У.Хүрэлсүх: ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ болон дэд сайд, газрын дарга нарыг ажлаас нь чөлөөлнө

У.Хүрэлсүх: ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ болон дэд сайд, газрын дарга нарыг ажлаас нь чөлөөлнө

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийж, ард иргэдээсээ уучлал хүслээ.

Тэрбээр “Монгол Улсынхаа нийт ард иргэдийн оройн амгаланг айлтгая. Сая Засгийн газар хуралдлаа. Ерөнхий сайдын хувьд ард иргэддээ хандаж мэдэгдэл хийх нь зүйтэй. Учир нь 2018 оны наймдугаар сарын 9-ний орой 21:45 цагийн үед Зам, тээврийн хөгжлийн яамны гадаа тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга М, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г болон холбогдох албаны хүмүүс архи уусны улмаас нэгнийхээ аминд хүрсэн ноцтой гэмт хэрэг гарсныг манай ард иргэд мэдэж байгаа.

Талийгаачийн ар гэр, үр хүүхэд, ах дүү, хамаатан саданд Засгийн газрын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж байна. Мөн Дорноговь аймгийн Айраг сумын “Айраг” өртөөнии орчимд үер буусны улмаас 300 метр газар төмөр замын суурь бүтэц эвдэрсэн. Үүний улмаас нэг зүтгүүр, тээшний хоёр, зорчигчдын гурван вагон замаас гарсан осол боллоо.

Галт тэргэнд 328 зорчигч сууж явсан. Осол гарахаас 20 минутын өмнө Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн Олон улсын 33 дугаар галт тэрэг хэвийн явж өнгөрсөн. Түүний дараа хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, зам эвдэрсэн.  Галт тэргэнд зорчиж явсан хүмүүсийн биеийн байдлыг холбогдох албан хүмүүс хяналтад авсан. 88 хүнд эмнэлгийн анхан шатны туслалцаа үзүүлсэн байна. Хоёр хүний биеийн байдал хүнд байгаа гэсэн мэдээлэл ирсэн. Сэргээн босгох үйл ажиллагаа явуулж байна. УБТЗ-ын сэргээх засварлах анги ажиллаж, төмөр замыг хэвийн байдалд оруулахаар ажиллаж байгаа.

Бидэнд цөөнгүй ололт, амжилт байгаа. Түүний зэрэгцээ дутагдал ч бас олон байна. Энэ дутагдал бол эрдэнэт хүний амь нас эрсэдсэн үйл явдал юм. Монгол Улсын төрд ажиллаж байгаа төрийн албан хаагчид. Тэр тусмаа яамны дарга нар архидан согтуурч байгаад нэгнийхээ амь насыг хөнөөсөн явдал бол үнэхээр харамсалтай зүйл. Үүний төлөө ард түмнээсээ дахин дахин уучлал хүсч байна.

Сахилга хариуцлага, дэг журмыг бид шат шатандаа бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг энэ үйл явдал тод харууллаа. Цаашид бид төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг бэхжүүлэхийн төлөө ихээхэн анхаарал тавьж ажиллах ёстой гэдгийг дахин мэдэрлээ. Тийм учраас Зам тээврийн хөгжлийн яамыг удирдаж байгаа сайд, Төрийн нарийн бичгийн дарга, холбогдох газрын дарга нарыг өнөөдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж байна. Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ болон газрын дарга нарт ёс зүйн хариуцлага тооцож, ажлын алдаа дутагдал гаргасан үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж байна. Салбарын сайдыг УИХ-аас томилдог. Тийм болохоор парламентаар энэ асуудлыг шийдтэл Шадар сайд Ө.Энхтүвшин ЗТХЯ-ыг түр хариуцах болно.

Дэд сайд, ТНБД нарыг өнөөдрийн Засгийн газрын хурлаар ажлаас нь чөлөөлсөн.  Монголын төр шударга байх ёстой. Сахилга хариуцлага, дэг журмыг сахиулах хэрэгтэй. Тэгж байж амжилтад хүрнэ. Монголын ард түмэн ч үүнийг хүсч байгаа. Цаашдаа бид ажлаа сайжруулж, алдаа дутагдалдаа дүгнэлт хийж, төрийн албыг төлөвшүүлэх ёстой гэж үзэж байгаа. Засгийн газрын анхны хуралдаанаар бид төрийн албаны сахилга хариуцлагыг бэхжүүлэх захирамж гаргаж байсан. Гэвч өнөөдөр төрийн алба санасан зоргоор бэхжиж чадахгүй байна. Ажлын хариуцлага сул байгаа. Энэ бүхэнд хариуцлага тооцож ажиллах ёстой” хэмээн мэдэгдлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.