АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа

АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

УИХ-ын гишүүд ирэх оны төсвийн төсөлтэй холбогдуулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Сүрьеэгийн эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлэх асуудлыг төсөвт тусган шийдвэрлэх шаардлагатай байна хэмээсэн. Мөн ирэх он олимпийн наадмын өмнөх өмнөх жил. Олимпийн бэлтгэлд анхаарч тамирчдыг гадаад, дотоодын тэмцээнд оролцуулах, Биеийн тамир, спортын газрын төсвийг танахгүй байхыг хүслээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, төсвийн мөнгөөр үнэтэй автомашин, тавилга эд хогшил худалдан авч урсгал зардлыг нэмэгдүүлэхгүй ажиллахыг анхааруулав. Түүнчлэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 382 зорилтоос 129 зорилтод илүү анхаарах шаардлагатай байгааг дурдаад эдгээр зорилтыг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг улсын төсөвт тусгахыг хүссэн юм.

УИХ-ын гишүүн М.Билэгт мал, мах эскпортлох, мал аж ахуйн салбарыг дэмжих асуудалд анхаарах хэрэгтэй гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, мэргэжлийн боловсролын сургалтын төвд суралцагчдад өгдөг 70 мянган төгрөгийн тэтгэлгийг 100 мянга болгон нэмэгдүүлж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд МСҮТ-д суралцаж буй хүүхдүүд 1960-1970-аад оны тоног төхөөрөмж дээр дадлага хийж байгаад анхааран үзэж, мэргэжлийн сургалтын баазыг сайжруулж, тоног төхөөрөмжийг шинэчлэхэд тодорхой төсөв тусгах нь зүйтэй гэлээ.

Түүнчлэн гишүүд 2019 оны төсөв хүн рүү, боловсрол, эрүүл мэнд, ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглээсэй гэж гэж хүсч байгаагаа илэрхийлсэн.

Гэр хороолол руу чиглэсэн хөрөнгө оруулалт хийж, дэд бүтэц, орон сууц барихад анхаарч, нийслэлд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд бодитоор нөлөөлөхгүй байгаад дүгнэлт хийж, ажлын байрыг нэмэгдүүлж, орлогын тэгш тэнцвэртэй хуваарилалтыг бий болгоход анхаарах шаардлагатай хэмээсэн.

Мөн УИХ-ын гишүүд Төрийн албанд шинэчлэл хийж, үр дүнд суурилсан цалингийн шинэ тогтолцоонд шилжих, төвлөрийг сааруулах, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих, үүний тулд зээлийн хүүг бууруулах, том төсөл, хөтөлбөрүүдээ урагшлуулах, уул уурхайгаас гадна уламжлалт мал аж ахуйн салбарын хөгжлийн асуудлыг хөндөж байлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, 2019 оны төсөв Монгол Улсын хөгжлийн бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй хэрхэн нийцэж байгаа талаар Ерөнхий сайдаас мэдээлэл авсаны дараа төсвийн төслийг хэлэлцэх шаардлагатай гэж үзэж буй тул УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч буйг мэдэгдсэн учир хэлэлцүүлгийг хойшлууллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.