П.Цагаан: Хөлдөө “канки” углаж үзсэн хүн бүрийн, хүүхэд бүрийн мөрөөдлийг биелүүлнэ

П.Цагаан: Хөлдөө “канки” углаж үзсэн хүн бүрийн, хүүхэд бүрийн мөрөөдлийг биелүүлнэ

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн ТУЗ-ийн дарга П.Цагаантай ярилцлаа.

-Сайн байна уу, Цагаан дарга аа? Сайхан зусч байна уу, Та?

-Сайхаан сайхан.

-Төрийн ажлаас холдож нэг хэсэгтээ амарч байна уу?

-Амарч шалиагүй ээ. Хийх дуртай ажил зөндөө болохоор завгүй л байна. Хүн бүр хичээж, эрвийх дэрвийхээрээ зүтгэж байж л улс орон хөгжинө шүү дээ.

-Заримдаа ч энэ улс орон маань ер нь хаашаа л яваад байна даа гэх гутранги бодол төрөх л юм. Танд ийм бодол төрөх үе гарч байнауу ?

-Ерөнхий зургаараа бол бид чинь гурван сая хүнтэй Монгол гэдэг том айл. Хүүхдүүд нь мөрөөдөлтэй, залуус нь боловсролтой, ажилсаг хичээнгүй, ахмадууд нь эрүүл энх амар амгалан амьдрахын төлөө хүн бүр зүтгэх ёстой. Монголчууд бид одоо мөрөөдөөд суух биш мөрөөдлөө бүтээхийн төлөө хөдөлмөрлөх цаг болсон. Дэлхийн бусад орноос хоцрох эрх байхгүй. Дэлхийн цаг 21 дүгээр зуун дээр цохилж явахад монголчуудын цагийн зүү 20 дээрээ зогсчихож болохгүй биз дээ.

-Хичээж зүтгэхээсээ илүү улстөржих нь их байх шиг. Танд бас анзаарагддаг л байх...

-Халуун зунаар хоёулаа улстөржөөд яахав дээ. Тэгээд ч би улстөрчидтэй ажиллахгүй байгаа. Хичээж зүтгээд хийж бүтээж байгаа хүмүүстэй л голдуу уулзаж байна даа. Муулах тусам сайн ажилла гэж нэг ухаантай хүн захисан юм. Амьдад магтахгүй ч хожим хойно магтуултал ажиллана л гэж боддог доо.

-Гэхдээ таныг Цагаан сайд, Цагаан дарга гээд л хаа явсан газарт тань хүндэлж байдаг шүү дээ.Сүүлийн үед л харин хаа нэг сөрөг мессеж үзэгдээд байх шиг?

-Хүндэлдэгийн тухайд үнэхээр сайхан шүү. Тэр сөрөг юм бол ганц нэгхээн хүний хийж байгаа ажил.

-Та улс төрчидтэй ажиллахгүй байгаа гэлээ. Яг юу хийж байгаа вэ?

-Судалгаа хийж байна, бизнес хийж байна, нийгмийн сайн сайхан үйлсийн төлөө ажиллаж байна. Бусдад дараагүй амьдрах шиг буян байхгүй гэж аав, ээж маань захидаг байсан. Нээрээ ч бусдын төлөө төрчихсөн юм шиг аашлах нь арчаагүй хүмүүсийн л араншин байх. Гэхдээ монголчуудын олонх нь тийм биш.

-Судалгаа гэхээр чухам аль чиглэлд?

-Монгол Улсын хөгжлийн гарцтай холбоотой асуудлыг судалж байна.

-Гарцыг нь олов уу?

-Олсон.

-Тун сонирхолтой юм. Бидэнд тэгэхээр ямар гарц байна вэ?

-Маш энгийн. Төр засаг нь татвар төлөгч, бизнес эрхлэгчдэдээ аль болох таатай орчин бүрдүүлэх. Бизнес эрхлэгчид нь нийгмийн хариуцлагаа ухамсарлаж ажиллах. Ердөө л энэ. Амжилттай хөгжсөн, хөгжиж байгаа бүх улс ингэж л хөгжсөн байна. Монгол бол сайн бодоод хоновол саятан болж босч ирэхээр сайхан орон байхад бид ядуурлаас гарч чадахгүй байгаа нь засаглалын чадамжтай холбоотой гэдэг нь судалгаагаар нотлогдож байна.

