ талцуулаад, авгай нарын хэрүүл хийж суугаа нь үнэхээр муухай харагдаж байгааг олон түмэн шүүмжилж байгаа юм.

Тэд бөхийн холбооны албан тушаал, бөхийн өргөөгөө булаацалдаж ийн шившигтэж байгаа нь энэ. Өчигдөр Төрийн ордонд тус тусын өрөөндөө хэвлэлийнхний цуглуулж, өөрсдийгөө өмгөөлж, өрөөлд хамаг буруу бүхнийг чихэн суух нь төрийн хүнд ч, Монгол түмний хайртай бөхөд ч байж боломгүй үйлдэл мэт.

Нэгэнтээ зүлэг ногоон дэвжээндээ ид хаваа гайхуулж, уран мэхээ уралдуулан ард түмэндээ хайрлагдаад явахыг хүсэхгүй төрийн өндөр албан тушаалд шунагласан юм бол өөрсдийн сонгосон замаараа зөв явахад л барав биш үү.

Одоо Монгол бөхийн өргөө, Монголын үндэсний бөхийн холбооноос савраа татацгаа.  Бөхөд хайртай хүн бүрийг хагаралдуулахаа больцгоох хэрэгтэй. Та нарт сонирхолтой байгаа юм байгаа биз. Бусдад муухай харагдаж байна.

Миний Монголын наадмыг тайван орхи. Бохир заваан хэрүүлдээ ч бүү оруул.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.