Д.Хаянхярваа: Шатахууны үнийг тогтвортой байлгах эсэхийг Засгийн газар судлах ёстой

Д.Хаянхярваа: Шатахууны үнийг тогтвортой байлгах эсэхийг Засгийн газар судлах ёстой

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Бүлгийн хурлын дараа МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, дэд дарга Б.Саранчимэг нар мэдээлэл өглөө. 

МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа "МАН-ын бүлэг хуралдаж, гурван асуудал хэлэлцэх байснаас нэгийг нь хэлэлцэж, хоёрыг нь хойшлууллаа. Эхний асуудал нь валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл байна. Энэхүү төсөл нь энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар орохоор байгаа. Хоёр дахь нь Улаанбаатарын хотын түгжрэлийг яаж багасгах вэ гэдгээр Нийслэлээс сонгогдсон гишүүд санал болгож, таван минутын танилцуулга хийх байсан. Энэ нь төсөвтэй холбогдуулж, хийгдэх ёстой танилцуулга байсан. Гурав дахь нь төсөв. Үүнээс эхний асуудлыг л хэлэлцлээ. 

Валютын зохицуулалтын тухай энэ хуулийг 1994 оноос хойш шинэчлээгүй юм байна. Одоо Монгол Улсын эдийн засаг, цаг үеийн нөхцөл байдал нэлээн өөрчлөгдсөн. Тиймээс валютын зохицуулалтын хуулийг шинэчлэх нь зүйтэй гэж УИХ-аар хэлэлцэхээр оруулж ирж байгаа юм билээ. 

Хуучин  төлбөр тооцооны асуудлыг хоёр хуулиар зохицуулж байсан бол энэ хууль батлагдвал нэг хуулиар зохицуулах юм байна. Гишүүдийн зүгээс энэ хуулийг хэлэлцээд явъя. Хэлэлцүүлгийн явцад засч залруулъя. Ингэхдээ Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг зэрэгцүүлээд хэлэлцээд явах нь зүйтэй гэж үзсэн. Ирэх долоо хоногт хэлэлцэх эсэхийг нь шийдээд УИХ руу оруулна" гэлээ.

-Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгад ам.долларын ханшийг хэрхэн зохицуулахаар тусгасан бэ? 

-Энэ хуулиар ам.долларын ханшийг шууд зохицуулна гэж ойлгож болохгүй. Гадаад валютын урсгалыг зохицуулах, валютын эргэлтийг сайжруулах асуудлыг энэ хуулиар зохицуулна. Ид ажил өрнөдөг зургаа, долоо, есдүгээр сард валютын эрэлт ихэсч үнэ өсөх хандлагатай байдаг. Түүнээс гадна олон улсад худалдааны дайн болж буйтай холбоотойгоор хөгжиж байгаа орнуудын үндэсний валютын ханш долларын эсрэг суларч байна. Импортын хэрэглээ буурч, ноос ноолууран бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэнтэй холбоотой ам.долларын ханшийг нэмэгдүүлэхгүй барих боломж бий гэж Монголбанкныхан хэлж байна. ОУВС-ын өргөтгөсөн валютын хөтөлбөрт хамрагдахад тавьсан үндсэн шалгуурт аравдугаар сард байх валютын доод хэмжээг 2.8 тэрбум ам.долларын тогтоож өгсөн. Валютын ханшийг барих нь дан ганц Монголбанкны үүрэг биш. Засгийн газар, Монголбанк хамтарч валютын нөөц барих, үнэ буулгах чиглэлд ажиллах ёстой. Валютын ханш өсөхгүй байх боломж бүрдсэн. 

-Шатахууны үнэ нэмэгдсэн байна. Энэ талд ямар арга хэмжээ авах гэж байна вэ? 

-Шатахууны үнэ өссөнтэй холбоотой хоёр санал гаргасан. Өмнө нь шатахууны үнийг НӨАТ, Онцгой албан татвараар зохицуулаад явж ирсэн. Одоо энэ хуулиар зохицуулах боломж бий эсэхийг судалж үзэхийг үүрэг болголоо. Шатахууны үнийг тогтвортой байлгах ёстойг Засгийн газар судлаж үзэх ёстой. Хоёрдугаарт, гаднын томоохон компаниудтай гэрээ байгуулж, тэдэнд тодорхой хэмжээний төлбөр төлж өөрийнхөө нутагтаа тохирсон хугацаанд үнийн хэлбэлзлээс үл хамаарч тогтвортой байлгах арга зам байдаг юм байна. Энэ аргыг судлах чиглэл өгсөн. 

-Монгол Улсын 2019 оны төсвийг хэт өөдрөг төсөв байна гэж шүүмжилж байна. Санал нэгдэх үү?

-Монгол Улсын 2019 оны төсвийн тухайд янз бүрийн байр суурь байгаа. Зарим нь экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ ханшийг хэт өөдрөгөөр төсөөлж гэж байна. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд хангалтгүй төсөв байна гэх нь байна. Ер нь Төсвийн төслийг “Яг ийм байна. Тийм байна” гэж дүгнэхэд эрт байна.

Эх сурвалж: Zaluu.com

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.