-Таны хийж байгаа Өрсөлдөх чадварын судалгааг нийгэм хүлээдэг, хардаг болсон байна лээ шүү.

-Сайн мэдээ байна. Би ганцаараа хийнэ ч гэж юу байхав дээ. Бүхэл бүтэн баг ажиллаж байгаа. Овоо хэдэн жил болж байна. Цаг их ордог ажил. Оношийг нь олохгүйгээр нийгэм илааршихгүй нь ойлгомжтой. Дэлхийн судалгааны “Тинк танк”-уудын хийж байгаа судалгааны чансаагаар нь эрэмбэлсэн тайлан байдаг. 2017 оны энэ тайлангаар Төв Азийн 65 Тинк танкаас манай “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв” 38-д эрэмблэгдсэн байгаа. Бид урамшаад, улам сайн ажиллацгаая гэсэн бодолтой байгаа.

-Маш амжилттай яваа юм байна. Харин гаргасан судалгаагаарядуурал, ажилгүйдэл их байгаа нь төр засаг бизнес эрхлэгчдээ дэмжиж чадахгүй байгаатай холбоотой байна уу?

-Яг тийм. Дэмждэггүй юм аа гэхэд саад хийхгүй байх хэрэгтэй.

-Та ямар бизнес хийж байгаа вэ?

-Олон жил хичээж суралцсан мэдлэг, туршлагаа ашиглаж,оюун ухаанаа үнэд хүргэх. Ингэхдээ цэнхэр далайн стратеги баримтлах нь чухал.

-Энэ нь ямар стратеги байдаг юм бэ?

-Байгаа бизнесийг дууриаж, түүнтэй өрсөлдөх биш, харин өрсөлдөгчгүй шинэ бизнесийг, шинэ үйлчилгээг түрүүлж бий болгохыг чармайна гэсэн үг. Энэ нь заавал том, овортой байх шаардлагагүй. Бусдаас ялгардаг байхаас эхэлнэ.

-Энгийн жишээ татаж хэлж өгөөч. Хүмүүст хэрэгтэй шүү дээ?

-Гудамжиндаа байгаа талхны цехийг харчихаад адилхан талхны цех битгий барь, харин хэрэгцээтэй өөр зүйл хийхийг бод гэсэн үг. Олон жилийн өмнө Монголд эмнэлгийн үйлчилгээ тун тааруу байх үед Гадаадын эмнэлгийн төлөөлөгчийн газрыг нээж 10 жил ажиллуулаад больсон. Овойж оцойх их ашиггүй ч гэлээ олон зуу, магадгүй хэдэн мянган хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад буян болсон доо. Одоо ч гадаадын эмнэлэг олшроод утгаа алдаад байх шиг.

-Дээрх асуултдаа хариултаа авья. Та яг ямар бизнес хийж байгаа юм бэ?

-Монголчууд хэдийнээс хаяж гээгээд яваад байдаг муу зуршилгүйарвич, хямгач хүмүүс. Харин ч додомдож байгаад юмханаар юм хийчихдэг сайн үлгэр жишээ олонтой. Миний аав гэхэд л элэгдсэн гутлын түрийг хаялгүй эсгэж янзлаад сандлын зөөлөвч хийчихдэг, ээж маань чанасан махны ясыг цуглуулж байгаад нүдэж нунтаглаад дахин чанаад маш их хэмжээний өөхөн тос гаргаж аваад бидэнд боорцог чанаж өгдөг байсан даа. Дэлхий хаях биш хэмнэх, олохын төлөө уралдаж байна. Улс гэдэг нь айлтай адил. Гэтэл манай улс байгалийн баялагтаа их цамаан хандаж, хаягдал их гаргаж байна. Алт, зэс, нүүрс, жоншноос гээд анзаараад байхад хаягдал хаа сайгүй үлдэж байна. Ашигт малтмалын хаягдлыг боловсруулж, эдийн засгийн эргэлтэнд оруулах нь олон талын ач холбогдолтой. Газар ухаж сэндийлэхгүйгээр баялаг бүтээж болж байна. Тэнд нэмүү өртөг шингэж, ажлын байр бий болгож болно. Энэ талаас нь чухалчлан анхаарч ажиллаж байна даа.

