Халуун намраар ханиад дийлдэхээ болилоо

Халуун намраар ханиад дийлдэхээ болилоо

Хүүхдүүд минь бөөн бөөнөөрөө өвдөөд эхэлчихлээ. Эх хүүхдийн эрүүл мэндийн төвөөс эхлээд дүүрэг, өрхийн эмнэлгүүд ч өвдсөн шаналсан, сульдсан, аврал эрсэн хүүхдүүдийн хөлд дарагдчихлаа. Дүн өвлийн хүйтэн эхлэх яагаа ч үгүй халуун намраараа байхад хүүхдүүд минь ингэж олноороо өвдөж байгаа нь өнөөх утаа, агаарын бохирдолтой л холбоотой.

Өглөө, орой үдэш гэлтгүй хамраа хөөлсөн манцуйтай жаахнуудаас гадна халуундаа шатах шахан сульдсан, тамирдсан том хүүхдүүд ч тэврүүлэх нь тэврүүлж, үүрүүлэх нь үүрүүлсээр эмнэлгийн үүдэнд багширч байна. Тэд минь яаж өвлийг эсэн мэнд давна аа.

Эрүүл мэндийн салбараа анзаарч хайхрахгүй олон жил хаясных одоо хүүхдийн эмнэлгүүд нь ачааллаа дийлэхгүйд хүрчихсэн.

Одоогийн ажиллаж байгаа Д.Сарангэрэл сайдыг анх ажлаас авахад нь мэргэжлийн бус хүн эрүүл мэндийн салбарыг толгойлох нь гээд муучлах хүн олон байсан. Гэтэл одоо харин ч эсрэгээрээ энэ салбарын төлөө цохилох зүрхтэй сэтгэлтэй хүн ирж хэмээн салбарынхан үнэлдэг юм билээ. Гэсэн ч сайн сайд байгаад ч энэ салбарын хөгжлийг урагшлуулахад бэрх байна. 

Утаа агаарын бохирдлоо шийдчихэж чадахгүй, хүүхдийн эмнэлгээ хангалттай бариад өгчихгүй байж адаг сүүлд нь Эрүүл мэндийн сайд нь муу ажилласан, эмч ажилчид нь хариуцлагагүй гэж ичих ч үгүй дайрах хүн даанч олон байгаа байхдаа.

Хүүхдийн эмнэлэг хүрэлцээ муутайгаас таарах таарахгүй эм ууж, гэрээр дур мэдэн эмчилгээ хийлгэж байгаа олон олон хүүхэд бий. Хөөрхий тэдний минь бяцхан эд эрхтэнүүд хар багаасаа антибиотекоор бөмбөгдүүлээд ямар сайн байх вэ. Тэд маань ирээдүйд Монгол Улсын эрүүл чийрэг иргэн болох учиртай юмсан. Тэднийгээ өвтгөчихгүйхэн шиг яаж өвлийг давуулна даа.

Бодит байдал ямар байгаатай дарга нарыг зүгээр нэг явуулаад танилцуулах биш, тэднээс үүнд зориулан хийж хэрэгжүүлж байгаа бодит ажил, үр дүнг нэхмээр байна. Яг одоо эмнэлгүүдийн хүлээн авах үнэхээр нүд хальтрам дүр зурагтай байна шүү дээ. Утаа, агаарын бохирдол гэж бахирсаар бахирсаар дахиад л өвөлтэй золгочихлоо доо бид. Одоо хүүхдүүдээ яаж хамгаалах вэ гэдэг л чухал боллоо.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.