Иргэдээ төр, хувийн хэвшлийнхэн гэж алагчилмааргүй байна Х.Баделхан сайдаа

Иргэдээ төр, хувийн хэвшлийнхэн гэж алагчилмааргүй байна Х.Баделхан сайдаа

Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан “Борлогдоогүй орон сууцыг төрийн албан хаагчдад урьдчилгаагүй, хүүгүй зээлээр олгох асуудлыг судалж байгаа” гэх мэдээллийг хэвлэлийнхэнд өгсөн нь олон хүний эгдүүцлийг хүргээд авав.

Мэдээж Барилга хот байгуулалтын сайд хүн барилгын салбарынхнаа дэмжих бодлого боловсруулаад түүнийг судалж байж болох. Гэхдээ нөгөө талдаа барилгын салбарыг төр бишгүй л дэмждэг. Гэтэл байнга төрийн ивээл дор байдаг энэ салбарын эрсдлийг хүртэл төр хүлээх ёстой юм гэж үү гэдэг асуулт урган гараад байгаа юм. Үүнийг хэрэгжүүлэх дээрээ тулбал юм бүрийг төрийн албаныханд зориулдаг туйлширсан үзлээ хаях хэрэгтэйг иргэд өнгөрсөн амралтын өдрүүдээр цахим орчинд шүүмжилж байлаа.

Ингэх нь ч зөв биз. Төрийн албаныхан Монгол Улсын нийт татвар төлөгчдийн татварын мөнгөөр цалинждаг. Гэтэл хувийн хэвшлийнхэн тэр дундаа хувийн бизнес эрхэлж байгаа ажил олгогчид ажилчдын цалин хөлс, татвар шимтгэл, урсгал зардал, аливаа эрсдэл гээд бүхнийг хар толгойгоороо хариуцдаг. Эдний хооронд асар их ялгаа бий. Тэгсэн атлаа төрөөс хэрэгжүүлж буй аливаа хөнгөлөлт, хөтөлбөр бүхэн төрийн албаныхан руу чиглэж, хөөрхий хувийн хэвшлийнхэнд наалдах зүйл байдаггүй иргэд шүүмжилсээр байна.

Иргэдээ ийн төрийн алба, хувийн хэвшилд ажиллаж буйгаар нь алагчлах үзэл манайхаас өөр улсын төрд байдаггүй юм билээ. Улс орны бүтээн байгуулалт, татварын орлого бүрдүүлэлт гээд томоохон үзүүлэлт бүхнийг хувийн хэвшлийнхэн давамгайлдаг. Гэтэл тэднийг төр нь хэдий хүртэл алагчилсаар байх вэ.

Нөгөөтэйгүүр хүн бүр төрийн алба руу шургалах гэж зүтгэж, хувийн хэвшилд тэр тусмаа их бүтээн байгуулалтад гар бие оролцох хүн хомстохыг ч үгүйсгэхгүй. Ийм нөхцөл байдлыг төр өөрөө бий болгоод багагүй хугацаа өнгөрснийг иргэд, олон нийт сануулж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.