Алдагдсан боломжийг иргэдэд буцаан олгох ажлыг яаралтай зохион байгуулахыг шаарджээ

Алдагдсан боломжийг иргэдэд буцаан олгох ажлыг яаралтай зохион байгуулахыг шаарджээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өнөөдрийн /2018.11.01/ чуулганы нэгдсэн хуралдааныг орхилоо. Чуулганы хуралдааны эхэнд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хуралдааныг орхин гарч буй шалтгаанаа  ийнхүү тайлбарлав.

Тэрбээр “УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 2018 оны аравдугаар сарын 26-ны өдөр УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Хэрвээ энэ шаардлагын дагуу тодорхой арга хэмжээ авч, хариу ирүүлэхгүй бол УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд хуралдаануудад оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.

Өнөөдөр арваннэгдүгээр сарын 01-ний өдөр УИХ-ын даргаас хуралдааны дэгийн тухай хуулийг баримталж, хуралдаандаа орох нь зүйтэй гэсэн албан бичгийг ирүүлсэн. Харин Засгийн газраас өнөөдрийг болтол ямар ч хариу бидэнд өгөөгүй асуудал улам даамжрах шинжиндээ орж байна. Тиймээс бид дараах шаардлагыг дахин тавих шаардлагатай боллоо.

Нэгдүгээрт, УИХ-ын гишүүдийг зохион байгуулалттайгаар авлигадсан У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахыг бид дахин шаардаж байна

Хоёрдугаарт, Сонгогчдын итгэлийг хөсөрдүүлэн шударга ёс, үндэсний эрх ашгийг уландаа гишгэж, өөрийн компаниудад зээл авсан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцохыг шаардаж байна.

Гуравдугаарт, Энэ бүхнээс болж алдагдсан боломжийг иргэдэд буцаан олгох ажлыг УИХ , Засгийн газар яаралтай зохион байгуулахыг шаардаж байна.

Монгол Улсын 2019 оны төсөв нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал аж ахуйн бүх хэвшил болон хүн амын нийгмийн хөгжлийн хангах гэсэн Үндсэн хуулийн 5.4 дүгээр заалтыг ноцтой зөрчиж байгаа. Төрийн өндөр албан тушаалтнууд нь шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим байна гэсэн Үндсэн хуулийн 1.2 дугаар заалтыг ноцтой зөрчсөн байдлууд илэрч байгаа. Тиймээс эдгээр зөрчлүүдийг арилгатал УИХ дахь Ардчилсан намын бүлэг Чуулганы тухай хуулийн 4.10-т зааснаар хуралдаанд хугацаагүйгээр оролцохгүй байхаа үүгээр мэдэгдэж байна. Тиймээс бид зөрчлийг арилгасны дараа хуралдаануудад оролцох болно гэдгээ мэдэгдэж байна” гэлэ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.