-Таны нэр холбогдоод байдаг Ачит Ихт компани ашигт малтмалын хаягдлаас зэс гаргаж авдаг үйлдвэртэй биз дээ?

-Тийм.

-Таныг Эрдэнэт үйлдвэрийг л ашиглаад байгаа юм шиг яригддаг. Та ч нэг их хариу хэлдэггүй. Энэ талаар нэгэнт хөндсөнийх арай дэлгэрэнгүй яриач...

-Эрдэнэт үйлдвэр 40 жилийн өмнөөс эхлээд Эрдэнэтийн овоог ухаж хүдэр олдворлоод Монгол Улсыг тэжээж, тэтгэж ирснийг хүн бүр мэднэ. Энэ явцад Эрдэнэт үйлдвэрийн технологид тохирохгүй, исэлдсэн, ядуу агуулгатай хүдрээ балансаасаа хасч овоолж ирсэн. Тэр овоолго насжиж, нар салхинд гандаж, хийсч, цас борооны усанд уусаад 30, 40 жил хэвтсэн. Бид балансын бус, өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэрийн балансаас хасагдсан овоолгыг уусган баяжуулах аргаар зэс ялган авах үйлдвэр байгуулсан. Энэ үйлдвэр нь эрчим хүчинд хэмнэлттэй, дэвшилтэт техник, технологи, инновацийг нэвтрүүлсэн, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон улсын зах зээлд экспортлож байгаа. 200 гаруй хүн тогтмол ажлын байраар хангагдсан. Ажилд орох сонирхолтой хүний тоо маш олон байдаг гэж сонссон.

-Өмнө нь яагаад ашиглахгүй явж ирсэн юм бол?

-Яагаад гэвэл уг овоолгоос зэс ялгаж авах төсөл нь санхүүгийн хувьд өндөр эрсдэлтэй, шатах магадлалтай гээд гадаад, дотоодын олон компани, Эрдэнэт үйлдвэр өөрөө ч татгалзаж ирсэн байдаг. Манай үйлдвэрийг ашиглалтанд орон ортол олон хүн итгэхгүй, нүүр буруулж байсан. Та нар шатна даа шатна гэх мэтчилэн. Бараг л “Цагаан шиг ойгүй тэнэг хүн алга” гэж байсан шүү дээ.

-Тэгээд хийчихсэн хойно нь “оройгүй ухаантан” болгочихдоггүй юм аа гэхэд харлуулахгүй баймаар юм?

-Мэдэхгүй ээ, мэдэхгүй. Зарим хүмүүсийн шүлс ямар үед ялгардгийг би мэдэхгүй ш дээ.

-Өөрийг чинь эрдэс баялаг мэдэхгүй болохоор молиго үмхэж байна гэж тухайн үедээ хүмүүс ярьж байсныг сонсч байсан юм байна...

-Тухайн үед Монголын том бизнес эрхлэгчид хамтрахаас бүгд л татгалзаж байсан.

-Та тэгээд эрсдэл гаргасан хэрэг үү?

-Тийм, маш их эрсдэл гаргасан. Эрсдэл гаргахгүй бол шампанск уухгүй гэж Оросын зүйр үг байдаг даа.

-Хэдий хэмжээний хөрөнгө оруулсан бэ?

-Тавь, жаран сая ам.доллар.

-Ямар шугамаар босгосон хөрөнгө вэ?

-Зээл, болзолт зээл.

-Төрөөс мөнгө авсан уу?

- Нэг ч төгрөг аваагүй.

-Эрдэнэт үйлдвэрээс хөрөнгө оруулсан уу?

