АТГ Л.Оюун-Эрдэнэ нарт хариуцлага тооцохыг хүсчээ

АТГ Л.Оюун-Эрдэнэ нарт хариуцлага тооцохыг хүсчээ

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ болон нэр бүхий гишүүд 2018 оны долдугаар сарын 10-ны өдөр УИХ-ын дарга М.Энхболдод хандаж шаардлага хүргүүлээд байгаа.   Тэгвэл тус шаардлагын зарим агуулга АТГ-ын үйл ажиллагааг хэт  мушгин гуйвуулсан гэж үзээд Авлигатай тэмцэх газраас өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд  гомдол хүргүүллээ.

УИХ-ын нэр бүхий гишүүдийн шаардлагад “АТГ нь хэрэг гомдлыг дангаараа бие даан шийдвэрлэж байгаа, улс төрийн нөлөөгөөр эрүүгийн хэргийг замхруулдаг, дарагдуулдаг” хэмээжээ.  Мөн УИХ-аас томилогддог албан тушаалтныг огцруулах, түүнийг томилсон УИХ-ын шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага гаргах нэрээр улс төрийн дарамт, шахалт үзүүлэн, ёс зүйгүй үйлдлийг удаа дараа гаргаж байгаа тул АТГ ийнхүү гомдол гаргахаас өөр аргагүйд хүрсэн гэжээ.

Авлигатай тэмцэх газар дур мэдэн аливаа эрүүгийн хэрэг, гомдол мэдээллийг дарагдуулах, замхруулах хууль эрх зүйн ямар ч боломжгүй бөгөөд Үндсэн хуульд зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх бүхий л үйл ажиллагаа прокурорын байнгын хяналт дор явагдаж, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон аливаа шийдвэр гаргах эрх прокурор, шүүхэд хадгалагддаг. Хуульд зааснаас бусад ямар ч үндэслэлээр Авлигатай тэмцэх газрын даргыг огцруулах, чөлөөлөх эрх УИХ-ын гишүүн төдийгүй бусад хэн нэгэн этгээдэд олгогдоогүй тул дээр дурдсан үндэслэл нь хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгаа талаар Авлигатай тэмцэх газраас гаргасан гомдолд дурджээ.

Мөн дээрх үйлдлээрээ УИХ-ын гишүүн төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээр өргөсөн тангаргаа зөрчин, улс төрийн сонирхлоор асуудалд хандаж, олон нийтийн шударга, үнэн зөв мэдээллээр хангагдах эрх зөрчигдөж байгаа тул Л.Оюун-Эрдэнэ болон нэр бүхий УИХ-ын гишүүдийн хууль зөрчсөн үйлдлийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж, хариуцлага тооцуулахаар Авлигатай тэмцэх газраас ийнхүү УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хандаад байна.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.