Хөдөлмөрийн харилцаан дахь жендерийн тэгш байдлыг хангахыг зорьж байна

Хөдөлмөрийн харилцаан дахь жендерийн тэгш байдлыг хангахыг зорьж байна

Монгол Улсын Засгийн газар, Жендерийн үндэсний хороо, АХБ-тай хамтран Ерөнхий сайдын ивээл дор “Тогтвортой хөгжил: Жендер ба хөгжил” олон улсын бага хурал зохион байгууллаа. 
НҮБ-ын “2030 он хүртэлх Тогтвортой хөгжил” хөтөлбөрийн 17 зорилтын 5-д “Жендерийн тэгш байдал”-ыг хангах зорилгод жендерийн эрх тэгш байдлыг хангах, охид эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх гэж заасан байдаг.


Найман улс, олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагын 250 гаруй төлөөлөгч оролцсон уг хуралд  ХНХ-ийн сайд С.Чинзориг  “Жендерийн тэгш байдлыг хангах талаарх Монгол Улсын ололт дэвшил, онцлог асуудал ба гарц” илтгэл тавилаа. 


Тэрбээр “Хүн төрөлхтөний цаашдын хувь заяа болоод буй нийгэм, эдийн засаг, байгаль орчны харилцан уялдааг ханган, эх дэлхийгээ тогтвортой хөгжүүлэх асуудлаар чуулж байгаа нь цаг үеэ олсон мөч бөгөөд бидний зорилго нийгмийн хөгжлийн нэг асуудал болсон жендерийн асуудлаар хамтран ажиллах явдал юм.
Манай улс 2002 онд Жендерийн тэгш байдлыг хангах Үндэсний хөтөлбөр, 2011 онд Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг батлан гаргаж хэрэгжүүлж байна.Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Жендерийн тэгш байдлыг хангаж, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх”-ээр тусгаж жендерийн тэгш байдлыг хангах эрхзүй, бодлогын орчинг бий болгосноор манай улс жендерийн асуудлаар ахиц дэвшил гаргасан Ази тивийн цөөн орны тоонд зүй ёсоор орж байна. 


Өнөөдөр Монголд Ерөнхий сайдын тэргүүлсэн Жендерийн үндэсний хороо 13 салбар яамд, нийслэл, 21 аймаг, дүүрэгт 31, нийт жендерийн 44 салбар зөвлөл, хороодыг байгуулан ажиллаж байгаа нь Монгол Улс жендерийн тэгш байдлыг хангах үндэсний тогтолцоог нутаг дэвсгэр, төрийн болон засаг захиргааны зохион байгуулалтдаа нийцүүлэн хөгжүүлж буй орны нэг болсон.


Манай улсад ажиллах хүчин дэх эрэгтэйчүүдийн оролцооны түвшин 68.2 хувь, эмэгтэйчүүдийннх 57 хувь байна. Эдийн засгийн үр өгөөж, цалин хөлс өндөр салбарт эрэгтэйчүүд түлхүү ажиллаж, хөдөлмөрийн үнэлэмж доогуур нийгмийн үйлчилгээний салбарт эмэгтэйчүүд олноор ажиллаж байгааг тэнцвэржүүлэн хөдөлмөрийн харилцаан дахь жендерийн тэгш байдлыг хангахыг Монгол Улс зорьж байгаа” гэдгийг хэллээ.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.