-Оруулаагүй. Тухайн үед Ч.Ганзориг захирал Эрдэнэт үйлдвэр нэг төгрөгийн ч хөрөнгө оруулахгүй, харин “Та шатчихаад насан туршдаа надад гомдов” гэж хэлж байсныг тод санаж байна.

-Орос захирал нь юу гэж байсан бол?

-Энэ овоолго руу хөрөнгө оруулж шатах гэж байгаа дурактай юу ярих вэ гэсэн байдалтай л байсан.

-Засгийн бондоос мөнгө авсан уу?

-Аваагүй.

-Зээл, болзолт зээл гэж та хэлсэн. Үүнийгээ хаанаас зээлсэн бэ?

-Тал нь дотоодын арилжааны банкны зээл. Санхүүжилт дундаа зогсоод нэг жил алдсан. Талыг нь олон улсын худалдааны компаниас 2020 он хүртэл бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээгээр барьцаалж зээл авсан.

-Зээлийг та өөрөө хөөцөлдөж авсануу?

-Үгүй. Миний хүү, бас Б.Бямбасайхан нар тусалсан.

-Ямар Б.Бямбасайхан билээ?

-“Нова Терра” ХХК-ийн захирал Б.Бямбасайхан. Олон улсад бизнесийн хэлээр ойлголцож, Монгол руу хөрөнгө оруулалт татаж чаддаг хуруу дарам хүмүүсийн нэг.

-Хэсэг хугацаанд хоригдсон байх аа?

-Тэр тусдаа сэдэв. Би салхины аясаар найгаж, цагийн өнгөөр өөрчлөгдөх дургүй.

-Танай хүү улс төрд орсон уу ?

-Улс төрөөс хол явахыг түүнд зөвлөдөг. Миний хүү ухаантай, боловсролтой залуу бий.

-Танай үйлдвэр хэр татвар төлдөг вэ?

-Улсын топ татвар төлөгчдийн нэг.

-Зээлээ хэзээ төлж дуусгах вэ?

-Үндсэн зээлийнхээ ард гарсан. Амьсгаа авч одоо үйлдвэрийнхээ болон Эрдэнэтийн ажилчдыг хаалттай давуу эрхийн хувьцаатайболгох ажил эхлэх гэж байна.

-Таны ярианаас харахад сөргөөр хэлэх биш эсрэгээрээ магтмаар юм бишүү?

-Цаг нь болоогүй юм байлгүй дээ.

-Нэг эвгүй асуулт шууд асуучихья. Танай үйлдвэрийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж та хоёрын бизнес гэж сонссон юм байна?

-Бодоод үз дээ. Бүхэл бүтэн улсын Ерөнхийлөгч байж, ажилтныхаа эхнэртэй, басхүүхэдтэй ньхамтраад, тэгээд хаягдал ашиглах бизнес хийнэ гэж яаж бодож, ярьж чадна вэ. Энэ бизнесийн төсөл бүр 2006 оноос эхлэлтэй. Тэгэхээр хугацааны хувьд ч, агуулгын хувьд ч утгагүй байгаа биз дээ?

-Тэгээд яагаад хариу өгдөггүй юм?

-Алийн болгонд хариу өгөх вэ дээ. Цагийн гарз. Газар хорохгүй ш дээ.

-2006 он гэхээр нэлээд эрт эхэлсэн юм биш үү?

-Англичууд, австраличууд энэ овоолгыг нөөц нь бага байна гээд Монголоос гарч яваад Казахстанд очоод манайхтай ижил анхны үйлдвэр байгуулсан. Одоо хувьцаа нь Лондонгийн хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж байгаа. Тэдний үйлдвэрийн нээлтэнд Н.Назарбаев оролцож баяр хүргэсэн байдаг. Тэнд одоо социализмын үеийн зэсийн үйлдвэрүүдийн хаягдал овоолгыг ашиглах хэд хэдэн үйлдвэр баригдаж ашиглалтанд орох гэж байна.

-Англичуудын орхиод явсан төслийг хэрэгжүүлсэн гэсэн үг үү?

