Намрын чуулганаар Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна

Намрын чуулганаар Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Уг асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын дарга М.Энхболд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг ирэх чуулганаар хэлэлцэх санал гаргав.

    Тэрбээр “Хоёр парламент дамжин хэлэлцэж, баталсан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиудыг эргэж харах, өөрчлөх шаардлага бий. УИХ-ын удирдлагууд болон холбогдох Байнгын хороодод иргэд, төрийн бус байгууллагуудаас энэ тухай хүсэлт, саналаа ирүүлсэн байгаа. Тэдгээр санал, хүсэлтэд үндэслэн УИХ-аас ажлын хэсэг байгуулан ажтллуулж, төслүүдийн эхний хувилбарыг боловсруулаад байгаа юм. Түүнчлэн холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтээс дээрх хуулиудад оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар санал авч, төсөлд нэгтгэн тусгах ажил үргэлжилж байна. Засгийн газар, Хууль зүйн байнгын хороо, УИХ дахь АН-ын бүлгээс намрын чуулганаар хэлэлцэх асуудлын талаар ирүүлсэн жагсаалтуудад ч дурдагдсан байна. Энэ хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулснаар дагаж нэлээд олон хуульд зохицуулалт хийгдэх нь лавтай. УИХ үүнд анхаарал хандуулан, 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд дээрх хуулиудыг өөрчлөх, нэмэлт оруулах асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэх нь зүйтэй. Иймд 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад тусгаж өгнө үү” гэлээ.

    УИХ-ын дарга М.Энхболдын хүсэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хүлээн авч, УИХ-ын тогтоолын төсөлд тусгахаар шийдвэрлэв. 

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.