Г.Доржзодов: 60 тэрбумын нотлох баримт одоо ч надад бий

Г.Доржзодов: 60 тэрбумын нотлох баримт одоо ч надад бий

Албан тушаал наймаалцахыг санаархсан МАН-ын 60 тэрбумын асуудлыг анх олон нийтийн сүлжээнд тараасан иргэн Г.Доржзодов өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа.

Тэрбээр мэдээллийн эхэнд 60 тэрбум төгрөгтэй холбоотой асуудал авлига албан тушаалын хэрэг биш, хууль бус аргаар төрийн эрх мэдлийг гартаа авах гэсэн үйлдэл байсан шүү гэдгийг онцлов.
 
Г.Доржзодов “60 тэрбумын асуудлыг 4 жил ярьж байна. Нэлээн ажиглалаа, гүтгэлэг мэдээ мэдээллээр их дэгсдүүлж байна. Ярихгүй бол болохгүй цаг үе иржээ. Тиймээс иргэний үүргээ биелүүлж энэ мэдээллийг хийж байна.
 
2009 онд төрийн албанд тангараг өргөсөн хүний хувьд үнэнийг хэлэх ёстой. Миний бие аль нэг намын гишүүн биш, элсч ч байгаагүй.
 
Энэ хэргийг авлига албан тушаалын хэрэг гэж шалгуулсан. 60 тэрбумтай холбоотой хэрэгт мэдүүлэг, мэдээ мэдээлэл үнэн хэвээрээ. Би өгсөн мэдүүлэг, нотлох баримтаасаа буцсан зүйл байхгүй. Нотлох баримтууд бүгд бий. Үйл явдлыг дэлгэрэнгүй өгүүлсэн. Энэ бол авлига албан тушаалын хэрэг биш юмаа. Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн асуудал.
 
Миний хувьд ҮАБЗ-д ажиллаж байгаад А.Ганбаатартай танилцаж, төрийн албанд ажилд орохоор болсон тэр хүн намайг Ц.Сандуйтай танилцуулсан. Удалгүй тэд “Шинэ Монгол хаад” группэд шөнийн 00.00 цагт уулзалт хийсэн. Энэ улстөрийн ажилд нь туслаад 90 минутын бичлэгийг нь хийж өгсөн. Бичлэгээ би бүгдийг өөртөө бас авч үлдсэн. Төрийн эрхийг хууль бусаар авах гэж байгааг нь мэдэнгүүтээ иргэний үүргээ биелүүлж, олон нийтэд тараасан. Түүний дараа миний ашиглаж байсан тоног төхөөрөмжөөс олон баримтыг устгуулсан байсан. Гарсан мэдээллүүдийг хакердаж эхэлсэн.  Хууль хяналтын байгууллагаас 8 удаа тайлбар авсан. Прокурорын байгууллагаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр баримт устгагдсан нотлох баримт алга болсон гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон.

АТГ-аас хавтас хэргийг хүнээр дамжуулж олж авсан би. Түүнд Ц.Сандуй, А.Ганбаатар, М.Өлзий гэсэн гурван хүний өгсөн худлаа мэдүүлгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна билээ. Тэр гурав гурвуулаа худлаа мэдүүлэг өгсөн нь тогтоогдсон. Сүхбаатарын цагдаагийн газраас Ц.Сандуйгийн дуу хоолой мөн эвлүүлэг биш гэсэн дүгнэлтийг гаргаж байсан. Гэтэл худлаа мэдүүлэг дээр үндэслээд хоёр удаа шинжилгээ хийсэн байдаг.
 
Тагнуулын байгууллагаас гүйцэтгэх ажиллагаа явуулж нотлох баримт байж болох бүх зүйлсийг устгаж, намайг баривчилсан нь ЭБШХ-ийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон.

Тиймээс үнэн мөнийг олтол би нотлох баримтаа гаргаад явна. Улсын ерөнхий прокурорт хүсэлт гаргаж байгаа. Харьяаллын дагуу энэ хэргийг шалгаж өгөөч гэсэн хүсэлт юм. Тиймээс эцсээ хүртэл энэ хэргийн үнэнийг олохын тулд явна. Нотлох баримт одоо ч надад бий шүү. Би Үндэсний аюулгүй байдлын асуудалд санаа зовж байна” гэлээ.
 

Эх сурвалж: Оlloo.mn

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.