-Бараг тийм. Тэр үед ажилгүй байсан, бас өвчин зовлон туулсан болохоор эрсдэл гаргахаар шийдсэн хэрэг. Олон ч бэрхшээл туулж байж ард нь гарсан даа .

-Та баян хүн үү?

-Амны билгээс ашдын билэг. Эрдэм номоор баян байхыг багаасаа хичээж ирсэн. Олон жилийн өмнө Адмоны орчуулан хэвлүүлсэн “Бусдыг мөлжихгүйгээр баяжигтун” гэдэг ном уншсан. Бусдыг мөлжихгүйгээр, бусдаас хулгай хийхгүйгээр үнэнч зүтгэж саятан болсон хүний бодит түүх л дээ. Түүнээс хойш уншдаг номны маань нэг төрөл нь бизнест амжилт олсон хүмүүсийн тухай ном зохиол болсон.

-Та тэгээд ном уншсаар байгаад баяжсан гэж хэлэх гээд байна аа даа?

-Унших, хичээх, эрсдэл гаргах гээд юм юм л хэрэгтэй байх л даа. Хулгай хийхгүйгээр, авлига авахгүйгээр амьдарч болно, бизнест амжилт гаргаж болно гэдгийг манай гэр бүлийн бизнес харуулж байгаа. Ажил муутай, эсвэл цамаан зантай айл хонь гаргачихаад арьс, толгой шийр, цувдайг нь залчихдаг шиг, Монгол Улс ашигт малтмалдаа үрэлгэн хандаж байгааг засч залруулангаа бизнес эрхэлж болдгийг харуулах зорилт тавьсан. Нэг энгийн нууц хэлэхэд,малын дайвар бүтээгдэхүүнийг боловсруулж чадвал тураг махнаасаа илүү орлоготой гэж үздэг. Түүнтэй л адил манай компани тэр "залчихдаг " хэсгийг нь ашиглаж баялаг болгохыг зорьсон. Тавантолгой гэхэд л 2 тэрбум тонн коксжих нүүрсэн дээр буюу өрмийг нь хамах гээд зодолдоод байгаа болохоос үлдсэн 4 тэрбум тонн нүүрсийг яаж ашиглах цэгцтэй бодлогогүй л байна ш дээ. Бид тэр нүүрснээс цахилгаан үйлдвэрлэж болно, хий үйдвэрлэж болно, газрын ховор элемент ялгаж авч болно, бордоо үйлдвэрлэж болно, эм үйлдвэрлэж болно, химийн үйлдвэрт ашиглаж болно гээд яриад байвал дуусахгүй.

-Та төрийн том албан тушаалуудыг хашиж явсан хүн.Танай гэр бүлийн гишүүд алтны ч юм уу, нүүрсний ч юм уу лиценз эзэмшдэг үү?

-Байхгүй.Лицензээс хол явдаг. Лиценз авч газар ухах биш, харинхаягдлыг боловсруулах зорилготой. Хэрэв засаг дэмжвэл бусад уурхайн хаягдлыг ч судалж, эдийн засгийн эргэлтэнд оруулах сонирхол байна. Ингэхдээ мэдээж дэвшилтэт өндөр технологид суурилж таарна. Итгэл, мэдлэг, технологид дулдуйдаж л баялаг бүтээнэ гэсэн үг.

-Таныг саяхан Ховдод мундаг зочид буудал бариулсан гэж сонссон?

-Манайх олны хөл тасардаггүй айл байсан. Аав маань цайгаа байнга халуун байлга гэж бидэнд захидаг байсан. Ээж маань ирсэн хүн болгоныг юу байгаагаараа дайлдаг ёстой л өндөр ээж шиг хүн байсан. Бид ах дүүсээрээ нийлж байгаад ээжийнхээ амьдарч байсан хашаан дотор, гэрийнх нь буурин дээрорчин үеийн, цомхон зочид буудал барихыг хичээсэн. Зундаа ч халуун устай, бас лифттэй буудал гээд олны ам гайгүй байгаа. Аав ээжийнхээ сургаалийг бодож,үйлчилгээгээ л байнга сайн байлга гэж дүү нартаа захиж байна даа.

