Б.Батзоригийг огцруулахыг гишүүд дэмжлээ

Б.Батзоригийг огцруулахыг гишүүд дэмжлээ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ.

Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх талаар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос албан тушаалаас чөлөөлж өгөх тухай хүсэлтээ…Засгийн газрын гишүүн нь  Ерөнхий сайдад өргөн мэдүүлж болно” гэж мөн хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д Ерөнхий сайд  “Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Засгийн газрын гишүүнийг томилох, албан тушаалаас чөлөөлөх, огцруулах, Засгийн газрын гишүүнийг томилох, албан тушаалаас чөлөөлөх, огцруулах тухай саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж тус тус заасан гэдгийг дурдав.

Б.Батзориг нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Жижиг, дунд үйлдвэрийн сантай холбоотой асуудлаар хариуцлага хүлээж, Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын   Ерөнхий сайдад албан ёсоор гаргасан. Иймд Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналыг хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэн, танилцуулж байна гэж Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулгадаа дурдлаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй.

Иймд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Ерөнхий сайдын саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.