-Гэрийнхээ буурин дээр босгосон гэхээр их бэлэг дэмбэрэлтэй юм. Та нийгмийн сайн сайхны төлөө ажиллаж байна гэж хэлсэн. Яг юу хийж байгаагаа хэлж болох уу?

-Би чинь Байт харвааны холбоог толгойлдог гээд олон сонгуульт ажилтай хүн. Монгол Улсаас дэлхийн анхны аварга байт харваанаас хагас зууны өмнө төрсөн. Гэтэл байтынхан маань өнөөдрийг хүртэл бэлтгэл хийх талбайгүй явж ирсэн. Байт харваа бол нас, хүйс харгалзахгүй сайхан спорт. Найман настай балчир ч наян настай буурал ч харваж болно. Энэ спортоор хичээллэх олон улсын стандартад нийцсэн өвөл, зуны байр савтай болгох ажлыг хийж байна. Манай байт харвааны багш, тамирчид гээд энэ спортод элэгтэй хүмүүс Байт харвааны 360 төвийн бүтээн байгуулалт дээр өдөр шөнөгүй ажиллаж байгааг харахад үнэхээр бахармаар. Манай С.Эрдэнэболд төслийг гардаж гялалзуулж байгаа. Та наймдугаар сарыннэгнээс өмнө Цэцэрлэгт хүрээлэнд хэзээ ч очоод тэдэнтэйуулзаж болно, юу бүтээж байгааг нь харж болно.

Мөн жилийн аль ч улиралд бэлтгэл хийдэг байт харвааны ордонтой болгох ажил эхэлсэн. Бас байт харваачдаа Токиогийн олимпийн өмнө Японд бэлтгэл хийлгэхээр тохирсон байгаа.

Нэмээд хэлэхэд, байтаас гадна олон улсын стандартад нийцсэн өвлийн спортын ордны зураг хийлгэж байна. Багынхаа мөрөөдлийг биелүүлж хойч үеэ сайхан мөсөн дэвжээ бүхий ордон, мөсөн өргөөтэй болгоно гэж бодож байгаа. Хөлдөө “канки” углаж үзсэн хүн бүрийн, хүүхэд бүрийн мөрөөдлийг биелүүлэх юмсан гэж бодож,чармайж байна.

-Ямар гоё мэдээ вэ. Хэзээ, хаана барих вэ?

-Зургийг нь монгол, канад архитекторууд хамт хийж байгаа. Улаанбаатарт барина.Тухайн үед нь олон нийтэд зарлана аа. Том төсөл шүү. Сонирхсон бүх хүмүүстэй хамтарч ажиллана. Энэ төсөл хэрэгжсэнээр Монголоос өвлийн олимпод хоёр тамирчин, 10 дарга оролцдог явдал түүх болж үлдэх байх.

-Тантай уулзаад улс төрөөс хол тэгсэн атлаа бизнес нь хаягдлаас мөнгө босгох, нийгмийн хариуцлага нь илүү холыг харсан, цас мөсний орон атлаа цагаан олимпод халуун орны хүмүүс шиг л байдаг тэр асуудлыг халах том зорилготой гэхээр сайхан санагдаж байна. Баяр хүргэе.

-Баярлалаа. Хичээнэ ээ. Манай гэрийнхэн цаг үргэлж бүтээлч гэгээтэй амьдрахыг эрхэмлэдэг. Тийм ч удам судартай хүмүүс. Удахгүй үндэсний маань их баяр наадам болох гэж байна. Наадам бол бидний тусгаар тогтнол, эрх чөлөө, эв нэгдлийн дархлаа,бас бахархал. Бөхчүүд нь эвтэй хүчтэй, хүлэг морьд нь шандастай хурдтай, эрхий мэргэн харваачид нь ончтой,цэцтэй байх болтугай. Сайхан наадаарай гэж зон олондоо хэлье.

Э.ЭНЭРЭЛ

 

 

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